Ө.Энхтүвшин: 174 иргэнийг тусгаарлан тандалт судалгаа, лабораторийн шинжилгээ хийхэд халдвар илрээгүй
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2020.02.19) хуралдаанаар Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин УОК, Засгийн Газраас Covid-19 вирусын халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулга хийлээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр 26 орны 74.236 хүн COVID-19 вирусээр халдварлаж, 2007 хүн нас барсан (үүнээс 2004 нь БНХАУ-ын иргэн) байна. Монгол Улсад 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрөөс 2 дугаар сарын 17-ны өдрийн хугацаанд Улаанбаатар хот, Архангай, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймагт “COVID-19” вирусийн халдвар гарсан улс орноор зорчсон, халуурсан гэсэн өгүүлэмжтэй, сэжигтэй тохиолдол бүхий нийт 174 иргэнийг тусгаарлан тандалт судалгаа, лабораторийн шинжилгээ хийхэд халдвар илрээгүй гэдгийг Шадар сайд мэдээлэлдээ онцолсон.
Мөн тэрбээр, үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газрын “Шинэ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 2020 оны 30 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн яаманд эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур, хувийн хамгаалах хувцас, хэрэглэл, ариутгал халдваргүйтгэлийн бодис, иргэдэд сургалт, сурталчилгаа явуулах, сэрэмжүүлэг, зөвлөмж хэвлүүлэх зардалд 4.3 тэрбум төгрөг, Хилийн боомт дахь мэргэжлийн хяналтын байгууллагад шаардлагатай тоног төхөөрөмжийн зардалд 1.2 тэрбум төгрөг, нийт 5.5 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн.
Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг зохион байгуулах салбар дундын төлөвлөгөөг боловсруулж, Улсын онцгой комиссын даргаар батлуулан, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 30 дугаар тогтоолоор БНХАУ-тай хиллэх хилийн авто замын боомтоор тээврийн хэрэгсэл болон явганаар нэвтрэх зорчигчийн хөдөлгөөнд түр хугацаагаар хязгаарлалт хийсэн, Засгийн газрын 2020 оны 39 дүгээр тогтоолоор Монгол, Хятадын хилийн Даян-Хуньшанзюй, Байтаг-Улиастай, Бургастай-Лаоемяо, Сүмбэр-Рашаан, Хавирга-Архашаат авто замын боомтуудыг түр хааж, БНХАУ-аас ирэх Монгол Улсын иргэдийг 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдрийг хүртэлх хугацаанд авто замын Булган-Такашикэн, Баянхошуу-Өвдөг, төмөр замын Замын-Үүд-Эрээний боомтоор болон агаарын замын Буянт-Ухаа (Чингис хаан олон улсын нисэх буудал) боомтоор, мөн оны 2 дугаар сарын 6-ны өдрөөс 3 дугаар сарын 2-ны өдөр хүртэлх хугацаанд агаарын замын Буянт-Ухаа боомт болон төмөр замын Замын-Үүд-Эрээний боомтоор олон улсын галт тэргээр улсын хил нэвтрүүлсэн энэ хугацаанд БНХАУ-аас 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс 2 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Монгол Улсын хилээр 6606 тээврийн хэрэгсэл, 17108 зорчигч нэвтрүүлсэн бөгөөд коронавирусийн сэжигтэй тохиолдол илрээгүй гэж байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 62 дугаар тогтоолоор засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбогдуулан Улсын онцгой комиссын даргын 2020 оны 4 дүгээр тушаалаар “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний удирдамж”-ийг батлан аймаг, нийслэл, яам, агентлагуудад хүргүүлсэн.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 63 дугаар тогтоолоор Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоорондын авто зам, төмөр зам болон агаарын замаар нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 3 дугаар сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаанд түр зогсоолоо. БНХАУ-ын Хубэй мужийн зэргэлдээ орших Хунань мужид шувууны томуугийн (H5N1) вирусийн халдварын дэгдэлт бүртгэгдсэнтэй холбоотойгоор 3 дугаар сарын 2-ны өдөр хүртэл Монгол Улсын хилээр шувууны мах, өндөг, тэжээл оруулахыг хориглосон.
