Д.Ганхуяг: Иргэн бүрт газар өмчлөхийг шийдэхгүй байвал иргэддээ итгэхгүй байна гэж үзэж болно
-Газар өмчлөх хугацааг сунгах тухай хуулийн төслийг танай байнгын хороогоор хэлэлцэж эхлэх гээд болохгүй байна. Энэ ямар шалтгаантай юм бэ?
-Энд нэг их онцын шалтгаан байхгүй ээ. Хатуухан хэлчихвэл Монгол маягийн улс төр гэдэг л дээ. Тодруулбал, нийт иргэдийн эрх ашгийг дээдлэх ёстой атал аль нэг нам илүү 1 оноо авчихвий гэж асуудалд ханддаг хоцрогдсон бодолтой холбоотой л гэж бодож байна. УИХ-ын гишүүд газар өмчлөх хугацааг 4 жилээр сунгах, дээр нь Үндсэн хууль, иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн заалтыг баримтлан иргэн бүрт одоогийн өрхөд хувьчилж байгаа 0.07 га газрыг хот суурин газарт хувьчилж өгье гэсэн агуулгатай хуулийн төсөл өргөн барьсан.Энэ нь өмнөх чуулганаар баталсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод ч суусан заалт шүү дээ. Хэрэгжүүлж эхлэхгүй юм бол батлахын хэрэггүй баймаар.
Зэрэгцүүлээд Засгийн газар бас нэг хуулийн төсөл өргөн барьсан.Тэр нь одоогийн өрхөд газар өмчилж байгаа хугацааг 5 жилээр сунгая гэсэн ганцхан заалт. Зэрэцүүлээд гэдгийн шалтгаан нь УИХ-ын гишүүд хуулийн төслөө Засгийн газарт хүргүүлсэн 02 сарын 22-оос хойш 12 хоногийн дараа, Засгийн газар өөрийн санаачилсан тэр нэг заалттай хуулийн төслөө хуралдаанаараа хэлэлцсэн. Үүнд бэлтгээд байх юм байх ч үгүй.Өмнө нь нэг удаа энэ хугацааг сунгасныг бид мэдэж байгаа. Гишүүд дээрхи хуулийн төслийг Засгийн газарт өргөн барьснаас хойш хуулийн1 сарын хугацаа нь өнгөрсөн тул УИХ-д өргөн барьсан. Энэ төслийг Засгийн газарт хүргүүлснээс хойш өнөөг хүртэл албан ёсоор ямар нэг санал ирүүлээгүй байна. Тэгээд байнгын хороогоор хэлэлцэх гэтэл МАХН-ын бүлэг нэг удаа завсарлага авч, 2 удаа Засгийн газрын байр суурь , судалгаа хэрэгтэй гэсэн шалтгаанаар хойшлуулаад байна. Ингэсээр байтал хуулийн төсөл өргөн баригдсанаас хойш 60 гаруй хоног, хаврын чуулган эхэлснээс хойш хоёр 7 хоног гаруй хугацаа өнгөрчихлөө. Хуулийн төсөл өргөн барихад оролцсон миний хувьд Засгийн газрын байр суурь, судалгаа гээд байгаа нь нэг их айхтар асуудал гэж бодохгүй байна.
Тэртэй тэргүй өрхөд хувьчлаад ирсэн. Засгийн газар өөрийн санаачилсан хуулийн төслөө хэлэлцэхдээ холбогдох байгууллагаасаа судалгаа авсан юм билээ.Бид ч бас адилхан авсан.Явц нь удаан байгаа нь үнэн.Зарим гэр хорооллыг орон сууцжуулах гэхээр газраа хувьчилж авсан өрхүүдээс ганц нэг айл айхтар үнэтэй дуугараад байгаа нь үнэн л байх. Ийм цөөхөн шалтгаан байна гээд эзэн нь болсон иргэн бүрт газраа өмчлүүлж, эдийн засгийн эргэлтэнд оруулж тэднийхээ амьжиргааг дээшлүүлэхээс ухраад байх нь утгагүй асуудал л гэж бодож байна.
