Хөдөлмөрийн баатар барилгачин шинэ байртай боллоо
Насаараа барилга барьж, улс орон, Улаанбаатар хот, төрөлх Хонгор нутгийнхаа хөгжилд хүч хөдөлмөрөө зориулсан Монгол Улсын хөдөлмөрийн баатар Б.Дорж “Насныхаа эцэст хананаасаа халуун ус гоожуулаад жаргаж сууна гэж боддог байсан. Санаж бодож явсныг маань биелүүлсэнд баярлалаа” хэмээн магнай нь тэнийж сууна. Учир нь, сар шинийн 3-нд ЗТБХБ-ын сайд Х.Баттулга тэднийд зочилж, ахмад барилгачнаа хүндэтгэн алд цэнхэр хадаг дэлгэн золгож, удахгүй ашиглалтад орох шинэ байрны эрхийн бичиг гардуулсан юм. Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд хоёр хүүхэдтэйгээ хамт амьдардаг, 71 настай Б.Дорж гуай сайдын цаашдын ажилд нь их амжилт хүсч, дөнгөж сургууль төгссөн хүүдээ өвлүүлэх шинэ байртай болж байгаадаа их баярласнаа илэрхийллээ. Түүнд “Их үйлсийн эрэлд” компанийн “Баянмонгол” хороололд нэг өрөө байр олгожээ. Тэрээр барилгын салбарт насаараа ажиллаж, 1976 онд Монгол Улсын хөдөлмөрийн баатар болсон ч өдий хүртэл дулаан байранд тухалж амжаагүй л явжээ.