Х.Баттулга сайд ОХУ-д айлчиллаа
ОХУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч, Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.В.Гордеевийн урилгаар Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга ОХУ-д айлчиллаа.
Энэ сарын 6-7-нд Москва хотноо хийсэн ажлын айлчлалын үеэр ноён А.В.Гордеев, Тээврийн сайд И.Е.Левитин болон Оросын төмөр зам нээлттэй нийгэмлэгийн ерөнхийлөгч В.И.Якунин нартай уулзаж хамтын ажиллагааны асуудлаар санал солилцжээ.
Хоёр орны зам, тээвэр, барилгын салбар, ялангуяа хамтарсан Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх нөөц боломжийн тухайд ноён Гордеевтой уулзах үеэрээ ярилцсан байна. Барилгын материалын түүхий эдийн нөөцийг түшиглэн цемент, арматур болон бусад материал боловсруулах үйлдвэр хамтран байгуулж, цаашид ОХУ-ын хил орчмын бүс нутгийг хангах боломжийн талаар ч тэд ярилцжээ.
Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийг байгуулсны 60 жилийн ой ирэх онд болох гэж байгаа учир, хоёр тал уг нийгэмлэгийн эрх зүйн бичиг баримт болон техник, технологийг шинэчлэх хэрэгтэй гэдэг дээр санал нэгдэв. Сайд Х.Баттулга ОХУ-ын Тээврийн сайд И.Е.Левитинтэй уулзахдаа транзит тээврийг сэргээж, хэмжээг нь нэмэгдүүлэх болон хил орчмын бүс нутгийн агаарын тээврийн харилцааг өргөжүүлэх, УБТЗ нийгэмлэгт хөрөнгө оруулах талаар ярилцжээ.
Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн Оросын талын хувь нийлүүлэгчийн эрх Оросын төмөр зам нээлттэй нийгэмлэгийн ерөнхийлөгч В.И.Якунинд шилжих гэж байгаа юм. Тийм учраас сайд Х.Баттулга түүнтэй уулзаж, УБТЗ-ын техник, технологийг шинэчлэх, хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцлоо. Уг асуудлаар хоёр тал энэ сардаа багтан Улаанбаатар хотод ажлын хэсгийн уулзалт хийхээр тогтсон байна.