Д.Ганхуяг: Хүнд суртлаас улбаатай авлигын үйлдвэрлэгч
Өнгөрөгч намрын чуулганаар Монгол Улс Барилгын тухай хуультай болсон.Уг хуулийн төсөл болон хэрэгжилтийн талаар ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Ганхуягаас тодрууллаа.
-Барилгын тухай хууль батлагдлаа. Өнөөдрийн нөхцөл байдалтай хэр уялдсан хууль болсон гэж бодож байна?
-Энэ хуулийн төслийг сард Засгийн газраас УИХ-д өргөн барьж байсан. Тухайн үед УИХ-аар хэлэлцэхэд уг төслийг чанар муутай болсон гээд Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг гарган ажиллуулсан. Бидний ажлын хэсэг сайн ажилласнаар олон улсын жишигт нийцсэн барилгын тухай хуультай боллоо гэж хэлэх байна. Тодруулбал, барилга барихад нийтдээ 20 гаруй төрийн байгууллагын зөвшөөрөл авдаг байв. Ингэхийн тулд 95 орчим төрийн түшээдээр гарын үсэг зуруулдаг байсан. Түшээдийн гарын үсгийг зуруулахын тулд иргэд цаг заваа үрэн эрхмүүдийн ажлын болон чөлөөт цагаар нь хөөцөлдөн зовдог байлаа. Энэ бол үнэхээр дааж давшгүй хүнд суртал юм. Хайран цаг зав. Ийм хүнд суртлаар үйлчлүүлж байгаа иргэдийн цагийг бүтээмжээр нь тооцвол нэг жилд л гэхэд хэд хэдэн сая ам.доллар болох нь тодорхой. Төр нь иргэддээ үйлчлэх биш иргэд нь төрийн түшээдийг царайчилж үйлчилдэг гаж тогтолцоо юм.
-Хуулийн агуулгын талаар тодруулахгүй юу?
-Барилгын тухай шинэ хуулиар газрын зөвшөөрөл, барилга техникийн нөхцөлийг нэг цэгийн үйлчилгээг иргэд байгууллагад хүргэхээр хуульчилсан. Энэ саналыг ЭЗБХ-ны ажлын хэсгээс оруулж УИХ-ын гишүүд дэмжсэн. Тэгэхээр төрийн түшээдийн гарын үсэг цуглуулах хүнд суртал үгүй болсон. Энэ ажилд аль болох иргэн, хувийн хэвшлийнхэн, иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зорилт байнга тавигдах ёстой. Яагаад гэвэл төрийн оролцоо нэмэгдэх тусам авлигын асуудал их гарах болно.Төр өөрөө хүнд суртлаас улбаатай авлигын үйлдвэрлэгч шүү дээ. Тиймээс төрийн оролцоо их байх тусам авлига нэмэгдэнэ гэсэн үг. Нөгөө талаас төр I бол муу менежер. Тухайлбал, нэг сая төгрөгөөр ижилхэн бизнес эрхэл гээд эцсийн дүн нь ямар байхыг мэдэж байна. Мэдээж төрийн мөнгөний дүн 800 мянган төгрөг, хувийн хэвшлийнх нь 1.2 сая төгрөг болчихсон байх нь энүүхэнд. Олон оронд тусгай зөвшөөрлийг дарга нарын гарын үсгээр биш нэг цэгийн үйлчилгээ болон онлайн сүлжээгээр өгдөг болоод удаж байна. Ихэнх улсад зарим зөвшөөрлийг төрийн байгууллага биш хөндлөнгийн төрийн бус байгууллагууд олгох болсон. Ер нь төрийн оролцоо бага, төрийн үйл ажиллагаа нийгмийн баялаг болоод татварын орлогын дахин хувиарлалт оновчтой, ил тод, хууль нь сайн хэрэгждэг орнууд л хөгжилтэй байна шүү дээ.
-Барилгыг чанар стандартад нийцүүлэхийн тулд юу нд анхаарах ёстой вэ?
-Энэ талаар ерөнхий зүйл энэ хуульд суусан. Бие даасан хууль санаачлах шаардлагатай. Барилгын зураг төсөл, стандарт, нормативийг инженер гаргаж, барилга угсралтын үед ч зураг төслийн дагуу баригдаж байгаа эсэхэд инженер хүн л хяналт тавьдаг. Барилгын угсралтын ажлыг ч инженер л удирдан явуулдаг. Хэдэн мянгаараа барилга баригдаж байхад төр дангаараа хяналт тавина гэдэг нь ямар ч боломжгүй асуудал. Дэлхий нийтийн жишгээр Монгол инженерийн ур чадвар, хариуцлагаас барилгын хийц, загвар, чанар стандарт хамаарахаар болсон.
-Инженерт бүх эрх нь олгогдох нь. Тэгэхээр энэ хүмүүст ямар хариуцлага ногдуулах вэ?
-Инженерийн хариуцлагатай холбоотой заалтууд шинээр орсон. Үүнийг илүү сайн хуульчлах шаардлагатай. Энэ чиглэлээр Эдийн засгийн байнгын хорооноос Засгийн газарт санал хүргүүлэхээр болсон. Одоо энэ салбарт ажилладаг инженерүүд барилгачдаас бүх хариуцлага нь хамаарна. Мөн төрийн оролцоог аль болох багас-гаж, Төрийн бус байгууллагууд, зураг төсөл зохиогч, мэргэжлийн зөвлөгөө өгөх компаниуд хяналт гүйцэтгэхийн сацуу төр давхар хяналт тавина. Барилгын материалын үйлдвэрлэл болон эдгээр байгууллагад төрийн зүгээс тусгай зөвшөөрөл олгоно.
-Манай барилгын компаниуд гадаад мэргэжилтэн нэрийдлээр ажилчид ихээр оруулж байгаа. Үүнээс улбаалж чанаргүй барилга баригдах нь ихэссэнд ямар зохицуулалт хийх вэ?
-Тухайн орондоо барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг эсэх болон тэр орны салбарын Төрийн бус байгууллагаас ирүүлсэн баримт дээр үндэслэж зөвшөөрөл олгохоор заасан.