Коронавирус: Ерөнхий сайд У.Хүрэлсүх зоригтой, мэдрэмжтэй ажиллаж байна
2020.02.24

Коронавирус: Ерөнхий сайд У.Хүрэлсүх зоригтой, мэдрэмжтэй ажиллаж байна

Хотол төгс хэмээх төмөр хулгана жилийн шинэ нэгэн тохиож, төр засгийн шийдвэрээ хүндэтгэн монгол түмэн гэр гэртээ сар шинийн баяраа тэмдэглэж байна. Хятадад дэлгэрсэн үхлийн аюул дэлхийд түгшүүр зарлаж, олон орон үүд хаалгаа “түгжих” арга хэмжээ авсан. Монголын төр ч сар шинийн өдрүүдэд амрах завгүй ард иргэдээ аюул заналаас хамгаалах бүхий л арга хэмжээг авсаар байгаа билээ.

Шинэ коронавирус анх дэгдсэн Хятадын өвчлөл буурахгүй, нас  баралт хэвээр, Өмнөд Солонгос улс өнөөдөр үхлийн хоёр дахь том голомт болсноор монголчуудын эрсдэл улам ч нэмэгдэж байна. Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинэ коронавирусын  халдвар эрчимтэй тархаж буй  Өмнөд Солонгосын чиглэл дэх Монголын нислэгүүдийг яаралтай цуцлах чиглэлийг Улсын онцгой комисст өгсөн байна.  Улсын онцгой комисс өнөөдөр 14.00 цагаас хуралдах аж.

Учир нь, өчигдөр /2020.02.23/ Сөүлийн онгоцноос сүмийн зургаан итгэгч Улаанбаатарт газардсан нь монголчуудыг бухимдуулсан. Монголын төр засгаас яаралтай авч буй арга хэмжээнүүдийг гадаадын хэвлэлүүд онцлон бичсээр байна. Тахал анх дэлгэрсэн Хятад Улстай Монгол хил залгаа оршдог.

Гэтэл Хятадад олон мянган хүн уг өвчнөөр өвчилж, хоногт зуу, зуугаараа амиа алдаж буй энэ үед Монголын төр дорвитой арга хэмжээ авсны үндсэн дээр ард түмнээ аюулт өвчнөөс урьдчилан сэргийлж чадаж байгааг Өмнөд Солонгосын “Жунан Илбу” сонинд  сайшаан бичсэний дор олон арван солонгос иргэн төр засаг нь дорвитой арга хэмжээ авахгүй байгаад Хөх ордны эзнийг буруутгасан байна. “Монгол Улсын гайхамшгийн нууц” гарчигтэй уг нийтлэлд “Хятад улстай 5000 км газраар хиллэдэг Монгол Улсын хувьд  хоёрдугаар сарын 22-ны өдрийн байдлаар шинэ коронавирусийн халдвар тээгч гараагүй байна.

Энэ нь асар том эдийн засгийн хохирол амсахаас үл айн дээд зэргийн хүчтэй хамгаалалтын бодлогын үр дүн. Монголын Засгийн газар энэ сарын эхээс Хятад иргэдийг нэвтрүүлэхийг хориглон, Хятад руу ирж очдог нислэгээ хүртэл зогсоосон байна.

Хятад улс руу нүүрсний экспортоо гуравдугаар сарын 2 хүртэл зогсоожээ. Энэ нь тээврийн жолооч нарыг халдвар авахаас сэргийлсэн бодлого юм. Монгол Улс нь  хамгийн том худалдааны харилцагч болох Хятад улстай хийдэг экспортын тал шахам хувийг эзэлдэг нүүрсэндээ түшиглэдэг эдийн засагтай боловч хамгийн том арга хэмжээгээ авсан нь энэ юм.

Мөн өөр бусад эрсдэлтэй шийдвэрийг ч гаргав.  Монголын Засгийн газар дунд сургуулийн улирлын амралтыг сунган, дэлхий даяар хомсдолд орсон маскны үйлдвэрлэлд цэрэг дайчдыг дайчлан ажиллуулж байна. Тэд мөн онцгой байдлын үеийн хорио цээрийн байгууламжуудаа яаралтай хийж байгаа”-г онцлоод Монголын сар шинийн баяраа цуцалсан талаар ч дурджээ. Зөвхөн Солонгосын хэвлэлүүд ч биш Хятадын иргэд, Японы, ОХУ-ын хэвлэлүүд “Монголын гайхамшгийн нууц”-ыг сонирхож буйн цаана ердөө л цаг алдалгүй хурдтай мэдрэмжтэй авч буй арга хэмжээнүүд.

Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй эдгээр “хориглолт, хязгаарлалт, цуцлалт” бол Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шийдвэр байх нь мэдээж. Засгийн газрын тэргүүн өмнө нь Шадар сайдын албыг удаа дараа хашч ирсний хувьд мэдрэмжтэй, хурдтай ажиллаж буйг сайшаах нь зөв биз.

Мэдээж, экспорт, импортын дийлэнх хувийг хангадаг Хятадтай хиллэдэг бүх үүд хаалга цоожилж, нүүрсний тээврээ зогсоосноор эдийн засагт хохирол дагуулах нь дамжиггүй. Гэхдээ, улсын Ерөнхий сайдын хувьд У.Хүрэлсүхийн хувьд ард иргэдийн амь нас экспорт, импортоос илүү чухал юм. Тэр утгаараа зоригтой шийдвэрүүдийг цаг тухайд нь яаралтай авч байгаа нь зөв. Хэрэв энэ тахлыг монголчууд эв нэгдэлтэй, хариуцлагатай давж чадвал “Монголын гайхамшгийн нууц” олон улсад гайхагдаж таарна.