Европарламентын дотоод дэгийн тухай
Европын Холбоо хэмээх байгууллагын анхны үүсэл нь 1952 оноос эхтэй.
Харин 2004 оны 10 дугаар сард Европын Холбооны гишүүн орнуудын төр, засгийн тэргүүнүүд чуулж Европын нэгдсэн Үндсэн хуулийг баталсан. Үндсэн хуулийг гишүүн орон болгон өөрийн дотооддоо хүлээн зөвшөөрөн баталсан байх шаардлагатай бөгөөд зарим улсууд нь бүх нийтийн санал хураалтын замаар, зарим нь өөрсдийн улсын парламентаараа хэлэлцүүлэн батлах юм байдаг. Бүтцийн хувьд Европын Холбооны Зөвлөл, Европын Комисс, Европын Парламент, Европын Шүүх, Санхүүгийн хяналтын газар зэрэг эрх бүхий байгууллагуудаас бүрдэнэ.
Манай сайт энэ удаад Европарламентын дотоод дэг , зохион байгуулалтын талаар та бүхэнд танилцуулж байна. Европын холбооны улсуудын парламентыг Европын холбооны Ассамблей буюу Европарламент гэж нэрлэдэг. Энэ Европарламент нь Европын холбооны улсуудын харилцаанд эрх зуйн үүднээс хандаж, асуудлыг шийдвэрлэдэг байгууллага юм.
Европарламент нь нийт 626 гишүүнээс бүрддэг. Гишүүн орон бүр тодорхой тооны гишүүд Парламентад сонгох квоттой. Тухайлбал Герман 99, Англи, Итали, Франц тус тус 87, Люксембург 6 гишүүн сонгох жишээтэй. Парламентын сонгууль 5 жил тутам явагддаг. Энэ удаагийн парламентын бүрэн эрхийн хугцаа энэ жил буюу 2008 онд дуусаж байгаа.
Европарламент нь жил бүрийн гуравдугаар сард чуулдаг. Бүгд чуулган Стасбург хотод хуралддаг. Чуулган тэдэн өдөр үргэлжилнэ гэсэн заасан хуга цаа байдаггүй, чуулганы үеэр хэлэлцэх асуудлын хүрээнээс хамаарч чуулах өдрийг тогтоодог.
Парламентын дарга нь чуулган дээрх хэлэлцүүлэг болон парламентын үйл ажиллагаа, түүний байгууллагуудыг удирдаг. Тэрээр танхимын дэгийг сахиулж мөн санал хураалтыг удирдан явуулна.
Гишүүд танхимд хэв журам зөрчих үед дарга арга хэмжээ авна. Үүнд:
- Эхний удаа сануулга өгнө.
- Давтан зөрчвөл дахин сануулах бөгөөд протоколд тэмдэглэнэ.
- Гурав дахиа зөрчвөл хуралдаан дуустал гарч явахыг шаардана.
Илүү ноцтой үед “буруушаах тогтоол” гаргахыг санал болгоно. Хэрэв парламент уг тогтоолыг зөвшөөрвөл зөрчигчийг танхимаас гаргах бөгөөд хоёроос тав хүртэлх өдрийн хугацаанд оролцох эрхийг хасдаг байна. Европарламентын хэлэлцүүлэг, хуралдаан олон нийтэд ил тод байх бөгөөд онцгой тохиолдолд нууц байж болдог.
Хураалтад оролцох эсэх нь гишүүний эрхийн асуудал байдаг бөгөөд гишүүдийн гуравны нэг хүрэлцэн ирснээр хуралдааны ирц бүрдсэнд тооцдог . Харин шийдвэрийг ердийн олонхоор / хамгийн олон гишүүний санал авч чадсан бол хэдэн гишүүний санал авсан хамаагүй/ саналаар баталдаг.
Санал хураах түгээмэл хэлбэр нь гар өргөх явдал байдаг. Үүнийг ердийн арга гэж нэрлэдэг. Зарим үр дүн нь эргэлзээтэй нөхцөлд суудлаасаа босох, нэрээр санал хураадаг.
Гишүүд улс төрийн фракцуудад улс орны харъяаллаар бус үзэл бодлын ялгаагаар хуваагдаг. Нэг фракц нь 14-өөс доошгүй гишүүнтэй байх ёстой байдаг. Харин нэг гишүүн нэг л фракцын гишүүн байх ёстой. 1999 оны байдлаар 10 намын бүлэглэл ажиллаж байна. Европарламент намын бүлгүүдийг төлөөлөгчдөөс бүрдсэн 20 байнгын хороотой. Европарламент гадаад орнуудтай харилцах 2 бүлэг, 5 хамтарсан комисстой. Тухайлбал 25 гишүүн бүхий Төв Ази, Монголын бүлэг манай оронтой хамтран ажиллах асуудлыг хариуцдаг.