Д.Ганхуяг: Газрыг өрх тутамд биш иргэн бүрт өмчлүүлэх ёстой
2008.03.02

Д.Ганхуяг: Газрыг өрх тутамд биш иргэн бүрт өмчлүүлэх ёстой

"Газрыг өрх тутамд биш иргэн бүрт өмчлүүлэх ёстой" гэж УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Ганхуяг үзэн, одоо мөрдөж байгаа "Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай" хуулийн бодлогыг буруушааж байна. Тэрээр дээрх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилснаа өнгөрсөн баасан гаригт УИХ-д өргөн барьжээ.

"Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай" хууль 2002 онд батлагдан, гэр бүлийн хэрэгцээнд газар өмчлүүлэх ажил сүүлийн зургаан жил орчим хугацаанд үргэлжилж байна. Одоогийн байдлаар газар өмчлүүлэх ажлын хэрэгжилт 90 хувьтай байгаа гэсэн тоог албаны хүмүүс хэлж байгаа юм. Энэ оны тавдугаар сарын 1-нээр газар өмчлүүлэх хугацаа дуусгавар болох учиртай. Мөн өдрөөс эхлэн газрыг иргэдэд өмчлүүлж эхлэхээр Д.Ганхуяг гишүүн өөрийн санаачилсан хуулийн төсөлд тусгажээ.

"Гэр бүлийнхээ хэрэгцээнд" гэсэн байдлаар хашааныхаа газрыг авчихсан айлууд яах болж байна гэсэн асуулт уншигчдын зүгээс гардаг. Түүнийг тухайн гэр бүлийн гишүүдийн хэн нэгнийх нь нэр дээр шилжүүлээд бусад хүмүүст нь яг адилхан хэмжээгээр газрыг үнэ төлбөргүй олгоно гэж хуулийн төсөл санаачлагч үүнд тайлбарлав. Түүнийг ямар үндэслэлээр ийм хуулийн төсөл санаачилсныг сонирхоход,

-Гэр бүл гэдэг ойлголтыг Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 3.1.2-т "...гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг ойлгоно" гэж заа-сан. Тэгэхээр гэр бүл болоогүй иргэд энэ ойлголтод хамрагдахгүй болж таарч байгаа юм. Гэтэл тийм хүмүүс зөндөө л байна шүү дээ, салсан сарнисан, албан ёсоор гэрлээгүй гэх мэт. Тэд газар өмчилж чадахгүй болж байх жишээтэй. Гэтэл Монгол Улсын Үндсэн хуульд "...газрыг Монгол Улсын иргэнд өмчлүүлнэ" гээд заачихсантай дээрх хууль зөрчилдөөд байгаа юм. Дашрамд дурдахад, газрыг гэр бүлд өмчлүүлснээр манай улсын нийт газар нутгийн дөрвөн хувь нь л эзэнтэй болно гэсэн тооцоо гарсан байна. Тэгвэл иргэн бүрт өмчлүүлэхээр нийт газар нутаг маань тэр чигээрээ хүмүүсийн өмчлөлд ор-чих юм болов уу гээд тооцоо хийгээд үзэхэд аравхан хувь нь л эзэнтэй болохоор хариу гарсан. Тэгээд ч аливаа юм, газар ч ялгаагүй эзэнтэй болж гэмээнэ ашиглалт нь ч сайжирдаг, хамгаалалт нь ч дээшилдэг. Энэ үүднээс иргэдээ газартай болгосноор огтхон ч муу үр дүн гарахгүй гэлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.