Барилгын салбарын мэргэжилтэй 4500 ажилтан бэлтгэнэ
ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, НХХ-ийн сайд Т.Ганди нар мэргэжилтэй ажилтан бэлтгэх гэрээнд гарын үсэг зурлаа. Засгийн газраас хэрэгжүүлж буй 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд ЗТБХБЯ, НХХЯ, ЭБЭХЯ хамтран өнөөдрийн байдлаар манай улсад ямар ажлын байр эрэлт хэрэгцээтэй байгаа талаар судалгаа хийжээ. Үүний дагуу ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, НХХ-ны сайд Т.Ганди нар өнөөдөр мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх гэрээнд гарын үсэг зурлаа. Х.Баттулга сайд хэлэхдээ “Барилга, замын ажил эхлэх гэж байгаатай холбогдуулан мэргэжилтэй ажилтан бэлтгэе.
Мэргэжилтэй ажилтан бэлтгэхдээ гэр хороолол руу чиглүүлье гэсэн бодолтой байгаа. Засгийн газраас 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр зарласан. Хэрэгжүүлэгч яамд мэргэжилтэй боловсон хүчин сургах сургалтын тал дээр хамтарсан тохиролцоо хийж гэрээнд гарын үсэг зурж байгаа юм. Эхний ээлжинд 4500 мэргэжилтэй ажилтан бэлтгэхээр боллоо” гэв. НХХ-ийн сайд Т.Ганди “Үндэсний ажилчдаар эрэлт хэрэгцээтэй ажлын байруудыг хангаж, сургаж, дадлагажуулах сургалт чухалт байгаа. Индүүчин, бетон арматурчин гэх мэт мэргэжилтнийг түргэн хугацаанд, ямар байдлаар бэлтгэж, эрэлт нийлүүлтийг тэнцүүлэх вэ гэдэг асуудал чухал байгаа” гэж хэлсэн юм. Х.Баттулга сайд “Улаанбаатар хотод шилжих хөдөлгөөн ихэссэн. Үүнийг дагаад хөдөө орон нутгаас ажил, мэргэжилгүй залуус олноор ирж байна. Иймээс тэр залуусыг хамруулаад богино хугацаанд барилгын салбарт ажиллах ажилтан бэлтгэе” гэсэн санаа дэвшүүлсэн нь ийнхүү биеллээ олж байгаа юм. Зам, барилгын ажил нь улчирлын чанартай, урин дулааны хэдэн сар л эрчимтэй өрнөдөг учраас тус салбарт шаардлагатай мэргэжилтнийг бэлтгэх нь чухал байгааг албаны хүмүүс онцолж байв.