Д.Ганхуяг: Бодлого тодорхойлох явцыг чанаржуулъя
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Ганхуягтай парламентын төлөвшлийн талаар ярилцлаа.
-Парламентын засаглалд шилжсэнээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. УИХ-ын гишүүний хувьд та бодлого тодорхойлох процедурыг хэрхэн үнэлж байна вэ?
-Монголын парламент 16 жил ажиллаж байна. Энэ хугацаанд улстөрчид, төрийн албан хаагчдын хөдөлмөрийн үр дүнд УИХ-ын үйл ажиллагаа чамлахааргүй үр дүнд хүрсэн. УИХ-ын үйл ажиллагаа болон үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийх нь чанарыг дээшлүүлэхийн тулд бодлого боловсруулах, шийдвэр гаргах процесс, тэдгээрийн тогтолцоог боловсронгуй болгох хэрэгтэй байна. Угаасаа парламентын гол үүрэг бол нийгмийн ашиг сонирхлын бүлэг хоорондын харилцааг тэгш, шударга, тэнцвэртэй зохицуулахад шаардагдах эрх зүйн орчинг бүрдүүлэх шүү дээ.
-Гэхдээ бодлого боловсруулах процессыг намууд удирддаг шүү дээ. Тухай намын үзэл баримтлалаар асуудал шийдэгдэх нь зөв үү?
-Тийм. Гэхдээ бас төрийн захиргааны төв байгууллага, иргэний нийгмийн байгууллага, Засгийн газар, хэвлэл, мэдээллийнхэн бодлого боловсруулах процесст голчлон тоглодог. Парламентад ёстой бусад оронд ч төрийн бодлого боловсруулах шатлал иймэрхүү л байдаг юм. Харин яавал төрийн бодлого чанартай гарах вэ гэсэн өнцгөөс асуудалд хандаж, процедураа байнга боловсронгуй болгож байгаа орнууд тусмаа хөгжиж байна. Тухайлбал, нийгэмд байгаа асуудлуудын дотроос төрийн бодлогоор зайлшгүй шийдэх шаардлагатай зүйлийг байнга судалж илрүүлэх шаардлагатай. Парламентын бодлогын шийдвэрийн төсөл. Тухайн бодлогын асуудлыг шийдвэрлэх арга хэмжээнд шаардагдах мэдээллийг цуглуулан шинжилгээ хийж, хамгийн тохиромжтой бодлогын шийдвэрийн төслийг бэлтгэн өргөн барих нь үүнд нөлөөлнө. Мөн шийдвэр гаргах эрх бүхий байгууллага нь асуудлаа албан ёсоор өрсөлдүүлэн хэлэлцэж зөвшөөрөх, өөрчлөлт оруулах эсхүл хэлэлцэхгүй гэсэн шийдвэрүүдийн аль нэгийг гаргах шаардлагатай.
-Тэгвэл манайд энэ шатлал ямар байна вэ?
-Дунд буюу дундаас доош гэж хэлж болно. Учир нь нийгэмд төрийн бодлогоор шийдвэрлэх асар олон асуудал хуримтлагдчихаж. Нөгөө талаас УИХ-аас баталж буй шийдвэр нь иргэний нийгмийн сонирхлын бүлгүүдийн эрх ашгийн тэнцвэртэй хангаж байгаа гэдэг эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл, бодлого боловсруулах явцын гол оролцогчид нь улс төрийн нам, төрийн захиргааны байгууллага, иргэний нийгмийн байгууллага байдаг, Гэтэл ардчиллын суурь зарчим биеллээ олоогүй, буурай хөгжилтэй орнуудад бодлого боловсруулах явцад оролцогч нь зөвхөн улс төрийн нам буюу парламентын олонх, мөн төрийн захиргааны байгууллагынх болж туйлшрах явдал байсаар ирлээ. Товчхондоо хандлага нь маш тааруухан эрсдэлтэй гэсэн үг.
