Байгууллага, ААН-үүдийг ажлын цагаа богиносгож, гэрээсээ ажиллах боломжоор хангахыг уриаллаа
2020.02.14

Байгууллага, ААН-үүдийг ажлын цагаа богиносгож, гэрээсээ ажиллах боломжоор хангахыг уриаллаа

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгчийн зөвлөлийн хурлаас Ерөнхий зөвлөлийн ажлын албаны ажилтнууд, харьяа газрууд, гишүүн байгууллагуудад хандаж коронавирусийн халдвараас хүн амыг урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох газруудаас гарсан шийдвэрийг үндэслэн 0-12 насны хүүхэдтэй ажилтан, албан хаагчдыг гуравдугаар сарын 2-ныг хүртэл богиносгосон цагаар буюу 09:00-15:30 цагийн хооронд ажиллуулахаар болжээ.

Мөн өчигдрөөс Улсын Онцгой комиссоос хэсэгчлэн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан уг арга хэмжээг илүү өргөн хүрээнд зохион байгуулах, зарим алба, хэлтсийн ажилчдыг гэрээр ажиллах боломжоор хангах, ажлын уялдаа холбоог сайжруулах болон хөдөлмөрлөх эрхтэй холбоотой санал, гомдол хүлээн авах жижүүрийн шуурхай утас ажиллуулах шийдвэр гаргасан байна.

Иймд коронавирусийн нөлөөгөөр үүссэн нөхцөл байдалтай уялдуулан нийт албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг ч ийнхүү тодорхой зохицуулалт, арга хэмжээ авахыг уриалжээ.