Дуусаагүй барилгуудад хөрөнгө оруулалт хийхэд МСС-гийн тусламжийг ашиглах санал оруулна
Дуусаагүй барилгуудад хөрөнгө оруулалт хийхэд МСС-гийн тусламжийг ашиглах санал оруулна
УИХ-ын гишүүн, Зам Тээвэр Барилга Хот Байгуулалтын сайд Х.Баттулга Монголын Барилгын Үндэсний ассоциацийн ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн О.Чулуунбат, ассоциацийн тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Баттөр болон удирдлагын зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзав. Уулзалтад дэд сайд А.Гансүх, Яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, газрын дарга нар оролцлоо.
Сүүлийн үед барилгын салбарт хөрөнгө оруулалт шаардлагатай, аж ахуйн нэгжүүд зээл, зээлийн хүүгийн дарамтад орсон учраас Мянганы сорилын сангаас олгож буй тусламжийн 188 сая ам долларыг дуусаагүй барилгыг санхүүжүүлэхэд ашиглах талаар ярилцав. Энэ саналаа ЗТБХБЯ, МБҮА хамтран Засгийн газарт оруулж, УИХ холбогдох байгууллагын шийдвэр гаргуулахын төлөө ажиллахаар тохиролцов.
Барилгын байгууллагын санхүүгийн тогтвортой үйл ажиллагаанд эрх зүйн таатай орчин буй болгоход Ипотекийн тухай хуулийг яаралтай батлуулахад хоёр тал ойрын хугацаанд цаг алдахгүйгээр ажиллахаар боллоо.
Цаашдаа ЗТБХБ яам, МБҮА хамтран ажиллах төлөвлөгөө гарган ажиллах юм байна.