0-5 насны гурваас дээш хүүхэдтэй эхчүүдэд цалинтай чөлөө олгоно
Улсын Онцгой комисс хуралдлаа. Хуралдаанаар 0-5 насны гурав ба түүнээс дээш хүүхэдтэй эхчүүдэд гуравдугаар сарын 30-ний өдрийг хүртэл гэрээс нь цахимаар ажлаа хийх боломжоор хангах, хэрвээ гэрээсээ ажиллах боломжгүй бол цалинтай чөлөө олгохоор болжээ.
Дэлхийн таван тивийн 100 гаруй улс орны хүн амыг хамран тархаж, цар тахлын хэмжээнд хүрч болзошгүй нөхцлийг үүсгээд байгаа шинэ COVID-19 халдвараас урьчилан сэргийлэх ажлыг улс орон, нийслэл даяар хэрэгжүүлэхтэй холбогдуулан улс, нийслэлийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, энэ хүрээнд сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг 2020 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоогоод байгаа билээ.
Энэхүү шийдвэртэй холбогдуулан эцэг эхчүүд бага насны хүүхдүүдээ орхиж ажлаа эрхлэх болсноор гэртээ үлдэж байгаа хүүхэд багачууд аливаа эрсдэлд өртөж болзошгүй байдал үүсэж байгаатай холбогдуулан энэхүү шийдвэрийг гаргаж байгаа аж.
Дашрамд мэдээллэхэд халдвар авсан Франц улсын иргэн Улаанбаатар хотод байрлах хугацаанда KFC түргэн хоолны сүлжээ ресторанаар үйлчлүүлсэн. Улмаар тус хоолны газрын ажилтан өндөр халуурсан талаар мэдээлэл тархсан. Үүнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "KFC-ийн ажилчид халуураагүй. Нэг ч ажилчин халуурсан байдалтай ХӨСҮТ-д хандаагүй" гэж мэдэгдлээ.