Бүх иргэнд газар өмчлүүлэхэд манай нийт нутгийн нэг хувьд ч хүрэхгүй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд "Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай" хууль, мөн хуулийг дагаж мөрдөх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцлээ. Уг хуулийн төс-лийг гишүүн Д.Ганхуяг З.Энхболд, Э.БатҮүл, Н.Батбаяр, Ц.Дамиран, Т.Очирхүү нар санаачилжээ. Хууль санаачлагчийн танилцуулгыг Д.Ганхуяг уншлаа. Өрхийн хэрэгцээнд газар өмчлүүлэх тухай хуулийг Үндсэн хуулийн заалтын дагуу Монгол Улсын ир-гэнд болгон өөрчлөлт оруулж байгаагаараа энэ хуулийн төсөл онцлог байв. Хууль санаачлагчийн танилцуулгатай холбогдуулан Ч.Раднаа, Ц.Сүхбаатар, Р.Нямсүрэн н.ар өрхөд өмчлүүлэх ёстой газрыг иргэнд болгон хавтгайрууллаа хэмээн тэд хууль санаачлагчдыг буруутгав.
Тэдний хувьд Монгол Улсын иргэн өөрийн эдлэн газартай байж болохгүй юм байх. Тэдний үзэж байгаагаар Улаанбаатарт иргэнд өмчлөх газар байхгүй. Одоо өрхөд хувьчилчихсан байгаа газрыг нэг ам бүлд багтсан иргэд хоорондоо булаацалдана гэж тэд болгоомжилж байна. Нэг иргэнд 0.07 га газар үнэгүй хувьчилна гэхэд манай нийт нутгийн 0.12 хувийг эзэлнэ хэмээн хууль санаачлагчид тайлбарлав.
Мэргэжлийн байгууллагын үзэж байгаагаар нийт 632 мянга 508 өрх газар өмчлөн авах эрхтэй юм байна. Үүний 27.6 хувь нь ногдох газраа хувьчлан авчээ. Харин нийслэлд газар хувьчлан авсан өрхийн тоо улсын дунджаас хоёр хувь өндөр байгаа аж. Газар хувьчлах тухай хууль
хэрэгжиж эхэлсэн өнгөрсөн хугацаанд цөөн өрх хуулийн дагуу газар хувьчилж авсан нь Монгол Улсын иргэнд газар өмчлөх хуулийг батлахгүй байх үндэслэл гэж нэр бүхий гишүүд хэлж байна. Тэднээс гадна, сансрын нисгэгч, УИХ-ын гишүүн Ж.Гүррагчаа "Иргэнд газар өмчлөх нь эрт байна. Ядуу иргэд газраа авч чадахгүй байгаа" гэх утгатай үг хэлж байх юм. Үнэхээр сансрын нисгэгч хүнд газар хэрэггүй байж болох юм. Харин монгол хүн бүрт алга дарам газар хэрэгтэй. Иргэнд газар өмчилнө гэдэг нь бүх гудамж талбайг шоо хаяад хуваагаад өгчихийн нэр биш. Байршил, хэмжээ зэргийг нарийн зааж өгөхийг хэлдэг юм байна. Өнгөрсөн хугацаанд нийслэлд гэхэд иргэд дэд бүтэц хөгжсөн байрлал сайтай газрыг сонгодог юм гэж мэргэжлийн байгууллага хэллээ. Харин нийслэлд дэд бүтэц хөгжсөн хүний ойрын хэрэгцээ хангах байршил сайтай хувьчлах газар гэж бараг байдаггүй юм байна.
Дэд бүтэцгүй, дээр нь газрын мафийнхан чихчихсэн нийслэлийн Газрын албанаас газар хувьчилж авна гэдэг үлгэр. Эдгээрээс залхахдаа иргэд газартай болъё гэж бодохгүй байгаа болохоос газар хэрэггүй гэж иргэд үзээгүй болов уу. Гэтэл УИХ-ын архаг гишүүдэд иргэд газартай болох нь таалагдсангүй. Харин нийслэлийн газрыг түшмэд худалдаж байгаа одоогийн практикийг тэдэнд буюу эрх баригчдад ашигтай байгаа бололтой.