2009.04.10

Х.Баттулга: Барилгын салбарт хөрөнгө оруулалт татахад хууль эрх зүйн орчин чухал

Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгатай ярилцлаа.

-Монгол Улсын дэд бүтцийн олон зангилаа барилга, хот байгуулалт, зам тээврийн асуудал танай яаманд төвлөрч байна. Ирэх дөрвөн жилд дэвшүүлж буй зорилтууд, нэн тэргүүнд шийдвэрлэх ямар ажил байна вэ?

-Бага, дунд орлоготой иргэдийг байртай болгоход анхаарч, гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийг үргэлжлүүлэн нийслэл болон орон нутагт 100 мянган айлын орон сууц барих төсөл боловсруулж хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийг үргэлжлүүлэх явцад ажилгүйдэл багасах боломжтой. Барилгын материалын үйлдвэрлэл, хангамж нөөцийн асуудлыг сайтар судлан төсөлд тусгаж хэрэгжүүлнэ. Ази, Европыг холбосон орон зайгаа ашиглаж, олон улсын авто замын сүлжээнд холбогдох Замын-Үүд-Улаанбаатар-Алтанбулаг чиглэлийн хурдны зам болон аймгийн төвүүдийг нийслэл хоттой холбосон хатуу хучилттай авто зам барина.

Тээврийн салбарт техник, технологийг шинэчлэх хүрээнд стандартын шаардлага хангасан их багтаамжийн 400 автобусаар парк шинэчилж, нийтийн тээврийн үйлчилгээнд хийн түлшээр ажилладаг 2000-аас доошгүй таксигаар хангахад төрөөс дэмжлэг үзүүлнэ.

Монгол Улсын төмөр замын тээврийн дамжин өнгөрүүлэх чадавхийг сайжруулж, хөдлөх бүрэлдэхүүний паркийг 20 зүтгүүр, 2000 вагоноор нэмэгдүүлнэ. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхийн тулд суурь судалгаа, эдийн засгийн тооцоолол хийх хэрэгтэй. Тийм учраас ирэх дөрвөн жилд энэ бүхнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг байгуулна. Ингэхдээ хувийн хэвшлийн салбар бүрээс төлөөлөгч оролцуулан бүрдүүлэх бодолтой байна.

-Засгийн газар дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих томоохон хөтөлбөрүүдээрээ хувийн хэвшлийг уриалан дууддаг. Хууль эрх зүйн орчин нь бүрдээгүй, зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, ажиллах хүчний асуудлаа шийдээгүй томоохон төслүүд гацаанд ордог. Энэ удаагийн төсөл хөтөлбөрүүдийн судалгааны ажил хэрхэн явагдах, яаж хэрэгжүүлэх вэ?

-Дан ганц статистикийн мэдээллүүдээр судалгаа хийхэд хэцүү. Мөн хуучирсан норм, нормативыг баримтлах боломжгүй. Тэгэхээр судалгаа, төлөвлөгөөнд цаг хугацаа, хөрөнгө хүч зарцуулах ёстой, ингэснээр бид нэг алхам түрүүлнэ. 100 000 айлын орон сууц гэдэг бол бидний зорилт. Энэ хөтөлбөрийг даган маш их бүтээн байгуулалт өрнөнө. Зорилт дэвшүүлж болно, гол нь үүнийг яаж хэрэгжүүлэх вэ гэдэг л чухал. Ажиллах хүчнээс гадна барилгын материалын үйлдвэрлэл, хангамж гэж том асуудал байна. Амьдрал , практик дээр хэрэгжихүйц зорилтуудыг мэргэжлийн төрийн бус байгууллагууд болон салбарын хувийн хэвшлийнхэн, мэргэжлийн судалгааны багууд, статистикийн мэдээлэлд тулгуурлан судалж, төлөвлөж тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлэх болно.

-Яамд болон нийслэл, орон нутгийн засаг захиргаа хоорондын зорилго, төлөвлөлт уялдаагүйгээс болж олон хөтөлбөр мухардалд орсон. Энэ тал дээр эхнээсээ ямар зохицуулалт хийж байгаа вэ?