Үүн дээр ганцхан жишээ хэлье л дээ. Монголд 2004-2008 оны хооронд УИХ-аар батлагдсан хууль болон бусад шийдвэрийн 82 хувь нь төрийн захиргааны байгууллагаас оруулсан төслүүд байх юм. Иймээс ардчилсан засаглалын суурь зарчмыг баримтлан бодлого боловсруулах, шийдвэр гаргах явцад иргэний нийгмийн оролцоо буюу төр, иргэний нийгмийн түншлэл, хамтын ажиллагааг сайжруулах нь тулгамдсан асуудлын нэг болжээ. Тэгэхээр иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэхдээ эрх ашиг нь хөндөгдөж буй иргэд, сонирхогч талуудын оролцох эрхийг хангахтай холбогдуулж бодлогын яриа хэлэлцээр өрнүүлэх боломжтой бүх механизмыг бэхжүүлэх шаардлагатай юм. Өөрөөр хэлбэл, бодлого боловсруулах явцад УИХ, Засгийн газар, иргэний нийгмийн оролцоо, тэр дундаа сонирхогч талуудын оролцох эрхийг нээлттэй сонсгол, хэлэлцүүлгийн механизмыг байнга ашиглаж хангах нь зүйтэй. Түүнчлэн иргэний нийгмийн байгууллагуудын бодлогын яриа хэлэлцээрийг дэмжих болон оролцох эрхийг хангах Засгийн газрын нэгж байгуулж ажиллуулах шаардлагатай тулжээ.
-УИХ-аар батлагдсан олон хууль, тогтоомж араасаа хэл ам дагуулдаг л даа. Алдаа, эндэгдэл ч хуульд байх нь бий. Энэ юунаас үүдэлтэй вэ?
-Парламентын бодлогын шийдвэрийн төслийг холбогдох хуулиар Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, Засгийн газар өргөн барих эрхтэй. Манайтай адил парламентын засаглалтай ихэнх оронд ч ийм байгаа. Өргөн баригдсан бүх шийдвэрийн төсөлд Засгийн газар санал өгдөг юм. Гэтэл Засгийн газраас УИХ-д орж ирж байгаа төслүүд хууль зүйн болон хэл зүйн талаасаа учир дутагдалтай орж ирдэг. Парламентын нэг танхимтай цөөхөн гишүүнтэй оронд Засгийн газрын болон УИХ-ын хуулийн хэлтсүүдийн эрх, үүрэг, хариуцлага маш чухал байдаг гэх үү дээ. Мэдээж эцсийн хамгийн чухал хяналтыг Ерөнхийлөгч хэрэгжүүлж байна. Гэтэл эдгээр хэлтсийн үйл ажиллагаа боловсронгуй бус байгаагаас УИХ-д орж ирсэн бараг бүх төсөл дээр ажлын хэсэг байгуулдаг.
Үүнээс болоод УИХ-ын үйл ажиллагаа хүндэрч, удаашран гүйцэтгэх засаглалдаа хяналт тавих, өмнө гаргасан хуульд мониторинг хийж боловсронгуй болгох, шинэ эрх зүйн орчноо яаралтай бүрдүүлж чадахгүй байх зэрэг асуудал газар авсаар байна. Бас нэг зүйл нь тухайн салбарын төрийн захиргааны төв байгууллагаа: оруулж буй хуулийн төсөл зөвхөн Засгийн газрын хуралдаанаар дамждаг. Тиймээс хуулийн төсөлд зөвхөн тэр салбарын нь эрх ашиг давамгайлж бусдынх нь оролцоо хангагдахгүй буюу хөндөгдсөн хууль батлагдах тохиолдол ч байсаар ирлээ.
-Тэгээд яах ёстой гэж. Гарц байна уу?
-Нэгд. Засгийн газар хуулийн газрыг хэвтээ босоо чиглэлд УИХ, Засгийн газартай хамтран ажилладаг болохыг хуульчлах. Туршлагатай, мэргэжлийн орчин үеийн өндөр чадавхтай мэргэжилтэн ажиллуулах. Хоёрд, өргөн баригдсан хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар оруулахын өмнө яамдын хуулийн хэлтсийн дарга болон дэд сайдын хамтарсан хурлаар оруулж, гарсан шийдвэрийг Засгийн газар хүргүүлдэг болох хэрэгтэй. Яагаад дэд сайд гэвэл сүүлийн үеийн хандлагаар бол парламент дээрх мэтгэлцээнийг зөвхөн улстөрчид хоорондын мэтгэлцээн байх нь зүйтэй гэсэн хандлага гараад удлаа. Салбарын сайд байхгүй үед дэд сайд УИХ-ын бүтцийн хуралдаанд оролцдог. Нөгөөтэйгүүр, парламент голчлон улстөрчтэй хариуцлага тооцдог шүү дээ.
