2013 оноос өмнө төрсөн Монгол Улсын бүх иргэнд газар өмчлүүлнэ
2008.05.22

2013 оноос өмнө төрсөн Монгол Улсын бүх иргэнд газар өмчлүүлнэ

УИХ-ын нэгдсэн чуулганаар өчигдөр Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж баталлаа.

Хууль батлагдсаны дараа уг хуулийн төсөл дээр ажилласан УИХ-ын гишүүн Г.Батхүү, Д.Ганхуяг, Т.Очирхүү нар хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Үндсэн хуульд "Монгол Улсын иргэн бүр газар өмчлөх эрхтэй" гэж заасан. Газрын тухай хуульд "Иргэн бүр нэг удаа газар өмччлөх эрхтэй" гэж заасан байгаа. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх хууль батлагдсанаар энэ хоёр хуулийн заалт хэрэгжих боломжтой болж байгаа юм. Энэ хуулиар дөрвөн төрлийн харилцааг зохицуулж өгсөн.

Иргэн бүрт өрхийн зорилгоор газар өмчлүүлэх, өмнө өмчлүүлсэн газрыг гэр бүлийн аль нэг гишүүний нэр дээр шилжүүлж, үлдсэн гишүүдэд шинээр газар өмчлүүлэх, иргэдэд өмчлүүлэх газрын хэмжээг нэмэгдүүлэх гэх мэтчилэн. Нийслэлийн хүн амын 70 хувь нь гэр хороололд амьдарч байгаа. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжсэнээр гэр хороололд ногдож байгаа энэ газрын хэмжээг нэмэгдүүлэх, зөвхөн нийтийн орон сууц биш, хувийн эдлэн газар, хаусын барилгыг нэмэгдүүлэх боломжтой. Мөн энэ хуулиар улсын чанартай авто замын дагуух газрыг орон нутгийнх нь мэдэлд өгч, түүгээр дамжуулан иргэдэд өмчлүүлэх бололцоог нээж өгсөн. Авто замын тухай хуулиар улсын чанартай зам дагуух 100 метрийн доторх газар улсын өмч байдаг.

Үүнээс гадагших газрыг иргэдэд үнэгүй өмчлүүлнэ. Гэхдээ өмчлөх газрын хэмжээ хуучин хуулинд заасан нийслэлд 0,07 га, аймагт, 0,35 га, сумдад 0,5 га байгаа. Хууль хэрэгжсэнээр улсын хэмжээнд хувьчлагдах газрын хэмжээ дор хаяж тав дахин нэмэгдэнэ, иргэд газраа эргэлтэнд орулах боломжтой болж эдийн засгийн үр өгөөж нь ч нэмэгдэнэ. Удахгүй УИХ-аар Хот байгуулалтын тухай хууль, Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг баталсны дараа өмчлөгдсөн газрыг эргэлтэнд оруулах боломж улам нэмэгдэх юм байна.

Ц.БУЛГАН
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.