Монгол-Япон сургалтын эмнэлгийн санхүүжилт, техник, тоног төхөөрөмжийг цогцоор нь шийднэ
2020.03.20

Монгол-Япон сургалтын эмнэлгийн санхүүжилт, техник, тоног төхөөрөмжийг цогцоор нь шийднэ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр АШУҮИС-ийн Монгол-Япон сургалтын эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа. Ё.Баатарбилэг сайд, Япон Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Кобаяаши Хироюки, БСШУСЯ, ЭМЯ, Сангийн яамны холбогдох газрын дарга, АШУҮИС-ийн удирдлагууд тус эмнэлгийн яаралтай тусламж, мэс засал, дуран зэрэг хэд хэдэн тасгаар орсны дараа эмч, мэргэжилтнүүдтэй уулзав.

АШУҮИС-ийн судалгаа, эрдэм, шинжилгээ, сургалтын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг болоод буй тус эмнэлгийн төслийг Монгол, Японы Засгийн газар хооронд 2014 онд гэрээ байгуулсны дүнд Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр 2015-2019 онд хэрэгжүүлж, барилгын ажлыг гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэн өгсөн юм.

Анх Эрүүл мэндийн яамны харьяанд байгуулсан боловч, цаашид АШУҮИС-ийг төгсөн гарч буй эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх эрүүл мэндийн салбарын бодлого, эрэлт хэрэгцээнд нийцсэн хүний нөөцийг бэлтгэхэд чухал үүрэгтэй гэж

үзсэн учраас Засгийн газрын 2020 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар БСШУС-ын яамны эрхлэх асуудлын хүрээнд шилжүүлсэн юм. Тиймээс салбарын сайд сургалтын эмнэлгийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, эмч, мэргэжилтнүүдийн саналыг сонсож, холбогдох шийдвэрийг танилцууллаа.

Хүний нөөц хангалттай бэлтгэгдсэн ч санхүүжилтээс болж зарим тоног төхөөрөмжөө ашиглаж чадахгүй байгаагаа эмч, мэргэжилтнүүд хэлж байлаа. Түүнчлэн эмнэлэг дээр өр үүсч, эм, урвалж бодис, эмнэлгийн хэрэгсэлийн дутагдалд оржээ.

Сайд Ё.Баатарбилэг эхний ээлжинд эмнэлгийн хэвийн үйл ажиллагаанд нэн шаардлагатай байгаа урсгал зардлыг Засгийн газар, холбогдох яамд хамтран шийдвэрлэнэ гэдгээ илэрхийллээ. Түүнээс гадна дутагдалтай байгаа 10 гаруй тэрбум төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн тоног, төхөөрөмжийг Дэлхийн банкны санхүүжилтээр шийдэхээр болж байгаа, Сангийн яам холбогдох хэлэлцээрийг хийсний дараа ажлыг нэн даруй эхлүүлнэ. Бусад төхөөрөмжид шаардлагатай 2.3 тэрбум төгрөгийн асуудлыг төсөвт суулгаж өгсөн гэлээ.

Мөн эмнэлэг дээр үүсээд буй 800 гаруй сая төгрөгийн өрийг шийдвэрлэхээр боллоо. Ингэснээр эмнэлгийн үйл ажиллагаа жигдэрч, бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжтой болох юм.