Ер нь дэд сайд тухайн яаманд улс төрийн болоод хууль хэрэгжүүлэх, боловсронгуй болгох асуудлыг дагнан хариуцдаг байна гэсэн үг. Парламентад төрийн байгууллага, Засгийн газраас оруулж буй бодлогын шийдвэрийн төсөл нь мэргэжлийн болон технологийн чанартай өргөн мэдлэг, мэдээллээр баталгаажсан хэлзүйн болоод хуульзүйн өндөр түвшинд бэлтгэгдсэн байх шаардлага чухал. Анхаарах өөр зүйл нь хэдийгээр яамдын тоо цөөхөн байх нь зөв ч, бас хүн ам багатай ч бие даасан улс учраас байвал зохих төрийн захиргааны байгууллага, төрийн албан хаагчид шаардлага хангах түвшинд байх нь юунаас ч чухал. Мэдээж тооноос чанарыг эрхэмлэх зүйн хэрэг.
-Хууль батлах бус хуулийн төсөл боловсруулах ажлыг чанаржуулах хэрэгтэй юм шиг санагддаг.
-Гадаадынхан ч тэгдэг юм. Манай төрийн захир-гааны төв байгууллагын бодлого боловсруулах чадварыг сул гэж дүгнэдэг юм билээ. Угаасаа ч хууль тогтоох явцын тухайд нэлээд асуудал бий. УИХ 76 гишүүнтэй хамтын удирд-лага бүхий төрийн эрх барих дээд байгууллага. УИХ хууль батлах, бусад шийдвэр гаргах эрхээ Үндсэн хууль болоод УИХ-ын тухай хуульд зааснаар намын бүлэг, түр болон дэд хороо, байнгын хороо, нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэн санал хурааж хэрэгжүүлэх ёстой. Гэтэл УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хэмээх захиргааны чанартай олон нийтэд хаалттай бүтэц байсаар өдийг хүрлээ.
Парламент нь нэг тамхимтай УИХ-ын дарга нь намын харьяаллаас түдгэлздэггүй тохиолдолд ард түмний төрийн эрх барих төлөөллийн байгууллагад ийм бүтэц байх нь зохисгүй. Өнөөдөр УИХ-д төрийн байгуулалтын байнгын хороо \ТББ\ гэж байгаа. Уг байнгын хороогоор ихэвчлэн гүйцэтгэх засаглалын асуудлыг хэлэлцдэг. Энэ нь ч мэдээж парламентын засаглалтай оронд Засгийн газар нь хууль, бусад шийдвэрийг биелүүлэх үүргийг парламентынхаа өмнө хариуцдаг учраас тэгдэг. УИХ-ын ажлын гол хэсэг болох хяналт, шалгалтын ажил юм л даа. Харин үүнээс гадна парламентын засаглалтай ихэнх оронд УИХ өөрийнхөө үйл ажиллагааг байнга боловсронгуй болгох зорилго бүхий зохион байгуулалтын байнгын хороотой байдаг. Ийм хороогүй болохоор УИХ-ын үйл ажиллагаа хийгээд хууль тогтоох явц боловсронгуй болох боломж хомс байна.
-Ингэхэд, хуулийн хэрэгжилт хэр байна гэж та дүгнэж байгаа вэ?
-Хуулийн хэрэгжилтийн тухайд маш хангалтгүй байгаа нь хэнд ч ойлгомжтой. Олон хүчин зүйлийг нэрлэж болно. УИХ-аас гарч байгаа хуулийн чанар тийм ч сайн биш. Өмнө гарсан хуулийнхаа хэрэгжилтэд хяналт тавьж боловсронгуй болгох, шинээр бий болгох эрх зүйн орчны хүрээнд бодлогын судалгаа шинжилгээ хийх үйл ажиллагаа хангалтгүй явагддаг. Бүхэл бүтэн орны парламентад бодлогын, шинжилгээ судалгааны ганцхан төв байдаг бөгөөд энд гарын таван хуруунд багтах тооны хүн ажилладаг. Ардчилсан эрх зүйт төртэй улс оронд төрийн байгууллага, улс төрийн болон төрийн албан хаагч хуулиас гадуур гишгэх боломжгүй байдаг.
