М.Энхболд: МАХН ганц нэг хүмүүсээс хамаардаг жижиг газар биш
Монгол Улсын Ерөнхий сайд, МАХН-ын дарга М.Энхболд
2008.08.12

М.Энхболд: МАХН ганц нэг хүмүүсээс хамаардаг жижиг газар биш

Монгол Улсын Ерөнхий сайд, МАХН-ын дарга Миеэгомбын Энхболд бидний урилгыг хүлээн авч, манай сурвалжлагчидтай ярилцав. МАХН-ын эргэн тойронд өрнөж буй үйл явдал, саяхан болж өнгөрсөн МАХН-ын Бага хурал, Засгийн газрын үйл ажиллагаа, дуулиан шуугианы төвд буй асуудлууд гэх мэт өргөн хүрээтэй сэдвийг бид хөндсөн юм.

-Мэдээж хэрэг, бидний ярилцлага болж өнгөрсөн МАХН-ын Бага хурлаас эхлэх нь ойлгомжтой. Ер нь ямархуу хурал болж өнгөрөв өө. Бага хурлын үр дүнг намын даргын хувьд Та хэрхэн үнэлж байна?

-Намын бага хурлын үр дүнг үнэлэхийн тулд тавьсан зорилго, уг зорилгодоо хүрсэн эсэхтэй нь холбон үзэх хэрэгтэй. Энэ талаас нь авч үзвэл Намын бага хурал хоёр үндсэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөж, түүнийгээ амжилттай хэрэгжүүлсэн. Юуны өмнө манай нам 2004 онд сонгогчдодоо өгсөн амлалтаа хэрхэн хэрэгжүүлж байгааг хэлэлцэж, маш тодорхой дүн тавьсан. Бид дараагийн сонгуульд амлалтаа бүрэн биелүүлсэн дүнтэйгээр орох гэж байгаа нь бидний хамгийн том амжилт юм. Өнөөгийн байдлаар МАХН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт 76 хувьтай байна. Үлдэж буй 20 гаруй хувь нь хэрэгжих шатандаа яваа. Бид 2004 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо улсынхаа нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх, ард түмнийхээ амьдралын түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн зургаан бүлэг, 19 чиглэлийн 167 багц асуудлыг мөрийн хөтөлбөртөө тусгасан юм.

Хоёр дахь асуудлын тухайд гэвэл намын дотоод амьдрал шинэчлэлийн талаар урьд өмнөхөөс илүү нухацтай, илэн далангүй хэлэлцлээ. Жигүүр, хөдөлгөөн, намын зарим гишүүдийн зүгээс дэвшүүлсэн асуудлуудыг шийдвэрлэх үүднээс тэдний төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулж, намын дүрмийн өөрчлөлтүүдийг боловсруулан Бага хурлаар хэлэлцүүлснийг үндсэндээ бүрэн дэмжлээ.
Нам дотоод ардчилалтай байж, намын удирдах байгууллагуудаас гаргаж буй шийдвэр нь олон түмний санаа бодлыг тусгадаг байхад чиглэсэн өөрчлөлтүүдийг дүрэмдээ оруулж чадлаа.

Манай намд буй болоод байсан нам доторх шүүмжлэл, ил тод байдал хаагдмал, боловсон хүчний бодлогод алдаа дутагдал гарсан зэргийг засаж залруулах боломжтой болсон нь маш том үр дүн.
Бага хурлаас шийдвэрлэсэн нэг чухал асуудал бол есдүгээр сард дараагийн Бага хурлыг, аравдугаар сард ээлжит XXY Их хурлыг хуралдуулах шийдвэр гаргасан явдал юм.

Энэ шийдвэрт хүрэхэд амаргүй байсныг хэлэх хэрэгтэй. Миний хувьд илтгэлдээ ээлжит Их хурлыг хуралдуулах, Намын дүрмийн энэ талаарх заалтыг өөрчлөх тухай тодорхой хэлсэн.. Гэтэл энэ маань дэмжлэг аваагүй тул өөр хувилбар санал болгоход Бага хурал хүлээж авч, Их хурал зарлагдах боломж бүрдсэн юм. Их хурлаар шинэчлэлийн асуудлыг илүү өргөн хүрээнд, улам тод томруун тавьж, хэлэлцүүлэн шийдвэрлэх боломж олдоно гэдэгт итгэлтэй байна. Товчхон дүгнэвэл энэ удаагийн бага хурал чухал үр дүнтэй боллоо гэж хэлж болно.

-МАХН улс орныхоо хувь заяаг хөтөлж явдаг, 80 гаруй жил эрх барьж яваа улс төрийн хүчний хувьд олон түмэн, бусад улс төрийн хүчнүүд ч энэ нам юу ярих нь вэ гэдгийг ихээхэн сонирхож байсан нь лавтай. Тэдэнд хандаж Та юу хэлэх вэ?

-Үнэхээр МАХН нам шиг нам байхыг манай улс орны, монгол түмний маань эрх ашиг шаардаж байна. Энэ нам л улс орноо зөв удирдаад аваад явж чадна гэсэн итгэл олон түмний дийлэнхэд байна. Ийм нөхцөлд манай нам алдаа дутагдлаа засаж залруулж, улс орондоо шударга ёсыг тогтоох, бизнес, улс төрийг ангид байлгах, төрийн алба болон гишүүддээ ёс зүйн өндөр шаардлага тавьж ажиллах нь чухал юм.
Манай нам улс орныхоо эрх ашгийн төлөө шинэчлэлийг хийж байгаа гэдгийг хэлмээр байна.

-Та “шинэчлэл” гэдэг үгийг олон дурдлаа. МАХН түүхэн шинэчлэлийн босгон дээр иржээ. Шинэчлэл зайлшгүй гэдэгтэй Та санал нийлэх үү?