Энэ ухраад байгаа шалтгаануудтай холбогдуулж хэдхэн санаа хэлье л дээ. Бид бүгдээрээ хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй, үүрэгтэй байх гэсэн Үндсэн хуулийн заалтын агуулгыг мэднэ.Гэтэл Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн нэг өрхөд 0.07 га газрыг өмчлүүлж болно гэсэн заалт нь Үндсэн хуулийн өмнөх заалттай нийцэхгүй байгаа нь хэнд ч тодорхой л байх. Тодруулбал өрх бүрийн гишүүдийн тоо адилхан биш биздээ.Дээр нь өнөөдөр залуучуудын орон гэртэй болох хугацаа нь харьцангуй оройтох болсон .Хүнтэй суухаасаа өмнө газраа өмчилж аваад орон сууцаа барьж айл болох бэлтгэлээ хангаж болохгүй гэж үү.Өрхийн гишүүн бүрт газрыг өмчлүүлснээр нэг өрхийн ашиглах газрын хэмжээ хэд дахин нэмэгдэж энэ нь тэдний амьжиргааны хамгийн бодитой үүсвэр болох нь тодорхой л доо.
Иргэн бүрт хот, сууринд 0.07 га газрыг өмчлүүлснээр нийт газрын дөнгөж 0.12 хувь нь л эзэндээ очих юм билээ. Гэтэл өнөөдөр хотод өрхүүд газраа хувьчилж авах гэхээр газар олдохгүй байгаа нь үнэн. Уг нь манай улс нэг иргэнд оногдох газрын хэмжээгээрээ дэлхийд ихэд дээгүүрт ордог. Иймээс газар дутна гэж байхгүй. Харин хотод дэд бүтэцтэй газар нь хүрэлцэхгүй байгаа нь бодит үнэн. Ийм юм чинь гээд иргэдээ 4-уулын дунд энэ хэвээр нь шамбааралдуулаад царайчлуулаад суугаад байх болж байна уу. Ингэж болохгүй ээ. Түүний оронд зүүн тийш БЗД-ийг Налайхтай, урагшаагаа Төв аймагтай, баруун тийш Эмээлт өнгөртөл дэд бүтцээр холбох асуудлыг шийдвэрлэж болноо доо. Энд улсын төсвийн хөрөнгө хүрэлцэхгүй бол гадны орнууд шиг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр ашиглая.
Харин энд эрх зүйн орчин \B.O.T; built on transler operation- төлөгдөх нөхцөлтэйгээр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг бүтээн байгуулалтын салбарт ашиглах багц хууль\ тодорхой болгох шаардлагатайг нилээд дээр үеэс хэлсэн. Материал ч хүргүүлсэн. Хот суурины газрыг иргэдэд хувьчиллаа гээд гадны хүмүүс зөөгөөд аваад явчхаж чадахгүй ээ. Ер нь ард түмэндээ итгэмээр байна. Хоёргүй сэтгэлээр хандмаар байна.
Энэ асуудал дээр УИХ-ын гишүүд бид иргэд табүхний төрийн эрх барихтөлөөллийг хэрэгжүүлнэ, та нарынхаа амьжиргааг сайжруулахын төлөө ажиллана гэж амласаар байж сонгогдсоноо нэг санахад илүүдэхгүй байхаа. Ер нь тэгээд хүнд /юу байна/ тэрүүгээр гэдэгтэй адилхан. Монголчууд бид өвөг дээдсээс өвлүүлсэн хангалттай газар, нутагтай. Газар бол эзэндээ ойртох тусмаа зохистой ашиглагддаг баялаг гэдэгтэй маргах хүн байхгүй биз ээ.
Бас нэг асуудал нь хот байгуулалтын тухай хуулийг энэ чуулганы хугацаанд хэлэлцээд гаргачихмаар байна. Байнгын хороогоор хэлэлцэх эсэхийг нь шийдчихсэн, нэгдсэн чуулганы шийдвэрийг хүлээж байна. Учир нь энэ хуулиар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг УИХ-аар батлахаар болж байгаа. Угаасаа ч Үндсэн хуулиар Монгол улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар төрийн мэдэлд байна, аль алиныг нь хуулиар зохицуулна гэсэн заалттай. Тэгээд ч өнөөдөр манайд газрын менежментийн шинэлэг бодлого маш чухал байна. Өнөөг хүртэл энэ бодлого зөвхөн нийслэлд байснаас болоод төсөв мөнгө нь хүрэлцэхгүй байсаар хангалттай дэд бүтцийг бий болгож чадаагүйгээс иргэнд газраа өмчлүүлэх эдийн засгийн эргэлтэнд оруулах төрийн бодлого урагш муутай явж байгаа нь ойлгомжтой асуудал. Харин цаашид иргэнд газар өмчлүүлэхдээ энэ хот байгуулалтын хуул ийн хүрээнд тодруулбал хот төлөвлөлтийн дагуу дэд бүтэц бүхий оршин суултын бүсэд олгох нь зүйтэй л дээ. Энэ заалт одоогийн иргэнд газар өмчлүүлэх тухай хуулинд ч байж л байгаа.