Гэтэл энэ зарчим хамгийн их алдагдаж байгаа, манайд. Нөгөө талаас эрх мэдэлтэй, мөнгөтэй, танилтай, намын харьяалалтай хүмүүст хууль үйлчлэхгүй байгаа нь илт ажиглагдсаар ирлээ Дээр нь ил тодоор хариуцлага алдсан улстөрчидтэй улс төрийн хариуцлага тооцох гэхээр нөгөө хууль тогтоох байгууллагын олонх нь "хууль зөрчөөгүй, огцруулахгүй" гээд аваад үлдчих жишээтэй. Ийм байдалд хууль хэрэгжинэ гэхэд хэцүү. Нөгөө дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй. Загас толгойноос өтдөг гэдэг л болчих гээд байна. Энэ байдлыг засахгүй бол шударга бус явдал газар авах нь мэдээж. Өнөөдөр хууль дээдлэгдэдэг орон л хөгжилтэй, иргэд нь эв нэгдэлтэй , төр ба иргэд, иргэд хоорондоо бүтээлчээр хамтран ажиллаж, амьдарч чадаж байна.
-Эцэст нь асуухад. төрийн бодлогод хэн үнэлэлт өгдөг юм. Цэцээр ч юмуу орж, Үндсэн хууль зөрчигдсөн эсэх нь тог-тоогдохоос бусдаар бол хуулийн үнэлэмж алга юм шигээ?
-Төрийн бодлогын үнэлгээ бараг байхгүй. Тухайлбал жил бүрийн үндсэн чиглэл, төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг өөрсдөө дүгнэдэггүй. Хараат бус хөндлөнгийн байгууллагаар энэ ажлыг хийлгэдэг. Манайд одоохондоо энэ үүргийг Үндэсний аудитын газар гүйцэтгэж байгаа бололтой. Гэхдээ энэ үйл ажиллагаа маш хангалтгүй. Эрх зүйн тодорхой бус байгаа болохоор тэгэхээс ч яахав дээ. Төрийн бодлогын үнэлгээ нь зөвхөн төсвийн хөрөнгө оруулалтын хүрээгээр зогсохгүй төрийн байгуулагын удирдлага менежмент өрсөлдөх чадвар, тухайн салбарын хуулийн хэрэгжилтийн түвшинг хамарч байна. Төрийн бодлогын хэрэгжилтэд жил бүр үнэлгээ хийснээр бодлогыг хэрэгжүүлэх менежмент болон хэрэгжилтийн түвшин, үр дүн сайжирч энэ нь улс орны хөгжил, өрсөлдөх чадварт асар их үүргийг гүйцэтгэсээр байна л даа, бусад оронд. Тухайлбал, Засгийн газар УИХ-ын баталсан төсвийн хөрөнгөөр тендерийн тухай хуулийн хүрээнд асар их хөрөнгөөр худалдан авалтыг хийж байна. Энэ тендер шалгаруулалтыг уг хуульд өөрчлөлт оруулан сонирхогч тал, олон нийтийн оролцоог эрх, үүргийг хангах байдлаар ил, тод шударга болгох шаардлагатай байна.
Өнөөдөр бүтээн байгуулалтын ажлын чанарт тавих хяналт сул байна. Ийм хяналтуудыг төр шууд хийх шаардлагагүй тул тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн компаниудаар хийлгэж, төр зөвхөн давхар хяналтыг гүйцэтгэдэг. Гэтэл төр даахгүй нохой булуу хураана гэдгийн адилаар бүх юманд хуучин арга барилаараа оролцож байгаагаас бүтээн байгуулалтын ажлын чанар, өрсөлдөх чадварт садаа болсоор л. Мөн авлигын асуудал ч гарсаар байгааг үйсгэхгүй юм. Өнөөдөр хөгжилтэй орон тусмаа хувийн хэвшлийнхээ гүйцэтгэлийн чанарт хүрэхгүй ч гэсэн төрийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлын чанарын түвшин өндөр байна.
Эцэст нь хэлэхэд, төр-ийн бодлого тодорхойлох. шийдвэр гаргах явц тэр циклээрээ явагдаж өдөр бүр боловсронгуй болсоор байна. Иймээс Монголын парламент ч гэсэн энэ гольдролд орж урагшилмаар санагддаг. Мөн парламентын үйл ажиллагаа тэр бүтээмжийг дээшлүүлэхэд Үндсэн хуульд оруулсан УИХ-ын болон байнгын хорооны ирцийн 50+1-ийг өөрчилж 2\3 болгох шаардлагатай.