Д.Ганхуяг Ерөнхий сайдад санал хүргүүллээ
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Ганхуяг Ерөнхий сайд С.Баярт хандан санал хүргүүлжээ. Тэрбээр өнгөрсөн сард батлагдсан Барилгын тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон зарим саналыг гүйцэтгэх засаглалын тэргүүнд илгээжээ. Учир нь уг хуулийг олон улсын жишигт нийцэхүйц болсон хэмээн иргэд дүгнэж буй. Өөрөөр хэлбэл, барилга барихад гардаг газрын зөвшөөрөл, техник эдийн засгийн материалыг бүрдүүлэхэд өмнөх хуулиар 20 гаруй төрийн байгууллагын хаалга шагайдаг байсан.
Тэгээд ч зогсохгүй 90 гаруй түшмэлийн гарын үсэг царайчилдаг байсан билээ. Одоо бол нэг цэгт эдгээр зөвшөөрлийг олгох хууль эрх зүйн орчин бүрдсэн. Харин хууль хэрэгжүүлэхтэй холбогдсон зарим дүрэм журам дутагдалтай байгаа аж.
Тиймээс Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Ганхуяг Ерөнхий сайдад хандсан саналдаа энэ оны сүүлийн хагаст багтаан хэрэгжүүлэх шаардлагатай зарим арга хэмжээг онцолжээ. Тухайлбал, барилгын салбарын норм норматив, чанар стандартын баримт бичгийг иж бүрнээр шинэчлэн боловсруулах ажлыг олон улсын нийтлэг сайн туршлагыг нэвтрүүлэх зорилгоор гадаадын төсөл, дотоодын хөрөнгийн эх үүсвэрийн тусламжтайгаар хэрэгжүүлэх хэрэгтэй гэжээ. Мөн төмөр хийц, цемент, ханын материалыг өөрийн орны түүхий эдийг боловсруулан үйлдвэрлэхэд үндэсний үйлдвэр эрхлэгчдийг дэмжих замаар эрэлт нийлүүлэлтийн зохистой байдлыг хадгалан, тасралтгүй хангах бодлого баримтлахыг чухалчилсан байна.
Түүнчлэн барилга, орон сууц худалдах, худалдан авах тухай болон чанар, стандарт, даатгалтай холбогдсон хуулийн төслүүдийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх хэрэгтэйг Ерөнхий сайдаас хүсжээ. Энэ мэтчилэн барилгын тухай хуулийг хэрэгжүүлэхэд авах зарим арга хэмжээг байнгын хорооны зүгээс гүйцэтгэх засаглалд санал болгосон байна.