-Нийлнэ. МАХН Монголын хамгийн том, тулхтай улс төрийн хүчин. Энэ намд алдаа, онооны аль аль нь бий. Монголчуудын туулж өнгөрүүлсэн сүүлийн 80 гаруй жилийн түүх манай намтай салшгүй холбоотой. МАХН ямагт түмэн олонтойгоо жаргах, зовох цагт нь хамт байсаар ирснээр би бахархдаг. Нөгөө талаар алдаа буруугаа засан залруулж, цоо шинээр хүчирхэгжин, шинэ зорилт өөд ямагт тэмүүлж ирсэн энэ улс төрийн хүчин монгол түмний бий болгосон нэгэн үнэт зүйл. Хүмүүс янз бүрээр л дүгнэх байх. Гэсэн ч би хувьдаа ингэж л хардаг, үнэлдэг.

МАХН байнга шинэчлэгдсээр ирсэн. 1990-ээд оноос хойших шинэчлэлийн асуудал арай онцгой. Судлаач, мэргэдийн сонирхон үзэх ёстой асуудлын нэг мөн.

Ерөнхийлөгч Н.Энхбаяр намын дарга болсон үе буюу 1990-ээд онд МАХН бас нэгэн түүхэн шинэ сонголт, шинэчлэлийн замыг туулсан юм. Үндсэндээ бараг нуран уначхаад байсан энэ том организмд онол, үйл ажиллагааны шинэчлэл хийж, шинээр амьсгалан, шинэ цаг үед зохицож ажиллах дүр төрхийг бүрдүүлсэн Н.Энхбаяр даргын гавьяаг бид үнэлэх учиртай.

Одоо манай нам хоёр дахь түүхэн шинэчлэлийн босгон дээр ирээд байна. Нийгмийн харилцаа ямагт шинэ байхыг, олсноо бататгахыг, том аяны хажуугаархи жижиг хэрнээ томоохон хөнөөл авчирч болох саад тотгорыг тэгшлэн засахыг шаардаж байна.

Хүн төрөлхтний хөгжлийн нийтлэг, жам ёсны замыг сонгож, ардчилсан улс орон боллоо гэж баярлаад байсан чинь юу болчхов оо? Монгол маань хаашаа яваад байна вэ гэж иргэд, олон түмэн ний нуугүй асууж байна. Гол замаасаа хазайх шинжтэй байгаа бол засаж залруулаач, энэ ажлыг МАХН хошуучлан хийх ёстой шүү гэж тэд итгэж, шаардаж байна. Тэгэхээр бид олны энэ их итгэлийг алдаж болохгүй.

-Яг чухам юуг шинэчлэх ёстой гэж Та үзэж байна вэ?

-Намыг гишүүнчлэлгүй болгох, засаглалын хэлбэрийг солих, төрийн институцийн үүрэг хуваарилалтыг өөрчлөх гэх мэтийн зүйл ярьдаг хүмүүс бий. Би хувьдаа аль нь ч биш гэж бодож байна. Монгол орныг хөгжил цэцэглэлтийн ирээдүй рүү хөтлөх үүрэгтэй, хариуцлага хүлээх чадвартай нам бол манай нам. Парламентын засаглалтай оронд улс төрийн нам ямар байр суурьтай байх ёстой вэ, тэр зарчимд үйл ажиллагаагаа хэрхэн нийцүүлэх гэдэг нь намын шинэчлэлийн зангилаа асуудал.

Бид Ардчилсан социалист үзэл баримтлалтай. Энэ үзэл баримтлалын дэлхийн жишиг хандлагыг анхааран, авч хэрэгжүүлэх ёстой. Намд бас төр, түмний өмнө хүлээх ёс зүй гэж бий. Энэ ойлголт гишүүнээсээ эхлэх учиртай. Ёс зүйн хороог тусгайлан байгуулахаар болсон нь саяын хурлын нэгэн бодит үр дүн. Нөгөө талаар хүчтэй нам байхын тулд боловсон хүчний бодлогоо цэгцтэй, гишүүддээ ойлгомжтой байлгахыг бид эрмэлзэж байна. Намын дотоод ардчилал, үүрэг хүлээлгэх, хариуцлага тооцох тухай асуудлыг зорилго чиглэлтэй, эв нэгдэлтэй байх зарчимтай хослуулах ёстой болж байна. За тэгээд олон асуудал бий дээ. Тэр болгоныг энд нуршаад яахав. Хамгийн наад зах нь гэхэд л намын нэр хүртэл үүнд хамаатай бололтой.

Саяын Бага хурал шинэчлэлийн асуудлаар нэлээд сайн ярилцсан. Бага хурлын бүрэлдэхүүнд жигүүр, хөдөлгөөний төлөөлөл цөөнгүй суудалтай боллоо. Тэдэнтэй хамгийн ойрын түвшнээс хамтарч ажиллах ёстой гэдэг дээр С.Баяр дарга бид хоёрын байр суурь яг нэг байгаа. Нийт гишүүд маань нэг зорилготой, намын шинэчлэлийн асуудлаар нэгдмэл байр суурьтай байгаа нь сайн хэрэг. Бөхөөр бол наадмын дэвжээнд нэгэн шинэ хүч түрэн орж ирж буйтай намын шинэчлэлийг зүйрлэж болох байх. Шинэ үеийнхэн өмнөх үеийнхэнтэйгээ хамтарч, тэдний бүтээн бий болгосныг цаашид уламжлан үргэлжлүүлж явах ёстой. Энэ залгамж чанарын дархлаа манай намд баттай байр суурьтай гэж би итгэлтэй хэлж чадна.

Удахгүй болох Их хурал нэлээд олон асуултад хариу өгнө. Хурлын бэлтгэлийг хангах ажил Бага хурлын маргаашаас л эхэлсэн.

Чүдэнз зурахад нь дүрсхийтэл асаад байх ёстой гэж үү?
-Бага хурал дээр намын дарга, Ерөнхий сайдын албан тушаалыг салгах тухай яригдана гэж байсан ч Их хурал хүртэл хойшиллоо. Та салгах шаардлагагүй гэсэн байр суурьтай байгаа юу?

-Салгах, эс салгахыг Их хурал шийдэг. Аль нь бидэнд хожоотой вэ гэдгээ л бодох ёстой. Энэ бол миний байр суурь.