-Өмнөх хөтөлбөр, зорилтуудыг бид судалж үзсэн, зайлшгүй үргэлжлүүлэх шаардлагатай ажил ч байна. Харин замын салбар дээр сэтгэл дундуур байгаа. Энэ жилийн ажлын хэрэгжилт 30 хувьтай байгаа нь бүх төрлийн үнийн өсөлттэй холбоотой. Ерөнхийдөө зорилтуудаа практик амьдралтай ойр болгох төлөвлөгөөтэй байна. Өмнөх зорилтуудыг харахад, хөгжүүлэхэд нь дэмжих гэх мэтчилэн хэтэрхий ерөнхий лоозон маягтай юмнууд анзаарагдсан. Бид салбарын бусад яам, хотын захиргааны ажилтай зорилтуудаа уялдуулан дэвшүүлж байна. Энэ Засгийн газрын зорилт арай ондоо харагдаж байна. Зорилтууд тодорхой, тоо баримттай, нүдэнд харагдахуйц бодит ажил болохоор байгаа. Хамгийн гол нь, үүнийг хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчин бий болгох нь нэн тэргүүний ажил. Тэгвэл аяндаа хуулиараа зохицуулагдаад явчихна. Зах зээлийн эдийн засагт шилжиж байгаа манай улсад хоорондоо уялдаагүй олон асуудлуудыг нэн даруй зохицуулахын тулд холбогдох хууль, дүрэм, журмыг даруй баталж дагаж мөрдөх нь томоохон зорилтуудыг хэрэгжүүлэх гарц болно.

-Барилгын салбарын таван хууль өргөн баригдаад хоёр жил гаруй болж байж өнгөрсөн хоёрдугаар сард хоёр хууль батлагдсан. Маш олон хууль батлагдаж байж бүтээн байгуулалтын энэ томоохон төсөл, хөтөлбөрүүд зогсолтгүй үргэлжлэх ёстой байх?

-Барилгын салбартай холбоотой хуулиудыг батлуулах, батлагдсаныг нь хэрэгжүүлэх дүрэм, журмыг боловсронгуй болгож нэн даруй батлах ёстой. Хууль, дүрэм, журам боловсруулахад манай яам голлох үүрэг гүйцэтгэнэ. Хүмүүс ч үүнийг дэмжих байх. Бид батлуулахын төлөө ажиллана. Батлуулснаараа бид ажлаа хөнгөвчилж байгаа. Ингэснээр хөрөнгө оруулагчид, гүйцэтгэгч, төр захиргааны байгууллагуудын уялдаа холбоо сайжирч, ажил хурдан бүтнэ. Яам, салбарын хэмжээнд чиглэл бүр дээр хууль боловсруулах ажлын хэсэг байгуулж үүнийг салбарын хувийн хэвшлийнхэн, мэргэжилтнүүдийн дунд нээлттэй хэлэлцүүлэн сайтар боловсруулах нь чухал байна. Хоорондоо уялдаа холбоотой сайн боловсруулагдсан багц хуулиудыг УИХ-д өргөн барьж батлуулах шаардлагатай.

-Үнэ бүрдэлт, норм нормативыг шинэчлэх асуудал дээр?

-Барилга, замын норм норматив их хоцрогдсон, шинэчлэх шаардлагатай. Ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа. Барилгын үнэ бүрдүүлэлтийн тогтолцоог зах зээлийн харилцаанд шилжүүлэх, норм нормативыг цахим хэлбэрт оруулах зэргээр барилгын норм, дүрмийг шинэчлэх, боловсронгуй болгох, судалгаа, мэдээллээр хангах, тухай бүрт нь сургалт явуулах зэргээр барилгын салбарын эрдэм шинжилгээний байгууллагын үйл ажиллагааны хүрээг өргөжүүлье гэж бодож байна. Одоо байгаа норм нормативоор барилгын үнийг бодоход бодит байдлаас мэдээж зөрнө. Тоо баримт нь амьдрал дээр буухуйц үнэн зөв байхгүй бол үл ойлголцол алхам тутамд гарна.

-Практик дээр шинэ материал, шинэ технологи маш хурдан орж ирж байна. Бүтээгдэхүүний стандарт батлах, шинэ технологиудын норм норматив батлах ажил маш удаан явагддаг?

-Шинжлэх ухаан, технологийн төслүүдийг хот суурин барьж байгуулах, барилга, авто зам, эрчим хүчний салбарын үйлдвэрлэлийн техник, технологийн түвшинг дээшлүүлэх, импортоор авдаг материал, түүхий эд, техник, сэлбэг хэрэгслийг эх орондоо үйлдвэрлэх, өөрийн орны эрдэс түүхий эдийг бүрэн боловсруулах гэх мэт анхаарах юм их байна. Мөн хөдөлмөр зарцуулалт ихтэй барилгын ажлыг механикжуулах, улмаар автоматжуулах, өндөр бүтээмжтэй техник, хэрэгсэл зохион бүтээх, барилга, авто замын салбарын эрдэм шинжилгээний байгууллагын шинжилгээ судалгаа, туршилтын материаллаг баазыг бэхжүүлэх, тэнд ажиллагсдын цалин, хөлсийг нэмэгдүүлэхэд анхаарна.

