ҮАБЗ-ийн чиглэлийн дагуу 100 мянган тонн улаан буудай нэмж оруулж ирнэ
2020.03.04

ҮАБЗ-ийн чиглэлийн дагуу 100 мянган тонн улаан буудай нэмж оруулж ирнэ

Өнөөдөр /2020.03.04/ Засгийн газрын хуралдаанаар стратегийн гол нэр төрлийн хүнсний  бараа болох үрийн улаан буудай, хүнсний улаан буудай, цагаан будаа, шар будаа, гурвалжин будаа, ургамлын тос, элсэн чихэр импортлоход гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн.

Энэ талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээлэл өгч байна.

Тэрбээр дэлхий дахинд коронавирусний тархалт эзэгтэй байгаа учраас улс орнууд экспорт, импортын зохицуулалтуудыг хийх шаардлага үүсэж байна. Манай улсын тухайд дотооддоо үйлдвэрлэдэг хүнсний бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ. 100 хувь импортоор авдаг будаа, элсэн чихэр, ургамлын тос зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүдийн нийлүүлэлтийг тогтвортой байлгахын тулд эдгээр барааны гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх хугацааг хууль батлагдтал хоёр хүртэл сараар сунгахаар шийдвэрлэж байна. Түүнчлэн 2020 оны гуравдугаар сарын 1-нээс зургаадугаар сарын 30-ны өдрийг хүртэл гаалийн болон импортын барааны нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг ойрын хугацаанд УИХ-д өргөн барьж, батлуулахаар болж байна.

Монгол Улс жилдээ 225 мянган тонн гурил хэрэглэдэг. Ийм хэмжээний гурил бэлтгэхийн тулд  300 мянган тонн сайн чанарын улаан буудай хэрэгтэй болдог. Энэ жилийн тухайд  247 мянган тонн улаан буудай тушаагдсан. Цаана нь гурилаа үйлдвэрлэхэд 60 мянган тонн улаан буудайн хэрэгцээ байгаа учраас нөөц бүрдүүлэх хэрэгцээ шаардлага гарсан.

Коронавирусний улмаас улсын хэмжээнд хүнсний нөөцийг улирлын хэрэгцээг хангаж чадахуйц хэмжээнд байлгах чиглэлийг ҮАБЗ-өөс өгсөн. Тиймээс дахиад нэмж 100 мянган тонн улаан буудай оруулж ирэхээр болж байна.

Махны тухайд улсын хэмжээнд 12 мянган тонн мах бэлдсэн. Энэ сарын 1-нээс 279 цэгээр нөөцийн мах борлуулах ажил эхэлж байна. 2020 он гарснаас хойш махны экспорт хязгаарлагдсан. 60 гаруй аж ахуйн нэгжид бэлдсэн мах бий. Хорио цээр тавигдахаар шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдэд экспортод гаргах эрхийг нь олгоно гэв.