Улсын онцгой комиссын 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 2 дугаар хуралдаанаар шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх талаар Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг шуурхай зохион байгуулах, мэргэжлийн байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлагаар хангах чиг үүрэгтэй Шуурхай ажлын хэсгийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлээр ахлуулан байгуулаад ажиллаж байна. Улсын онцгой комиссын даргын 2020 оны 4 дүгээр тушаал, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн А/50 дугаар тушаалаар “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт” шилжүүлж ажлын тусгай горимоор ажиллахыг Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагч нарт үүрэг болгож, гамшгаас хамгаалах улсын албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, шуурхай удирдлагаар хангах, мэдээ мэдээлэл солилцох, чиг үүрэгтэй “Шуурхай штаб”-ыг байгуулан ажиллаж байгааг Улсын онцгой комиссын дарга мэдээлэлдээ тодотгосон.
БНХАУ-ын Ухань хотод суралцаж амьдардаг Монгол Улсын 31 (үүнд 1 хүүхэд) иргэнийг 2 дугаар сарын 1-ний өдөр “МИАТ” ТӨХК-ийн агаарын хөлгөөр татан гаргаж, Халдварт өвчин судлалын үндэсний төвд 2 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 14 хоног тусгаарлан, вирус судлалын шинжилгээг 2 удаа хийхэд коронавирус илрээгүй болно. БНХАУ-ын Эрээн хотоос Монгол Улсын 104 иргэнийг “Замын-Үүд” боомтоор 2 дугаар сарын 15-ны өдөр татан авч Замын-Үүд сумын 3 зочид буудалд 103 иргэнийг, коронавирусийн сэжигтэй байж болзошгүй 1 иргэнийг тус сумын Нэгдсэн эмнэлэгт тусгаарлан хяналт тавьж байна.
Улсын онцгой комиссын даргын 2020 оны 2 дугаар тушаалаар томилогдсон шуурхай бүлэг 2020 оны 2 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь “Замын-Үүд”, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь “Гашуунсухайт”, Гурвантэс сум дахь “Шивээхүрэн”, Улаанбаатар хот дахь “Буянт-Ухаа” боомтын үйл ажиллагаа, шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх талаар хэрэгжүүлж буй арга хэмжээ, мэргэжлийн байгууллагуудын бэлтгэл, бэлэн байдалтай танилцаж үүрэг чиглэл өгсөн.Өмчийн хэлбэр харгалзахгүй 423 их, дээд сургууль, 48 мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, 610 ерөнхий боловсролын сургууль, 825 цэцэрлэгийн үйл ажиллагааг 1 дүгээр сарын 27-ны өдрөөс 3 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл түр зогсоож, 2 дугаар сарын 3-ны өдрөөс 3 дугаар сарын 2-ны өдрийг дуустал өргөн нэвтрүүлгийн 18 телевизийн сувгаар теле сургалт зохион байгууллаа.
Өнөөдөр Засгийн газрын хуралдаан болж, Монгол Улсын Хилийн тухай хуулийн 21.2, 28.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.3.3 заасныг тус тус үндэслэн БНХАУ-д гарсан шинэ коронавирусийн халдвар тархалт буурахгүй байгаатай холбогдуулан халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн шийдвэрийг 2020 оны 3 дугаар сарын 30-ний өдрийг хүртэл сунгахаар шийдвэрлэлээ. Олон нийтийг хамарсан урлаг, спортын нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахгүй байх, хүүхдийн зуслан, тоглоомын газруудыг ажиллуулахгүй байх, кино үзвэрийн газарт 18 наснаас доош хүүхдийг оруулахгүй байх арга хэмжээг авч, хяналт тавин ажиллаж байна.