-Гадаадын хөрөнгө оруулагч нар нэлээд үнэтэй байр барих, түүндээ нэлээн хүн хүч, хөрөнгө хаях сонирхолтой байдаг. Энэ нь бага өртөгтэй орон сууц барих Засгийн газрын хөтөлбөртэй зөрчилдөнө. Бага өртөгтэй орон сууц барьж буй үндэсний компаниудаа дэмжихэд төрөөс ямар зохицуулалт хийх вэ?

-Энэ салбарт хөрөнгө оруулалт зайлшгүй хэрэгтэй байгаа. Өнөөдөр хөрөнгө оруулагчдын гол тавьдаг шалгуур нь хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох. Хөгжингүй орнуудад бол барилгын салбар нь хөгжлийнхөө эцэст хүрчихээд одоо гарах гарцаа хайж байна. Харин манай улс бол дөнгөж эхний үе дээрээ явж байна. Барилгын салбарт хөрөнгө оруулалт татах нь чухал. Ингэхийн тулд бид хууль эрх зүйн орчноо анхаарах хэрэгтэй.

-Хөдөлмөр эрхлээгүй залуучууд насанд хүрэгчдийг зам, барилгын салбарт татан оруулж мэргэжил эзэмшүүлэн ажлын байртай болгоход хэрхэн анхаарах вэ?

-Барилгын салбарын ажиллах хүчний нөөцийн асуудал, ажилгүйдэл хоёрыг уялдуулах нь хамгийн боломжтой. Хуучин ТМС гэдэг байсан одоо мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр хуваасантай тэнцүү тэтгэлэг өгөөд сургаж байгаа. Энийг бид 108 мянган төгрөг болгохын төлөө ажиллана. Тэгснээрээ би энэ төвд суралцаад цалин, тэтгэлэг аваад өөрөө мэргэжилтэй болоод томоохон бүтээн байгуулалтад ажиллаж, хийснийхээ хэрээр цалинжаад явах юм байна гэсэн хүсэл эрмэлзлэлтэй болгох нь чухал. НХХЯ, БСШУЯ-уудтай хамтран олон залуусыг хамруулсан мэргэжил эзэмших сургалт зохион байгуулж, ажлын байртай болгоно. Эхнээсээ загвар сургалтын төвүүд ажиллаад мэргэжлийн ажилчид бэлтгэж байгаа. Эдгээр сургалтын төвд гарч байгаа бэрхшээлүүдийг судалж үзээд нэлээд өргөн, далайцтай, нийгмийн шинж чанартай, томоохон ажил зохиож, сурталчилж, тухайн мэргэжлээрээ бахархах залуусын урам зоригийг сэргээх нь чухал. Улаанбаатар хотын гэр хорооллын нэг өрхөд таван хүн байлаа гэж бодъё. 1-2 хүн л ажил хийдэг. Нэг нь төрөөс тэтгэмж аваад амьдарчихдаг. Сардаа 100000 төгрөг авдаг ч юм уу. Нөгөө хүн нь гэр бүлээ тэжээхийн тулд наймаа хийдэг ч юм уу хувийн хэвшилд орж ажилладаг. АНУ-д гэр бүл бүрт шахам өрхийн зорилт гэж байдаг. Тийм байшинтай болохын тулд тэдэн доллар хэрэгтэй гэх мэт. Манайд бол арай өөр. Насанд хүрсэн олон залуус эцэг эхийнхээ хамт амьдарч байна. Энэ хүүгээ ийм мэргэжилтэй болгоод тийм ажилд оруулчихъя гэж бодоцгоож байвал бас болно. Ажил хийдэггүй гурван хүний ядаж нэгийг нь өрхийн орлогодоо нэмэрлэхүйц цалинтай ажилд оруулахын тулд бид мэргэжил эзэмшүүлэх гээд байна. Ингэж чадвал бид барилгын салбарт том нөлөө үзүүлэх юм болов уу гэж бодож байна. Мөн барилга, авто замын машин механизмын инженер-техникийн ажилтан, мэргэжлийн ажилчин бэлтгэдэг их, дээд сургууль, коллежид Төрийн сангийн зээл, тусламж, захиалгаар суралцах оюутан, сурагчдын тоог нэмэгдүүлэх, давтан сургалтыг зах зээлийн хэрэгцээ, шаардлага, техник технологийн дэвшилтэй уялдуулан өндөр түвшинд зохион байгуулахад анхааран ажиллах болно.