Эрх баригч намын дарга нь Засгийн газраа тэргүүлж ажилладаг жишгийг манай улс, манай нам сүүлийн жилүүдэд дагаж явна. Энэ дагуу намайг намын даргаар сонгогдсоны дараа Засгийн газрыг тэргүүлж ажиллах үүргийг жил хагасын өмнө өгсөн. Шийдвэрээ өөрчлөх үү, хэвээр байлгах уу гэдэг нь намын бодлогын асуудал юм. Удирдах зөвлөл, намын Бага хуралд ротаци хийх асуудлыг жигүүр, хөдөлгөөнөөс хөндөн тавьсан. Үүнтэй холбогдуулан жигүүр, хөдөлгөөний төлөөлөл бүхий ажлын хэсэг ажиллаж намын Бага хурлын бэлтгэлийг хангасан.

Ажлын хэсгээс оруулж ирсэн дүрмийн өөрчлөлтийн саналыг намын дарга, Удирдах зөвлөл дэмжиж, Бага хуралд оруулсан. Бага хурлаар эдгээр асуудлыг хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэсэн.
Намын дарга, Ерөнхий сайдын албан тушаалын хувьд салахгүй зууралдаад байгаа мэтээр хэвлэлд бичиж байгаа нь үндэсгүй зүйл. Хэрэв салгах хэрэгтэй гэж гишүүд, Их хурал шийдвэл харамлаад, хоргодоод байх сэтгэл надад үгүй. Хамтад нь хаших хэрэгтэй байна гэвэл ачаа үүрэх боломж, итгэл бас надад бий. Энэ асуудлыг Бага хурал хэлэлцэх нь зүйтэй гэдгийг би сая маш тодорхой хэлсэн юм аа.

-Хэрвээ салгах болоод аль нэгийг нь сонго гэвэл Та алинтай нь үлдэх вэ?

-Хэцүү асуулт байна. Надаар тийм сонголт хийлгэхгүйгээр шийдээд өгөх байлгүй дээ. Аль нь ч байсан би хоёргүй сэтгэлээр, хэрэгтэйг хийхийн төлөө л зүтгэнэ гэдгээ мэдэж байна. Дашрамд дурдахад, шаардлага тавьсан 13 гишүүн М.Энхболдоос “Та аль нэгийг нь сонго” гэсэн чинь “Намын даргатайгаа үлдье” гэжээ гэдэг зарим хэвлэлийнхний мэдээлэл бол “зохиол” шүү.

-13 гэснээс шаардлага тавьсан УИХ-ын нэр бүхий гишүүдийг намын дарга дарамталж, ирэх сонгуульд нэр дэвших карьерыг нь хаах гэж санаархаж байна гэсэн мэдээлэл нэлээд цухалзах боллоо. Та тэдэнтэй ямар харилцаатай байгаа вэ?

-Намын ажил асуудлаар бол намын даргын, засаг төрийн албаны хүрээнд Ерөнхий сайдын, бусад үед нэг намын журмын нөхдийн харилцаатай л байгаа. Би ад шоо үзээгүй ээ. Тавьсан шаардлагынх нь асуудлаар бүгдтэй нь санал солилцсон. АН Засгийн газрыг огцруулах асуудал тавьсантай зэрэгцээд энэ шаардлага орж ирсэн нь олон нийтийг жаахан гайхашруулсан тал бий байх. Гэхдээ тэдний тавьсан асуудлыг би анхнаас нь намын шинэчлэлийн асуудал гэж ойлгож, Засгийн газрыг огцруулахтай холбоогүй гэдэгт бүрэн итгэлтэй байсан. Бага хурлаар бид гишүүдтэйгээ хамтран санал солилцож, аль аль тал нь сэтгэл хангалуун үлдсэн гэж бодож байгаа.

Бид нэг л зүйлийн төлөө явж байгаа. Шаардсан, шаардуулсан хоёрт ямар нэг хар буруу санаа байхгүй. Намынхаа даргад хандаж үг хэлэх эрх гишүүдийн маань хэнд ч бий. Тэгснийх нь төлөө хавчиж, шоовдорлодог, золигт гаргадаг үе өмнөх зуунтай хамт түүхийн архивт үлдсэн.

-Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн нөлөө МАХН-д байсаар, тэр нь хэсэг бүлэг болж талцах нөхцөлийг бүрдүүлж байна, бүлгийн эрх ашиг зөрчилдөөний үндэс болдог гэсэн дүгнэлтийн талаар Таны байр суурийг сонирхмоор байна.

-Хэнд ч гэсэн хувь хүний, магадгүй нэг хэсгийн эрх ашиг гэж байж болох л доо. Гэхдээ улс орондоо тэргүүлэх улс төрийн хүчний хувьд, засгийн эрхийг барьж буй намын хувьд юунаас ч илүү жин дарах нийтлэг эрх ашиг гэж бий. Тэр нь эх орон, ард түмнийх. Бас улстөрчдийн хувьд намын эрх ашигт өөрийгөө захируулах шаардлага дандаа биш ч гардаг юм. Тэгэхээр хэрвээ олигархийн ч гэнэ үү, явцуу бүлэглэлийн эрх ашиг цухалзаад байгаа нь үнэн бол дээрх нийтлэг эрх ашигтаа захирагдах учиртай. Бид үүнийг шаардана.

Энхбаяр даргын хувьд тэр хүн МАХН-д өөрийн хүрээ нөлөөллийг байлгая гэж бодоогүй байлгүй дээ. Хууль ёсоор намын харьяаллаасаа татгалзаж, Монгол төрийн тэргүүний албыг хашиж байгаа хүн. МАХН ганц нэг хүнээс хамаардаг тийм жижиг газар ч биш. Тэгэхээр хардах, яс хаях хэрэггүй гэж хэлмээр байна. Өөрийнхөө намаас нэр дэвшиж Монгол Улсын Ерөнхийлөгч болсон хүнийг бид “Одоо тэр бидэнд хамаагүй” гэж хаяж бас болохгүй. Ерөнхийлөгч, Засгийн газар, МАХН гэдэг бол тус тусдаа өөрийн гэсэн үүрэг, хариуцлагатай, хуулиар тов тодорхой салгаж зааглаад өгчихсөн ажил албатай газрууд. Өөр өөрийнхөө эрхлэх асуудлын хүрээнд л үйл ажиллагаагаа явуулж таарна. Тэгж ч байгаа.
Гэхдээ хувь хүнийхээ хувьд, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын хувьд ойр дөт байх, санал солилцох үе байнга гардаг.

