2008.03.03

Д.Ганхуяг: Орон гэргүй иргэдийг хууль гаргаж бодлоготойгоор дэмжих ёстой

-"Орон гэргүй иргэдийг дэмжих тухай" хуулийн төслийг өргөн барьсан. Энэ хуулийн төслийн талаар тодруулаач?

-Энэ бол олон улсын стандарт хууль. Олон нийтийн дэд бүтцийг ашиглаж хоноглох газраа болгож байгаа орон гэргүй хүмүүсийг халамжлах тухай хууль гэсэн үг. Манайхны хэлдгээр траншейны хүмүүсийг халамжлах тухай гэсэн үг юм. 2006 онд орон. гэргүй иргэдийн талаар судалгаа явуулахад 7000 орчим иргэн орон гэргүй тэнүүчлэн амьдардаг гэсэн дүн гарсан. Тэдний 60 орчим хувь нь хүүхэд, залуучууд байна. Энэ хуулиар төрийн зүгээс энэ иргэдэд ямар зохицуулалтыг хийх вэ гэдгийн тусгаж өгсөн. МУ-ын хуулиар бол иргэний эрүүл мэнд тав тухтай орчныг бүрдүүлнэ гэсэн байгаа. Энэ хуулиар яг юуг нь тодруулах вэ гэхээр бүртгэлийг нь тодорхой болгоно. Хоол хүнс, түр амьдрах байраар хангах юм. Үүний дараа зөв зохистой амьдрах ажлын байраар хангах юм. Ер нь зах зээлийн хууль дээдэлсэн өрсөлдөөнт нийгэмд аж ахуйн нэгжүүд өдөрт хэдэн зуугаар дампуурч шинээр бүртгэгдэж байдаг. Үүнтэй адилхан хөгжсөн ч хөгжөөгүй ч хүн ам нягтарсан газар ийм асуудал гардаг. Тухайн улс хөгжсөн байсан ч хөгжөөгүй байсан ч тэр. Бас нэг зүйл нь засаг дарга нар ийм байдалд орчих гэж байгаа иргэдийн талаар судалгаа хийж үүнээс сэргийлж байх ёстой. Жил болгон засаг даргын тамгын газраар дамжин судалгаа хийгддэг. Тэр дүн нь хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд ирээд саяны ярьсан холбогдох арга хэмжээнд суулгаад төрийн төсвөөс тодорхой хэмжээний хөрөнгө гаргаж арга хэмжээ авч байх юм. Төрийн эрх мэдэл ард түмний гарт байна гэсэн тунхагтай. Ард түмний тулгамдсан асуудлыг төрийн бодлогоор нэгдүгээрт зохицуулах ёстой. Энэ асуудал тавигдахгүй олон жил явж ирсэн. Траншейнд амьдарч байгаа хүүхэд залуучууд гурав дөрвөөрөө шалзарч үхэж байна гэж байгаа. Энэ нь төрийн бодлого зохицуулалттай холбоотой.

-Хөрөнгө, санхүүгийн асуудлыг хэрхэн шийдэх юм бэ?

-Төрийн төсөвт суулгана гэж байгаа. Гэхдээ айхтар их хөрөнгө гаргахгүй. Нэг талаар тухайн иргэдийн эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд жил болгон үнэгүй оруулах асуудал бий. Нөгөө талаар 100-200 орчим хүний түр байр гаргаж ажил эрхлүүлэх юм. Нийтийн байраар хангана. Биеэ даатал нь байлгана. Зарим засрахгүй болчихсон хүмүүс байдаг. Харамсалтай нь орон гэргүй хүмүүсийн дийлэнх нь хүүхэд залуучууд байна. Нийгмийн хамгийн эмзэг хэсгийнхэн чинь л орон гэргүй хүмүүс шүү дээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.