2008.12.20

Газар өмчлүүлэх тухай хуулийн төсөл өргөн барив

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Т.Очирхүү, Б.Батбаатар нарын гишүүдийн санаач-лан боловсруулсан "Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай" хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Лүндээжанцанд өчигдөр өргөн барилаа. "Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай" хуулийг хэрэгжүүлэх хугацаанд ард иргэдээс гаргасан дийлэнх санал хүсэлт нь энэ хуульд газрыг иргэнд өмчлүүлэх хоёр зориулалтыг дурьдахдаа, нэг нь аж ахуйн буюу тариа, ногоо тарих зориулалтаар, нөгөө нь гэр бүлийн хэрэг-цээнд гэж хатуу тодорхойлсонтой холбоотой байна. Энэ нь гэр бүл үүсгэж байгаагүй иргэдийн газар өмчлөх эрхийг хязгаарласан заалт болсон байна гэж хууль санаачлагчид үзэж хуульд "Гэр бүлийн хэрэгцээнд" гэснийг "Хувийн хэрэгцээний" гэж өөрчлөхөөр хуулийн төсөлд тусгажээ.

Үндсэн хуульд Монгол улсын иргэнд газар өмчлүүлж болно гэсэн заалт бий. Мөн Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд Монгол улсын иргэн нэг удаа газрыг үнэгүй эзэмшүүлж болно гэсэн заалттай. Эдгээр заалтуудыг үндэслэн Монгол улсын иргэн бүрт газар өмчлүүлэх асуудлыг уг хуулийн төсөлд тусгасан байна. Өөрөөр хэлбэл найман ги-шүүүнтэй гэр бүл байлаа гэхэд найман гишүүн нь тус бүрдээ газар эзэмшиж болно гэсэн үг. Ингэснээр иргэд өмчлөн авсан газраа эдийн засгийн эргэлтэд оруулах бүрэн боломжтой болж байгаа юм. Тухайлбал газрынхаа зарим хэсгийг зарах буюу банкны барьцаанд тавьж зээл авах, ногоо тавьж худалдах зэрэг эдийн засгийн эргэлтийг бий болгох бүрэн боломжтой.

Дээрхи хуулийн төсөлтэй уялдуулан дараагийн хуулийн төслийг боловсруулж байгаа гэдгээ хуулийн төсөл боловсруулсан гишүүд онцолсон. Энэ нь газрын үнэлгээний тухай хууль юм. Тус хуульд газрыг метр квадратаар нь үнэлж өгөх аж. Үнэлгээтэй газар нь банкны барьцаанд тавихад ямар нэгэн маргаан гарахгүй сайн талтай төдийгүй худалдсан тохиолдолд доод үнэ болж өгөх гэнэ. Өөрөөр хэлбэл тухайн газрын үнийн доод хязгаарыг тогтоож өгч байгаа учраас иргэд газраа үнэ хүргэх боломж бүрдэж байгаа юм.

Хэрэв уг хуулийн төслийг УИХ батлах юм бол 2012 оны тавдугаар сарын нэгэн хүртэл хүчин төгөлдөр үйлчлэх юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.