-МАХН-ын дарга М.Энхболд шийдэмгий бус, хурд, мэдрэмж дутаж, хүлээц нь дэндсээр, өнөөх хэсэг бүлгийн зөрчлөө зохицуулж чадахгүй байсаар ийм байдалд хүргэлээ гэсэн дүгнэлт танай намын нэг хэсэгт байх шиг. Намын даргынхаа албыг Энхболдоос салгая гэсэн шаардлага үүнтэй холбоотой биш үү?

-Хэрвээ ийм зүйл бодитоор байгаа бол намайг юу гэж дүгнэх нь тухайн хүмүүсийн хэрэг. Надад алдсан зүйл байж болохыг үгүйсгэхгүй. Хувь хүнийхээ хувьд би аливаа шийдвэрийг олон талаас нь нухацтай бодож, бусдын санал дүгнэлтийг сонсож, олон салаа шийдвэрээс хамгийн оновчтойг нь олж сонгох зарчмыг баримталдаг. Улс орны гүйцэтгэх засаглалыг, хамгийн том намтай нь тэргүүлнэ гэдэг хойморт нь гарангуутаа тавилга хогшлыг нь зөөж, сольж тавиад, бужигнуулаад байдаг алба биш ээ.

Нөгөө талаар цаг үеийн араншин, нөхцөл байдал гэж хүчин зүйл бий. Парламент олон намын төлөөлөлтэй, маш хүчтэй, заримдаа сөргөлдөгч авир гаргадаг сөрөг хүчинтэй байхад шийдвэр гаргах дээд түвшинд ажиллана гэдэг амаргүй шүү. Дагаж намираад, чүдэнз зурахад нь дүрсхийтэл асаад байсан бол юу болох байсан бол гэж Та жишээлбэл бодож үзсэн үү?
Ийм цаг үед ажиллаж байгаа нь миний хувьд түүхэн гэж хэлж болохоор хувь заяа байж ч магадгүй. МАХН миний дээр дурдсан энэ онцлог нөхцөл байдалд хандлагаа тодорхойлох, дасан зохицох талаар тийм ч бэлэн зэлэн байж чадсангүй гэж хэлж болно. Яарах, бухимдах сэтгэл төрсөн байж болно оо. Дотроо нухацтай ярилцъя гэж би бодож, төлөвлөж байсан. Саяын Бага хурлыг долдугаар сарын эхээр хийх төлөвлөгөөтэй байсан юм. Бид зургадугаар сарын дундаас сүүлч хүртэл хөдөө орон нутаг, нийслэлд, нийтдээ долоон газар НАШБ-ын зөвлөлгөөнийг бүсчилж хийснийг та бүхэн санаж байгаа байх. Эндээс гарсан санал дүгнэлтийг нэгтгэн Бага хурлаа хийе гэж байсан юм. Зарим нөхцөл байдалтай уялдаад жаахан хойшилж, сая хийлээ.

Манайхан нэг зүгт харж чадаж байна. Энэ бол хүч, нэгдэл, итгэл байгаагийн шинж.

 

-Намын удирдлага аливаа шийдвэрийг цөөнхдөө тулган хүлээлгэдэг гэсэн яриа бас бий. Үүнтэй холбогдуулан Удирдах зөвлөлөө шүүмжилдэг. УИХ дахь бүлгийг шахах, дарамтлах хэлбэр нь Удирдах зөвлөлөөр дамжин хэрэгждэг гэж танай зарим хүмүүс шулуухан ярьж байсан…

-Их, Бага хурлын чөлөөт цагт намын удирдах эрхийг хэрэгжүүлдэг байгууллага нь Бага хурлаас сонгогдсон Удирдах зөвлөл. Тиймээс бид аливаа шийдвэр гаргах түвшний асуудлаа Удирдах зөвлөл дээрээ эхлээд ярьдаг нь зарчмын асуудал л гэж бодож байна. Тэндээс олонхиороо шийдсэн асуудлыг намын бүлэгт хэн нэгэн танилцуулахыг тулган шаардалт гэж ойлгож болохгүй байх аа.

Би намын дарга болсноосоо хойш ялангуяа албан тушаалын асуудал дээр өрсөлдөөнийг дэмжиж ирсэн. Үндэсний эв нэгдлийн Засгийн газарт ажиллаж байгаа манай намын сайдууд энэ л зарчмаар өрсөлдөж, олонхийн санал авсан нь Их хуралд орж томилогдож байсан. Сая хамгийн сүүлд Бага хурлын үеэр намын бүлгийн ахлагчийг өрсөлдөөн дундаас л сонгосон. Ц.Нямдорж, Ч.Улаан нар нэр дэвшиж 19:14-өөр Нямдорж дарга ялсан нь ардчилсан чөлөөт өрсөлдөөн биш гэж үү? Зарим нэг Удирдах зөвлөлийн гишүүд намын дарга цагийг нь тулгаад нэг хүн оруулж ирж, тулгамдуулдаг гэж ярьж байна лээ. Энэ тийм биш шүү. Хариуцсан хүн нь боловсон хүчнийхээ асуудлыг Удирдах зөвлөлд оруулдаг болсон. Намын дарга бүгдийг нь санал болгож, тулгадаг гэдэг ойлголт буруу.

Зүгээр, хэлэлцэж буй асуудлаар өөр өөрийн байр суурийг хамгаалж, мэтгэлцэх, заримдаа тэр нь нэлээд хатуу байдлаар илрэх тохиолдол бий. Түүнийг дарамт шахалт гэж үзэж болохгүй л болов уу.