Нөгөө л хууль хэрэгждэггүй асуудлаас л болоод байна. Ийм асуудлыг хурдан шийдэх нь бидний үүрэг болохоос асуудал байна эсхүл асуудал гарч магадгүй гээд ухраад сууж болохгүй. Асуудал гарч байна түүнийг шийдэж чадаж байвал хөгжиж байна гэж бодох хэрэгтэй. Бас нэг зүйлийг тодруульяа. Нөгөө 40,000 айл орон сууц хөтөлбөр чинь юу болж байна. Гэр хороолол хэвээрээ л байх юм. Эзнээ олохгүй байгаа юм биш үү.
Энэ хөтөлбөр ер нь явц муутай байна. Гол нь холбогдох төрийн байгууллага нь зүг чигээ олохгүй яваад байна уу даа. Энд бас л нөгөө дэд бүтцийн асуудал байх шиг байна. Дээр нь барилгын үндсэн материал цемент, арматур, тоосгоны асуудал. Уг нь эдгээр материалыг дотооддоо 100 хувь үйлдвэрлэх боломжтой. Энэ чиглэлийн үйлдвэрийг дэмжин хөгжүүлэх асуудлыг хүртэл 2008 үндсэн чиглэлд суулгасан байгаа. Гэтэл бас л гадаадаас импортолсоор байна. Тэгээд л гадныхан эрэлт, хэрэгцээнийх нь өсөлтийг дагуулаад үнийг нь нэмээд л байдаг. Дээр нь нефтийн үнийн өсөлтийг дагаад тээврийн зардал ч нэмэгдсээр байна. Ер нь олон оронд орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ бизнесийн ба нийгмийн чанартай орон сууц гэж зарчмын хувьд хоёр ялгаж авч үзэж иржээ. Гэхдээ зөвхөн нийгмийн чанартай орон сууцжуулах хөтөлбөрт нь төрийн зохицуулалтыг хэрэглэж байна.Тэрнь орлого багатай иргэд болон төрийн албан хаагчдыг өртөг багатай орон сууцтай болоход дэмжлэг үзүүлэх асуудал. Ингэхдээ гол нь газрыг нь үнэгүй гаргаад, дээр нь дэд бүтцийг нь бий болгоод, тэнд орон сууц барих хувийн хэвшлийн компанийг сонгон шалгаруулаад, борлуулах үнийн дээд хязгаар, ашиглалтанд өгөх хугацаагаа зэргийг гэрээгээр хатуу тохирч хэрэгжүүлсээр
байна.
Мөн дээр нь байрны үнийн төлбөрийн тухайд тодорхой бага хувийн дотациг төрийн зүгээсөгснөөс гадна төлбөр хийгдэх хугацааг нь хангалттай уртасгасан байх жишээтэй. Уг нь ийм асуудлыг салбарын яам болон Засгийн газар зохицуулах боломж эрх зүйн орчны хувьд нээлттэй байгаа. Гэтэл боломжтой хүмүүсийн худалдаж авч байгаа өндөр үнэтэй орон сууцнуудыг хөтөлбөртөө бүртгэж аваад суугаад байна гэхэд хилсдэхгүй байхаа. Тухайлбал БЗД-ийн 13,14 хороог энэ хөтөлбөрт хамруулахаар дэд бүтцийн асуудлыг улсын төсвийн хөрөнгөөр шийдсэн. Энд байгаа гэр хороололын өрхүүд энэ хоёр хорооны нийт газрын үсрээд гуравны нэг дээр орон сууц барихад л бүх айлууд орчихоор байгаа. Өрх бүрт дунд түвшний хоёр өрөө орон сууц газрын чинь оронд олгоё гэхэд үгүй гэх өрх бараг л байхгүй л бололтой. Мэдээж энд иргэдийн хамтын бүтээл ч санаачлага маш чухал л даа. Гэтэл яамны төслийн нэгжээс явж байна газраа тийм үнээр өгвөл өг, өгөхгүй бол нүүгээрэй гээд хэн нэгнийг явуулаад сууж байх жишээтэй. Ийм л байна.