2009.01.28

Х.Баттулга: Барилгын мэргэжлээр суралцагчдад 108 мянган төгрөг олгохоор боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өчигдөр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан «100 мянган айлын орон сууц» төслийг хэрэгжүүлэх зорилгоор «Барилгын салбарт мэргэжлийн ажилчин бэлтгэх арга   хэмжээний тухай» тогтоол гаргажээ. Уг тогтоолоор 2009 онд мэргэжилтэй ажилчин бэлтгэх төлөвлөгөөг баталж, сургалт хариуцсан албыг өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар байгуулан ажиллуулахыг ЗТБХБ-ын сайд Х.Баттулгад зөвшөөрсөн байна. Энэ онд 7000 мэргэжилтэй ажилчин сургаж бэлтгэх шаардлагатай гэж үзэж байгаагаас 3000-ыг МСҮТ-үүдэд, 2500-г түр сургалтаар, 1500-г үйлдвэрлэл дээрх сургалтаар бэлтгэнэ гэж төлөвлөгөөнд тусгажээ. Хуралдааны дараа УИХ-ын гишүүн, ЗТБХБ-ын сайд Х.Баттулгатай уулзаж салбарын асуудлын талаар ярилцав.

-Засгийн газрын хуралдаанаар барилгын салбарт ажиллах мэргэжилтэй боловсон хүчний асуудал яригдлаа. Ямар шийдэлд хүрч байгаа вэ?

-Барилгын салбарын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд суралцагсдад сард 45 мянган төгрөг өгдөг байсныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 108 мянгад хүргэх тухай ярилаа. Энд ажил захиалагч 50 хувийг нь өгч, улс 50 хувийг даах саналтай байгаа. Гэхдээ 18-25, 25-35, 35-45 насны ангилал гаргаж байна.

Яагаад гэвэл 35-45 насны хүмүүс ямар нэг байдлаар мэргэжилгүй 5айж байгаад амьдрал нь цоройтож байгаа бол тэдэнд тохирсон ажил олгодог болох нь зүйтэй гэж үзэж байгаа. Мөн 18-25 насныхан төлбөрийн чадваргүйгээс дээд сургуульд орч чадахгүй бол тэднийг ажил, сургуульгүй үлдээхгүй байх зорилготой юм. Сургалтын хуваарь нь 3-6 сар, 6-12 сар гэх мэт ялгаатай байна. Ингэж мэргэжилтэй боловсон хүчнээ бэлтгэж, 100 мянган айлын орон сууцыг барих ажлыг эхлүүлэх ёстой.

-Өмнөх 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хэрэг-жилт үр дүнгээ өгөөгүй бай-хад 100 мянган айлын орон сууц барихаар болж буйг шүүмжлэх хүн олон байна. Ер нь 40 мянган айлын орон сууцнаас хэчнээн нь ашиглалтад ороод байгаа вэ?

-2004 онд 40 мянган айлын орон сууц хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. 2008 оны 11 дүгээр сарын байдлаар 38 мянган айлын орон сууц ашиглалтад орсон. Энэ хөтөлбөрийн хэрэгжилт муу байхад хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн   байх. Тухайлбал ипотекийн тухай хууль батлагдаагүй байсан. Борлуулалт дээр ч алдсан зүйл бий.

Энэ жил 100 мянган айлын орон сууц барихаар санаачилж, өрх бүрт байгаа ажилгүй иргэдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний цалинтай сургалтад хамруулж, ажилтай болгоод, тэднийг өөрсдөө барьсан барилгадаа орох боломжийг бүрдүүлэх юм. Түүнчлэн бид барилгын компаниудыг газраар хангаж, борлуулалт дээрээ сайн ажиллана. Ингэхдээ компаниудад барилгын чанарын стандартыг баримтлуулах, ажилчдыг нь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдээр дамжуулан захиалуулах зэрэг квот тогтооно.

-Барилгын норм, нормативыг шинэчлэх асуудлыг авч хэлэлцсэн. Энд ямар өөрчлөлт орох вэ?

-Энэ чиглэлээр дөрвөн дүрэм, журам орох байсныг татаж авлаа. Арай бэлтгэгдэж дуусаагүй байна.

-Төмөр замын байдал нэлээд хүндэрч байгаа талаар сүүлийн үед ярих боллоо. Ачаа эргэлтийг сайжруулах ямар боломж байна гэж үзэж байгаа вэ?

-Төмөр замын хувьд парк шинэчлэлийн том хөрөнгө оруулалт огт хийгдээгүй газар. Ерөнхий сайд С.Баяр хэд хоногийн өмнө ОХУ-ын Эрхүү мужид айлчлах үеэр Оросын төмөр зам «транзит тээвэр дээр туслах боломж байна» гээд 16 том компаний нэр өгсөн байна лээ. Тодорхой хэмжээнд ачаа өнгөрлөө гэхэд төмөр зам бэлэн байгаа эсэх талаар өчигдөр (уржигдар) очиж ярьсан. Үнэхээр байдал хүнд байна. Төмөр замынхаа байдлыг сайжруулах зорилгоор хөрөнгө босгох ажил хийнэ гэж бодож байгаа. Гадны орнууд татвар төлөгч томоохон байгууллагууддаа төрийн зүгээс буюу банкнаас дэмжлэг үзүүлж байна. Үүнтэй адил арга хэмжээ авах нь чухал юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.