“Энэ бол сөрөг хүчний хийх ёстой ажил. тэд ажлаа хийж байна” гэж хандмааргүй байна

-Таны тэргүүлсэн Засгийн газар байгуулагдсанаасаа хойш л “огцролт” гэдэг үгтэй хамт явсаар ирлээ. Нэг бол сайдыг нь, эсвэл бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах асуудлыг сөрөг хүчин байсхийгээд л тавих юм. Төвөгтэй байдаг уу?

-Төвөгтэй байх нь ойлгомжтой шүү дээ. Бидэнд хийх ажил их байна. Анхаарлыг гол биш зүйл рүү сарниулаад байхаар амаргүй. Ер нь “Энэ бол сөрөг хүчний хийх ёстой ажил. Тэд ажлаа хийж байна” гэж яримааргүй байна. Шаардлагаа зөв тавих хэрэгтэй. Засгийн газрын алдаа дутагдлыг, зайлшгүй анхаарал хандуулах ёстой асуудлыг хөндөж тавьж байвал сайн хэрэг.

Өөчилсөн, гоочилсон, мөр дагаж үнэрлэж шиншилсэн байдлаар асуудалд хандаад байх нь оновчтой биш ээ. Онгоц сүйрэхэд “Одоо хариуцлага тооц” гэж шахсан. Дараа нь тэрийгээ Засгийн газрыг огцруулах шалтгаан болгож оруулж ирсэн. Хариуцлага тооцохын тулд үндэслэл хэрэгтэй биз дээ? Дүгнэлт гаргадаг эрх үүрэгтэй байгууллага тусдаа. Тэрийг хүлээхээс өөр аргагүй. Тэгээд дүгнэлтэд нь үндэслээд хариуцлага тооцох асуудлыг тавихаар “Хариуцлага тооцох ёсгүй” гэх гээд ч байх шиг. Ингэж хандаж болохгүй шүү дээ. Ер нь ч тэгээд хариуцлага тооцно гэдэг зөвхөн огцруулахын нэр биш байлгүй. Аав, ээжүүд ч гэсэн дүрсгүйтсэн хүүхдээ дандаа суран бүсээр ороолгоод байдаггүй биз дээ.

“Буман нарны гэр”-ийн асуудал бол харин өөр. Малчдыг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах зорилт хэрэгжихгүй удааширсан нь үнэн. Хэн хариуцлага алдсан бэ гэж ярих нь ч зөв. Харамсалтай нь асуудал сайдаас болоогүй юм аа. Тендер зохих журмын дагуу хийгдсэн ч эрхийг нь авсан хэрэгжүүлэгч тал үүргээ биелүүлээгүй. Хөрөнгө мөнгөө өгөөд алдчихаагүй нь олз болсон хэрэг л дээ. Эрдэнэбат сайдыг огцруулах шаардлагагүй гэж үзсэний минь учир энэ.

Үүнээс сургамж аваад арай өөр байдлаар, нэг хариуцлагагүй нөхрөөс болоод бүх юм түгжигдчихдэг гацаанаас сэргийлэх хэлбэрээр дахиад тендер зарласан. Энэ тендер удааширч, дахиад хугацаандаа хэрэгжихгүй байдал үүсвэл Эрдэнэбатыг өмөөрөх шалтгаан байхгүй. Засгийн газар түүнд хугацаатай үүрэг өгчихсөн. Хүлээсэн үүргийнх нь талаар өнгөрсөн долоо хоногт би түүнд сануулсан. Огцруулах гэдэг айхавтар ташуур барьж дайрахын оронд санаа оноо хэлж, шахаж шаардаж, хамтарч ажиллаж яагаад болохгүй гэж? Өнөөгийн парламент бол хамтарч ажиллах үүрэг хүлээлгэсэн ард түмний сонголтын төлөөлөл шүү дээ.

-Байн байн огцруулах шаардлага тавьдаг энэ байдал Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг тохирсон хугацаанаас нь өмнө хүчээр унагаснаас үүдэлтэй юм биш үү? Эвслийн Засгийн газрыг эвгүй аргаар унагаагүй бол ингэж дарамт шахалтад байнга өртөхгүй, харин ч нэгдэж нийлээд ажиллаж байж болох байсан шүү дээ?

-Харамсалтай нь УИХ-ын сонгуулийн үр дүнг “Эх орон-Ардчилал” эвсэл өөрөө задлаад хаячихсан шүү дээ. Тэд эвслээ татан буулгаж, АН-ынхан манай намын буюу сэтгүүлч та нарын нэрлэсэн “бүдүүн” бүлэгт хаяа нийлэн суух болсноор засгийн эрх барих орчин нь бүрхэг болсон. Нөгөө талаар МАХН-ын мөрийн хөтөлбөртөө тусгасан арга хэмжээг хэрэгжүүлэхгүй, хойш тавиад байсныг бид хараад сууж байж болохгүй биз дээ. Тэд өөрсдийнхөө хөтөлбөрийг ч дутуу дулимаг хэрэгжүүлж байсан. Улс орны, намын эрх ашгийн үүднээс бид засгаа өөрөө барих шаардлага тэгж үүссэн юм.

Бид Засгийн газарт хамтран ажиллах урилгыг парламентад суудалтай бүх намд өгсөн. Гэтэл АН татгалзаа биз дээ. Тэгэхээр урилгыг хүлээж авсан жижиг намуудтай хамтран Засгийн газраа байгуулахаас өөр гарц байгаагүй. Монголын ард түмний 2004 оны сонголт ийм юм. МАХН дангаараа Засгийн газрыг байгуулах хэрэгтэй гэж манай ганц нэг хүн ярьдаг. Юу болж, ямар өөрчлөлт гарсан гэж ингэх ёстой юм бэ? Сонгуулийн үр дүн хэвээрээ л байгаа шүү дээ.