-Бага дунд орлоготой иргэдэд зориулсан урт хугацааны зээлүүд зогссон. Хэзээнээс дахин хэрэгжих боломжтой болох вэ?

-Дэлхийн эдийн засгийн хямрал Монгол Улсад тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Инфляцийн түвшин өсч банкууд зээлээ хаагаад байна. Гэвч энэ байдал тийм удаан үргэлжлэхгүй байх. Засгийн газар тодорхой алхмууд хийж хүндрэлтэй асуудлыг эхнээс нь зохицуулж байгаа. Тэрнээс гадна Монгол Улсын орон сууцны зах зээлийн тухай ийм бодол байна. Яагаад урт хугацаат зээл зогсчихов. Яг гэр хорооллын оршин суугчдад зохицсон нөхцөлийг бүрдүүлж чадаагүй юм болов уу гэж боддог. Гэр хорооллын оршин суугчдад боломж олгоё. Өнөөдөр боломжийг хаана олгоод байна вэ гэхээр нийтийн орон сууцанд амьдарч байгаа дунд, дундаас дээш орлоготой хүмүүст гэсэн хариулт гарч ирж байна. Жишээлбэл нэг хүүхэдтэй, хүүхдээ өрх тусгаарлаж гаргаад байгаа хүмүүст бид боломж олгоод байна уу гэж харагдаж байна. Тэрнээс биш яг гэр хорооллын оршин суугч, анх удаа байр авах гэж байгаа айл өрхөд 40000 айлын орон сууцны хөтөлбөрийн хүрээнд төрөөс зохицуулалттай урт хугацааны зээл олгож орон сууцтай болоод сайхан амьдарч байгаа нь маш цөөхөн байна. Бидний дэвшүүлж байгаа 100000 айлын орон сууц хөтөлбөрт энэ боломжийг бий болгохыг бид зорьж ажиллана. Энэ нь гэр хорооллын оршин суугчдын оролцоотой биелэх ёстой зорилт л доо. Бид зорилтдоо хугацааг нь уртасгах тухай тусгасан байгаа. Ингэснээр хүү төлөх ачаалал багасдаг. Сар бүр 100000 төгрөгийг хүүд өгдөг байсан бол хугацааг нь уртасгачихаар 50000 төг болох жишээтэй. Орон сууцны барилгын үнэ нэг хэсэг хөөрөгдөж байгаад тогтворжиж байна.

-Улаанбаатар хотын хүн ам маш ихээр нэмэгдэж гэр хороолол улам тэлсээр, агаарын бохирдол, ажилгүйдэл газар авсаар байна. Төлөвлөлт маш муу чанартай, чанаргүй олон барилга баригдаж ямар ч хяналтгүйгээр хот өргөжин тэлсээр?

-Өнөөдөр харахад энэ асуудлыг шийдэх ямар ч шийдгүй болчихож. Яагаад гэвэл өнөөдөр газар маш их үнэтэй болчихсон. Улаанбаатар орчмын газрууд газрын наймаачдын гараар ороод дууслаа шүү дээ. Үүнийг зогсоомоор байна. Захын хүн хэдэн төгрөгөөр чанартай чанаргүй байшин бариад хүлээлгээд өгчихөж байна. Анх батлагдсан зураг төслөөрөө явахгүй байна. Хууль хэрэгжих шатанд гацчихдаг. Хотоор явж үзэхэд аркны доор болон энд тэнд зам хаагаад, байшин барилгатай ойрхон ямар ч өнгө үзэмжгүй байшин барьчихсан, хот өнгө үзэмжгүй болчихжээ. Мөн Туул голын эргээр, Богд уулын энгэрээр Байгаль орчны яам газар олгоод зөвшөөрөл олгоод эхэлчихэж. Энэ бол бидний өмнө тулгарч байгаа маш том асуудлууд. Иймэрхүү алс ирээдүйгээ хараагүй, хууль бус үйлдлүүдийг даруй таслан зогсоох хэрэгтэй. Хотын захиргаа, хууль, хяналтын байгууллагуудтай хамтраад энэ бүхнийг таслан зогсоох ёстой. Төрийн ажил залгамж чанартай байдаг. Аль ч Засгийн газрын, ямар ч удирдлагын үед уг асуудлыг зохицуулах хуулийг нь батлаад өгчихвөл цаашдаа ямар ч удирдлагын үед тухайн салбарыг авч явах механизмыг бүрдүүлэх байдлаар ажиллана.

-Засгийн газар болон танай яамны төлөвлөж, хийж байгаа ажлыг нийгэмд, гэр хорооллын иргэд, салбарынхандаа яаж түгээх вэ. Ер нь их хаалттай байдаг. Нээлттэй хаалганы өдөр ч юм уу, хааяа нэг хурал цуглаан дээр мэдээлэл солилцдог. Мэдээдэд түгээж, нээлттэй байх тухайд?

