Монгол Улсын иргэн бүр газар өмчилнө
УИХ Газар өмчлөлийн тухай хуулийн хугацааг таван жилээр сунгаж, хуулийн зарим заалтад өөрчлөлт оруулан баталлаа.
Энэ дөрвөн жилийн парламентыг бүрдүүлж буй улстөрийн хүчнүүдийн ойлголцол дээр батлагдсан ач холбогдолтой хуулиудын нэг хэмээн төрийн түшээд олзуурхаж байна. УИХ-ын гишүүн Т.Очирхүү, Г.Батхүү, Д.Ганхуяг нар уг хуулийн төслийн ажлын хэсэг орж ажиллажээ. Тэд хуулийн талаар өчигдөр мэдээлэл хийсэн юм. Өрх бүрт газар өмчлүүлнэ гэж өмнөх хууль заасан. Харин энэхүү хуулийн өөрчлөлтөөр иргэн бүр газартай болох боломж бүрдэж байна. 2013 оны тавдугаар сарын нэгэн хүртэл хууль хүчин төгөлдөр. Тиймээс энэ таван жилд Монгол Улсын иргэн бүр газартай болох ёстой. Хуучин хуулиар зөвхөн өрхийн нэг гишүүний нэр дээр газраа авч бүртгүүлсэн байгаа. Тэгвэл гэр бүлээрээ ярилцаж байгаад хэн нэгэндээ одоогийн авсан газраа шилжүүлээд өрхийн гишүүн бүр өөр өөрийн газартай болох нь. Иргэн бүр тухайн газар нутгийнхаа байршлаас шалтгаалан дунджаар 0.7 га газар авлаа гэхэд Монгол Улсын нутаг дэвсгэрийн 0.12 хувь* л хувийн өмчлөлд очих юм. Мөн нэг өрх таван ам бүлтэй гэхэд 0.35 га газар эзэмших эрхтэй. Харин үр хүүхэд нь өрх тусгаарлаж гарахад өөрийн эзэмшлийн газраа салгаад авч болно. Мөн эцэг нь өөрийнхээ нэр дээрх газрыг хүүдээ шилжүүлэх гээд бүх эрх зүйн харилцаа нээлттэй юм байна. Өрхийн хэрэгцээнд нэг удаа 0.7 га газрыг өмчлүүлж байхад гэр бүл дотор маргаан гардаг байсан. Харин иргэн бүр газартай учраас ямар нэгэн маргаан гарахгүй байх талтай гэнэ.
Иргэн бүр газартай болсноор сум суурин газрын хөгжил хурдасч, газрын үнэ цэнэ чухам юу болохыг мэдрэх болно гэж төрийн түшээд баталсан хуулийнхаа ач холбогдлыг үнэлж байлаа. Яагаад гэвэл нийслэлийн иргэн заавал хотдоо гэхгүйгээр хөдөө орон нутагт газартай болох боломжтой. Манай хүн амын 70 хувь шахам нь нийслэлд төвлөрч байна. Монгол улсын иргэн хүссэн газраа хувьчилж авах эрх нээлттэй учраас хөдөө орон нутагт буй газрыг хувьчлах нь төвлөрлийг сааруулах нэг алхам хэмээн үнэллээ. Өнөөдөр бүх сум, суурин газрууд төвийн эрчим хүчний системд холбогдсон. Үүнийгээ дагаад халаалт, цэвэр бохир усны холболт хийх, шинээр байшин барилга барих ажил хөдөө орон нутагт эхэлж байна. Тиймээс юу юу ч үгүй газар одоо биш болсон. Аймгийн төв байтугай сумын төвд ч газар олдохгүй байж мэдэх нь. Эртнээс хуульд заасан эрхээ эдэлж иргэдийг газраа хувьчилж авахыг хууль батлагчид хүслээ. Дэд бүтэцтэй аятайхан газар авахын тулд эртхэн шиг бичиг баримтаа бүрдүүлэн өгөх хэрэгтэй юм байна. Иргэний өргөдөл өгсөн дарааллаар нь сонголт хийлгэх. тул урьтсан нь хожино гэсэн үг. Мөн улсын чанартай зам дагасан газруудыг нь тухайн орон нутгийн удирдлагатай ярилцаж байж өмчлөх юм. Гэхдээ тухайн орон нутгийн засаг захиргаа хувьчлах газар нутгийнхаа кадастрын зураглалыг гаргасан байх шаардлагатай юм байна. Тухайлбал, нийслэлээс "Атар"-ын сангийн аж ахуй хүртэлх зам дагасан 100 км газрын аль хэсгийг нь хувьчилж болохыг Төв аймгийн засаг захиргаа шийдэх эрхтэй. Харин замаас 100 метр доторхи газрыг аюулгүй байдлыг үүднээс хувьчилж болохгүй. Таван жилийн хугацаа дууссаны дараа газрыг үнэтэй хувьчлах ч юм уу ямар нэгэн төлбөртэй болж магадгүй гэнэ. Гэхдээ шинээр мэндэлсэн иргэнд бол газрыг нэг удаа үнэгүй хувьчлах нь хэвээр байх бололтой.