Бид Засгийн газраа байгуулаад тэдэн шиг бусдын хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй гэж хойш суугаагүй. Тэдний амласан “Хүүхдийн мөнгө” хөтөлбөрийг бид хэрэгжүүлж, 10.000-аас илүү мөнгө олгодог болсон. Элбэгээгийн үед амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн хүүхдэд сар бүр 3000 төгрөг олгож байсныг орлого, амьдралын байдлаар нь ялгаварлахгүйгээр бүх хүүхдэд сар бүр 3000 төгрөг өгөөд дээр нь хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжсэн хөрөнгө оруулалтын мөнгө буюу 100.000 төгрөгийг жил тутам олгодог болгосон.

Хамтарч ажиллана гэдэг заавал Засгийн газрын танхимд хамт сууж, яамдаа хувааж авахын нэр ч бас биш л дээ. Парламентын түвшинд хамтарч ажиллах боломж нээлттэй байна. Хөтөлбөр, төсөл хамтран боловсруулж, хэрэгжүүлбэл аль алиндаа тустай. Энэ мэтээр хэрвээ хүсэл байвал олон арга хэлбэрийг санаж сэдэж болно.

-Засгийн газрын үйл ажиллагааны үр дүнг та товчхон тоймолж хэлэхгүй юү?

-Олон зүйл ярьж болно. Гэхдээ цаг хэмнэхийг хичээе. Нийгмийн бодлогын хүрээнд түлхүү анхаарсныг хүмүүс сайн мэдэж байгаа. Хүн амын хөгжлийг дэмжих, тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлсийг нэмэгдүүлэх чиглэлээр цогц арга хэмжээ авсан нь үр дүнгээ өгч байна. Бүр 1995 оноос эхтэй тэтгэврийн зөрүүг арилгах талаар хоёр үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлснээр 134.5 мянган хүний тэтгэврийн зөрүүг арилгаж чадлаа.

Шинэ гэр бүл, “Алдарт эх”, хүүхдүүдэд олгож буй мөнгөний талаар бүгд мэдэж байгаа. Нийгмийн халамжийн тэтгэвэр 71, бүрэн тэтгэврийн доод хэмжээ 40, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 39, дундаж тэтгэвэр 30, төрийн албан хаагчийн дундаж цалин 76, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 62 хувь нэмэгдсэн байна.

Төрийн албан хаагчдын дундаж цалинг энэ оны аравдугаар сарын 1-нээс 30 хувь нэмэгдүүлж, 210.0 мянган төгрөгт хүргэхээр саяхан шийдвэрлэсэн. 2008 оны эхээр 300.0 мянгад хүргэнэ. Би Ерөнхий сайд болохдоо цалинг 300.0 мянгад хүргэх тухай амлахад “Энэ юу ярьж байна аа. Популизм биш үү” гэж байсан бол одоо бодит ажил хэрэг болох гэж байна.

Бид зөвхөн цалин, тэтгэвэр тойрч эргэлдээгүй, улс орныг хамарсан томоохон бүтээн байгуулалтын ажил эхлүүлээд байгаа. Зөвхөн энэ онд 1200 км зам тавихаас 500 нь хатуу хучилттай байна. 4200 км урт цахилгаан дамжуулах шугам барьж, 54 сумыг эрчим хүчний нэгдсэн системтэй холбоно. Урьд жилүүдтэй харьцуулах юм бол үнэхээр том бүтээн байгуулалт, Монголын түүхэнд үзэгдээгүй их ажил өрнөж байна.

Дөнгөж өнгөрсөн баасан гаригт батлагдсан төсвийн тодотголоор хөдөөгийн 60 сумынханд гар утастай болох нөхцөлийг бүрдүүллээ. 2008 онд бүх сум, суурин газар энэ үйлчилгээг хүртэх боломжтой болно гэж би бодож байгаа.

Татварын шинэчлэл хийж, эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх, иргэд цалингаараа орон сууцтай болоход чиглэсэн хөтөлбөр төслүүд дээр ажиллаж байгаа. Мал аж ахуй, газар тариаланд сэргэлт бий боллоо.

Эдийн засгийн бодит өсөлт 2005 онд буюу Эвслийн Засгийн газрын үед 7.1 хувь байсан бол 2006 онд 8.4 хувьд, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 811 ам.доллар байснаа 1060-д, гадаад валютын нөөц 298.0 сая ам.доллараас 1.0 тэрбум орчимд хүрч өслөө. Инфляци 9.5 хувь байсан бол 6.0 хувь болж буурсан.

2007 оны эхний хагас жилийн байдлаар 48.6 мянган ажлын байр шинээр бий боллоо. Бид энэ онд 80.000 ажлын байр бий болгох зорилт дэвшүүлснийг та бүхэн санаж байгаа байх. Улсын төсвийн орлогын бүрдүүлэлт 108.1 хувиар буюу 52.2 тэрбум төгрөгөөр давж биелсэн. Энэ онд эдийн засгийн өсөлт 9.0 орчим хувьд хүрэх боломжтой нь харагдаж байна.

Товчоор хэлбэл, хөрөнгө санхүүгийн, үйл ажиллагааны чадавхын хувьд сайхан боломж бүрдэж байна гэсэн үг.

Гэхдээ санаа зовоож буй асуудал байсаар л байна. Гэмт хэрэг олигтой буурахгүй, иргэдийн амар тайван амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх ажил хангалттай биш байгаагаас гадна хааяа хааяа гэнэт хувьсдаг үнийн өсөлт, байгаль орчны бохирдол, экологийн асуудалд онцгой анхаарах шаардлагатай байгаа.

-Энхболдын Засгийн газар эдийн засгийн өсөлтийн таатай орчинд ажиллаж байна. Улс орны сан хөмрөг ихээхэн нэмэгдэж байгаа нь тэднээс хамааралгүй гэлцдэг шүү дээ?
-Аргаа барж, атаархсан хүний үг биз. Бодлого зорилт, үйл ажиллагаагаар үр дүн бий болдог юм. Улс орны эдийн засагт таатай боломж бүрдэж байгаа нь үнэн л дээ. Гэхдээ хэчнээн сүүтэй үнээ байгаад саахгүй бол сүү өөрөө урсаад ороод ирэхгүй. Саасан сүүгээрээ тараг бүрэх үү, ааруул тавих уу, ээзгий буцалгах уу гэх мэт ч эцсийн хүрэх үр дүнд зайлшгүй чухал шүү дээ.

