2020.02.19

Б.Бат-Эрдэнэ: Convid-19 вирусын халдвараас тусгаарлан сэргийлэх арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлж байна вэ?

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2020.02.19) хуралдаанаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин “COVID-19” вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний” талаар мэдээлэл хийлээ. 

Гишүүд мэдээллийн дараа асуулт асууж хариулт авав. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Дэлхий нийтийг цочроож буй аюулт хижиг тахал өвчний үеэр Монгол улсын төр бүх түвшиндөө хариуцлагатай ажиллаж байна. Хилээ хаах арга хэмжээ ав. БНХАУ-ын тахал нүүрлээд байгаа мужийн иргэдэд туслах хөдөлгөөнийг зохион байгуулаач гэсэн асуудлыг хэлсэн. Үдээс хойших Засгийн газрын хурлаар энэ асуудлыг шийдвэрлэсэн. 

Иргэдээ гаднаас татаж авч байгаа тусгаарлан сэргийлэх байр бэлдэж байгаа зүйл байна уу? Сумын нэгдсэн эмнэлэг, буудал зэрэгт тусгаарлаад байгаа юм байна. Энэ дээр анхаарал тавьж байгаа зүйл байна уу? Мөн фитнессийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргахгүй юм уу? тэр зааланд агаарын хангамж ямар байх билээ.

Хэрвээ халдвар илэрвэл маш хурдан тархах эрсдэлтэй байна. Мөн бар цэнгээний газруудыг хаах арга хэмжээ авсан зүйл байна уу? Эдийн засгийн хувьд хүндрэл гарах эрсдэлтэй. Энэ асуудлууд дээр ямар арга хэмжээ авч ажиллах вэ? 

Түүний асуултанд Эрүүл мэндий яамны дэд сайд Л.Бямбасүрэн хариуллаа.