-Төрийн байгууллага гэхээр л дотроосоо үүдээ түгжээд, мэдээллээ нуугаад байдаг, ийм байдлаар хандаж болохгүй. Өнөөдөр иргэдэд үйлчилж байгаа бол нээлттэй байх хэрэгтэй. Иргэдийн дунд судалгаа явуулж тэдэнд тулгараад байгаа асуудал, хүнд суртал, хүндрэл бэрхшээл юу байна гэдгийг ойлгож авах нь бидэнд маш чухал. Өөрсдөө бас хялбар менежментийн бүтцээр ажиллая гэж бодож байна. Бид үл хөдлөх хөрөнгийн улсын эрхийн бүртгэлийн газар дээр очиж үзсэн. Маш хүндрэлтэй, маргаантай, ерөнхийдөө хүмүүс үйлчилгээнд нь их бухимддаг. Архив, барилга байшингийн хувьд хэцүү байдаг юм байна. Үүнийг зохистой менежменттэй болгоё. Гарц хайя, яаж ажлыг нь хүнд сурталгүй хялбар байдлаар явуулах вэ, юун дээр хүндрэл учраад байгаа юм бэ, газар дээр юм уу газар олгогдож байгаа байгууллага дээрээ юм уу, эсвэл үл хөдлөх хөрөнгийн газар юм уу гэдгийг нь хайж ольё гэж бодож байна. Энэ ажлууд дээр төрийн байгууллагуудын өөрсдийнх нь санал санаачилга бас дутагдаж байгаа байх. Хүмүүс интернэт их ашигладаг болжээ. Гэхдээ интернэтээр иргэдийн хэдэн хувь нь мэдээлэл авч байгааг бас бодолцож, интернэтээр, утсаар мэдээлэл өгье гэж бодож байна. Иргэдийн дунд судалгаа хийе, аль болох хялбар байдлаар үйлчлэхийн тулд хүмүүсээс санал аваад төрийн ажил үйлчилгээтэй уялдуулан боловсруулж эргээд тэдэнд бодитой мэдээлэл өгье гэж бодож байна.

-Хөгжингүй орнуудын туршлагаас хувийн хэвшлийнхэнд хэрэгжүүлбэл ямар туршлага байна вэ?

-PPP гэж ярьдаг л даа. Public private partnership /хувийн хэвшлийн оролцоог төртэй холбох гэсэн утгатай/. Хөгжиж байгаа орнуудад замын салбарт бүгдэд нь хэрэглэгддэг. Энэ боломжийг хараад бид хурдны зам дээр хөрөнгө оруулалт татаж ирэх хэрэгтэй. Ер нь төсөв хөрөнгөөс болж ажил их удааширдаг, чанаргүй болдог. Олон улсын чанартай хурдны зам дээр PPP-г ашиглах боломж байна. Хөрш хоёр оронтойгоо ярилцаж болох юм. Энэ хоёрыг холбохын тулд зайлшгүй Монголоор дамжина. Тэгэхээр энэ хоёр улстай санхүүгийн болон хууль эрх зүйн орчны тал дээр хамтран ажиллах судалгаа хийе гэж бодож байна. BOT буюу Build, operate, transfer /барих, ашиглах, хүлээлгэж өгөх гэсэн утгатай/ гээд энийг их сонирхдог юм байна л даа. Хөгжиж байгаа орнуудын дэд бүтэц, ялангуяа хурдны зам, цахилгаан станц гэх мэт томоохон бүтээн байгуулалтын, хөрөнгө оруулалт шаардсан ажилд санхүүгийн эх үүсвэр олох шийдэл болдог. Бид үүнийг бас судалж байна. Зам дагаж хот хөгждөг гэж ярьдаг, тэгэхээр бид замаа барьчихвал их зүйл хийнэ.

Баттулга сайд хувь хүнийхээ талаас ямар хүн болохыг салбарынхан сонирхож байгаа байх. Хэдхэн үгээр хариулбал

Таны хамгийн их цаг зав гаргадаг зүйл: Жүдо бөхийг хөгжүүлэхэд
Таны хобби: Хүндийг өргөлт
Танй хэлэх дуртай үг: Олон үг бий
Таны хүндэлж явдаг хүн: Аав, ээж
Таны дуртай өнгө: Цэнхэр
Таны дуртай хоол: Гарын бууз, гурилтай шөл
Таны хамгийн том мөрөөдөл: Маш олон мөрөөдөл бий


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.