Энхболдтой холбоотой газар зарсан, авилга авсан нэг ч асуудал байхгүй
-Та саяхан гурван сайдаа огцруулах санал өргөн барьсан. Заавал ингэх шаардлага байсан юм уу? Зарим сайд чинь “Би огцрох ёсгүй. Өөр үзэл бодолтой байсны минь төлөө ингэж байна” гээд байгаа шүү дээ?

-МИ-8 онгоцны осол олон түмнийг хирдхийлгэсэн, төр, засгийг цочоосон үнэхээр аймшигтай хэрэг явдал. Албан үүргээ гүйцэтгэж явсан төрийн албан хаагчид амь насаа алдлаа. Ийм үед хариуцлага гэдэг ухагдахуун хэн нэгний шахалт түлхэлтээр биш, тэр дороо үүсэн гарч ирж байгаа юм. Уг нисдэг тэргийг нисгэсэн нөхцөл байдал, эрж хайх, аврах үйл ажиллагаа, харьяалах шат шатны байгууллага болзошгүй нөхцөл байдалд бэлэн байж чадсан эсэх, хууль журам зүй ёсоороо мөрдөгдөж байсан уу, үгүй юү зэрэг олон зүйлийг нягтлан тогтоох хэрэгтэй юм байна гэсэн бодол энэ хэрэг явдал үүссэн эхний үеэс л надад төрсөн. Гэхдээ би ганцаараа, өөрийн үзэл бодлоор асуудалд хандаж болохгүй.

Тиймээс шалгах комиссын дүгнэлт гарахыг хүлээсэн. Ослын шалтгааныг тогтоосон техникийн урьдчилсан дүгнэлт саяхан гарлаа. 60 гаруй хуудастай том дүгнэлт. Тэндээс бид Засгийн газрын үүрэг хариуцлагатай холбоотой хэсгийг нь нэгтгэн дүгнэж үзсэн. Хууль зүй, дотоод хэрэг, Батлан хамгаалах, Зам тээвэр, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах асуудлууд тэнд байсан учраас дээрх гурван сайдыг огцруулах саналыг Засгийн газрын тэргүүн холбогдох журмын дагуу тавих хэрэгтэй гэж үзсэн хэрэг. Ажил хариуцсан дээд түвшнээс нь хариуцлагын асуудлыг ярья гэж үзэж байгаагаа би Засгийн газрын гишүүдэд, нэр бүхий гурван сайдад танилцуулсан.

Нэг зүйлийг тэмдэглэхэд сайдыг огцруулснаар бүх зөрчил дутагдал арилж, юм сайхан болчихгүй ээ. Ажил асуудлыг гардан хариуцаж, гүйцэтгэж байгаа дунд шатанд цалгар хариуцлагагүй байдал даамжирч, үүрэг хүлээх чадвар муу, ажилдаа мэргэжлийн үүднээс хандаж чаддаггүй, бурууг бусдаас хайдаг, явцуу хүрээнд өөрийгөө хамгаалах бүрхэвч бүрдүүлдэг албан тушаалтнууд нэлээд цөөнгүй болчхож. Төрийн албанд боловсон хүчний бодлого жаахан задгайдуу, хэн нэгэн албан тушаалтан өөрийн баг нэрээр мэргэшсэн хүмүүсийг халж сольдог, тогтвор суурьшлыг эвддэг байдал үүнд нөлөөлж буй нь дамжиггүй. Тиймээс агентлаг болон бусад түвшинд хариуцлага ногдуулах асуудал давхар хийгдэх ёстой гэж би үзэж байгаа.

Та асуултдаа Одбаяр сайдын тухай хөндөх шиг боллоо. Намайг “өшөө авагч” гэх гээд байна аа даа. Би тийм юм бодоогүй, бодох ч үгүй. Сүйрсэн нисдэг тэрэг Хил хамгаалах ерөнхий газрынх. Энэ газар сайдын буюу ХЗДХЯ-ны харьяа агентлаг. Нөхцөл байдалд зөв үнэлгээ дүгнэлт өгөх, техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, нисгэгч мэргэжилтнүүдээ сурган бэлтгэх, дадлагажуулах, энэ онцгой байгууллагад хууль, журам, дүрмийг чанд мөрдөх зэрэг чиглэлээр ноцтой дутагдлууд байгааг комиссынхон дүгнэлтдээ дурдсан. Би үүнийг л иш үндэс болгосон. Хүний, өөрийн нам, шаардлага өгсөн, өгөөгүй гэж хандаагүй ээ.

Эхлээд ажил байдал, асуудалд дүгнэлт хий. Тэгээд огцрох ёсгүй гэж үзэж байгаа бол тэр тайлбар дүгнэлтээ холбогдох газарт нь гаргаж өгч, тайлбарла л даа. Бэлээхэн ийм боломж байсаар байтал “Намайг 13 гишүүний нэг болохоор ингэлээ. Өшөө авах гэж байна” гэж хэвлэлийн бага хурал хийгээд явах нь хэр зохимжтой юм бол доо.

-Төрийн албаны шинэчлэл, Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн асуудал нэг хэсэг яригдаж байгаад чимээгүй болсон. Одоо дахиад сэргэж байх шиг. Та саяын Бага хурал дээр бүтцийн асуудлыг ойрын үед хэлэлцүүлнэ гэж амласан байх аа?

-Энэ бол чухал арга хэмжээ. Манай нам санаачилж, Ажлын хэсэг томилон, хөтөлбөрийн хэмжээний баримт бичиг боловсруулчхаад байгаа. Төрийн албанд шинэчлэл хийх, давхардал, үрэлгэн байдлыг халах, төрийн албаны дархлааг бий болгох үзэл санааг би дэмжигчийн нэг. Хэзээ энэ асуудлыг хэрэгжүүлэх вэ гэдэг талаасаа бодох ёстой гэж би үзэж байсан. Тодорхой хэлбэл, энэ сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд хөтөлбөр, үзэл баримтлалаа нарийвчлан хэлэлцүүлж, улс төрийн хүчин, бусдын санал дүгнэлтийг тусгаад УИХ-аар батлуулчих, хэрэгжилтийг нь нэгмөсөн 2008 оны сонгуулийн дараагаас эхэлчихвэл илүү оновчтой юм болов уу гэж бодсон хэрэг.

Засгийн газар буюу яам, агентлагийн хүрээнд бүтцийн өөрчлөлт хийх асуудал Төрийн албаны шинэчлэлийн бүрэлдэхүүн хэсгийн нэг. Яамаа цөөлөөд, агентлагаа нэгтгээд гэх мэтээр хийх бол амархан. Гарах үр дүнгээ л сайтар тооцох ёстой. Өөрчлөлтийн талаарх саналаа Намын бүлэгт танилцуулна гэж бодож байгаа.

-Танаас тэр болгон асуугаад байдаггүй нэг асуултыг асуучих уу? Энэ бол Улаанбаатарын газрын асуудал. Таныг хотын газар олголттой холбон бичих, ярих нь бий. Та болохоор энэ талаар огт дуугарахгүй юм. Үнэхээр Таны нэртэй холбоотой будлиан, баримт байдаг юм уу?

-Би нийслэлийн Засаг даргаар 1999 оноос хойш зургаан жил ажилласан. Миний ажиллаж байсан үе Монгол Улсад газрын шинэтгэл хийх, газар эдийн засгийн эргэлтэд орох шинэ харилцааны үетэй давхацсан юм. Газрыг эзэмшиж, ашиглаж, өмчилдөг болсон асуудал яг үнэндээ Улаанбаатараас эхэлсэн. Нийслэлийн энэ хонхор хэмжээ дамжаатай, хил хязгаартай, хаана юу барьж болох, юу нь болохгүйг ерөнхий төлөвлөгөөгөөрөө заагаад өгчихсөн байдаг юм.

Нийслэлийн Засаг даргын газар олгох эрх ч хуультай журамтай. Иргэд болохоор болж өгвөл жаахан газар авчих, түүнээ эдийн засгийн эргэлтэд оруулах, алга дарам зай байсан ч амбаар сав босгочхыг эрмэлздэг байсан. Энэ хоёрын дундаас элдэв зөрчил гардаг. Эцэст нь буруу булхай бүхнийг шахуу миний нэртэй холбох гэж оролддог, үүгээр улс төрийн ашиг хонжоо олохыг хичээдэг гэх мэт хөндлөнгийн сонирхол одоо хүртэл бий.

Газар авахыг, түүн дээрээ байшин барилга барихыг хүссэн иргэдийн хүсэлтэд өөрийнхөө эрх мэдлийн зааг, хууль дүрмийн хүрээнд анхааралтай хандах нь миний үүрэг. Надад “Дараа нь миний нэр холбогдоно, ерөөсөө газар олгохгүй” гээд дараад суух сонирхол байгаагүй.

Байшин барилга барина гэдэг хашаа хатгахтай адилгүй. Инженерийн шугам сүлжээний даац, хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулах, иргэдийн эрүүл саруул орчинд амьдрах эрхийг хангах гээд үй түмэн асуудал үүний цаана байдаг. Аль болохоор зохицуулахыг л эрмэлзэж байсан. Миний оронд хэн ч хотын дарга байсан, энэ газрын маргаан, “газрын наймаачин” гэсэн нэр хочноос тойрч өнгөрч чадахгүй л байсан болов уу.
Ийм асуулт сэтгүүлчид тэр бүрий асуугаагүй, би ч элдэв асуудлын араас хөөцөлдөж яваагүй нь үнэн байх, энэ удаа харин хэлчихье.  Энхболдтой холбоотой газар зарсан, авилга авсан, журам дүрмээс гадуур авирласан нэг ч асуудал байхгүй.

-Сүүлчийн асуултаа тавья. Монгол Улсын Засгийн газрын тэргүүний сэтгэлийг яг одоо юу хамгийн ихээр зовоож байна вэ?

-Зөндөө л юм байна даа. Нийт нутаг дэвсгэрийн 70 орчим хувь нь гандуу байгаа. Сүүлийн хэдэн өдрийн бороо зарим нутагт ган тайлагдах хэмжээнд хүрэв үү, үгүй юү. Иймэрхүү байсаар намартай золговол ирэх жил хүндхэн өвөл болж магадгүй нь.

Хууль бусаар, гар аргаар алт олборлож, хорт бодис хэрэглэх явдал хаа сайгүй боллоо. Засгийн газраас томилсон ажлын хэсгийн дүнг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ. Яавал энэ байдлыг таслан зогсоох вэ гэдэг асуудал ойрын хоёр өдөр толгойд эргэлдэж байна. Нэг зүйлийг эцэст хэлэхэд Засгийн газрыг муу хэлж болно оо. Гэхдээ өө сэв хайж, бужигнуулж, тогтвортой байдлыг алдагдуулах л хамгийн хортой.

Дандаа сайн сайхан үгээр мялаалгаж байсан Засгийн газар бараг байхгүй байх. Гэхдээ хийж бүтээснийг нь дэмжиж, урам өгч байгаасай. Аль ч Засгийн газар ард түмний эрх ашигтай, өглөө өмсөх хувцас, өдөр олох мөнгө, орой идэх хоолтой нь хамгийн ойр байдаг юм. Тэгэхээр засаг, олон түмэн хоёр хүйн холбоотой.  Бие биеэ тулж түшиж, сайн сайхан амьдралын төлөө аль болох холыг, болж өгвөл богино хугацаанд туулъя гэж хэлье.

-Баярлалаа. Танд болон Засгийн газарт чинь амжилт хүсье.



0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.