Лу.Болд: Баялгийн эзэд нь хишиг горьдох биш хувиа хүртэх эрхтэй
Монголын ардчилсан хувьсгалын удирдагч, Ардчилсан намын хүчтэй гишүүдийн нэг Лу.Болд УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшээд байгаа билээ. Улс орны хөгжил доогуур, хүмүүсийнх нь амьдрал ядуу хэвээр байгаа өнөөдрийн нөхцөлд тэр улс төрд ирснээрээ юу хийж чадах вэ?
Лу.Болдтой ярилцлаа.
-Монголын улс төрд та шинэ хүн биш. Гэхдээ таны сонгогчид өнгөрсөн хугацаанд шинэчлэгдсэн байна?
-Үнэхээр монголчуудын оюун санаа шинэчлэгдсэн гэдэгтэй маргахгүй. Ерээд оны эхэн үед сонгогчдын өгүүлэл болгон тавьдаг асуудал өнөөдрийнхөөс өөр байсан. Тэр үед улстөрчдөд голчлон цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх үү, тойрогт юу хийх вэ гэсэн асуултуудыг тавьдаг байсан сонгогчид өнөөдөр ажлын байр, орлогын өөр эх үүсвэр, бизнесийн таатай орчин, нийгмийн шударга тогтолцоог эрх баригчдаас хүсдэг болжээ. Ардчилсан хувьсгалтай цуг мэндэлсэн хүүхдүүд сонгогчийн үнэмлэхээ авч байна. Тэдний итгэл үнэмшил, сонголтоор улс орны өнгө төрх, ирээдүй тодорхойлогдох үе ирлээ. Ардчилсан нам эрийн цээнд хүрлээ. Оноо гавьяагаа үнэлж, алдаа мадгаа дэнсэлж сурлаа. Улс орныг удирдаж явах ухаан чадал тэгширсэн байна.
-Таны энэ удаагийн сонгуульд өрсөлдөж буй зорилго юу вэ?
-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаа нэгэн шинэ ажлын санааг надад төрүүллээ. Тэр ажлыг өөрийнхөө төлөө биш ард түмний төлөө заавал хийх ёстой гэсэн эрмэлзэл үргэлж төрж, энэхүү эрмэлзэл маань зорилго болон зохион байгуулагдсан байна.
-Чухам юу юм бэ?
-Би ашигт малтмалын салбарыг хариуцан ажиллах хугацаандаа Монгол орны баялаг чухам хэдий хэмжээтэй юм бэ гэдгийг мэдэж авлаа. Энэхүү их баялгийг яагаад заавал ашиглах ёстой юм бэ, ард иргэд маань яаж ашгийг нь хүртэх ёстой юм бэ гэдгийг олон талаас нь эргэцүүллээ. Улс орнуудын жишгийг ч бас харлаа. Бид одоо л баялгаа ашиглахгүй юм бол өнөөдрийнх шиг боломж дахиад хэзээ давтагдахыг хэлж мэдэхгүй. Бид хөгжих үү, эс хөгжих үү гэдэг өнөөдрийн боломжоо ашиглаж чадах эсэхээс хамаарна. Ашигт малтмалын үнэ өдрөөс өдөрт өсөж байгаа энэ мөчлөгийг ашиглан өөрсдийн баялгаа үнэд хүргэх хэрэгтэй. Баялгаасаа эзэн болсон иргэн нь хувь хүртэж, түүнийгээ хөгжлийн төлөө хөдөлгүүр болгох ёстой гэдгийг ойлгосон юм. Эх орны баялаг бол эзэн биднийх, өөр хэнийх ч биш. Бид өөрсдөө баялгаа мэддэг, хянадаг, захирдаг байх ёстой. Үүний төлөө хийж чадах зүйл надад байна. Бид хийхгүй юм бол өөр хэн хийх вэ? Хэнд боломж нөөц байна, түүнийг нь дэмжих ёстой. Энэ бол сонголт юм.
-Эх орны баялгийг эздэд нь “Эрдэнийн хувь” болгон хуваарилах арга замыг та олж харжээ гэж ойлговол болох уу?
-Бодитой арга зам, боломж надад харагдаж байна. Үүнийг хэрэгжүүлэхэд улс төрийн шийдэл хэрэгтэйг та бүхэн ойлгож байгаа. Улс төрийн намуудын үзэл баримтлал, дэвшүүлж байгаа хөтөлбөрүүдийг та бүхэн харьцуулан хараарай. Баялгаа төр эзэмшиж, эзэн болсон иргэдэд нь “хишиг хүртээх” нь шударга уу? Эсвэл эзэн болсон иргэдэд нь эзэмшүүлж, хувийг хуваарилах нь зөв үү? Таны зөв гэж бодож байгаа тэр хувилбарыг Ардчилсан нам дэвшүүлсэн байгааг та бүхэн хараарай. Улс төрийн эрх мэдлийн төлөө өрсөлдөж байгаа нам, хүчнүүдийн мөрийн хөтөлбөр гэдэг бол тухайн хүчин эрх мэдэлд хүрсэн тохиолдолд төрийн бодлого болон хэрэгжих чухал баримт юм шүү.
-Бидэнд асар их газрын баялаг байгаа, эзэд нь бид гэдгийг өнөөдөр хүн бүхэн ойлгох болжээ. Харин яг ямар хэлбэрээр иргэдэд эзэмшүүлэх вэ гэдгийг тодруулна уу?
-Ашигт малтмалын ордууд, тодруулбал стратегийн ач холбогдолтой 54 орд газрын нөөцөд түшиглэсэн корпораци байгууллаа гэж бодоход тус корпорацийн өөрийнх нь үнэлгээ 186.6 тэрбум ам.доллар байхаар байна. Үүнийг иргэн бүрт хувьцаагаар эзэмшүүлнэ. Ингэж тооцоолоход нэг хүнд 100 ам.долларын үнэтэй 361 ширхэг хувьцаа ногдож болох тооцоо гарч байна. Хувьцааны ногдол ашгаар корпораци байгуулагдсан эхний жилд л гэхэд 1800 ам.долларын ашиг ногдох боломж байгаа. Хамгийн гол нь корпорацийн давуу тал гэвэл баялгийг төр биш иргэд өөрсдөө хянах, хуваарилах эрх мэдэлтэй болно гэсэн үг юм. Газрын баялаг нөөцтэй улс орнуудын түүхээс харахад баялгаа төр нь хянаж хуваарилсан тохиолдолд төрийн эрх мэдэлд байгаа хэсэг хүмүүс хэмжээлшгүй эрх дархтай, хязгааргүй баян болж, харин иргэд нь баялгаасаа хувиа хүртэж чадахгүй үлддэг. өнөөдөр Монголд ч энэ байдал ажиглагдаж байна.
“Алтан Дорнод” компани гэхэд Монголын 28 тонн алтыг авч ашгийг нь хүртчихээд 34 тэрбум төгрөгийн татвараа төлөлгүй алга болсон. Гэтэл Заамарт тус компанийн ашиглаж байсан уурхайд хэдэн мянган монгол иргэн rap аргаар олборлолт явуулж, амь насаа эрсдэлд хүргэж байна. “Нинжа” гэгддэг ийм иргэдийн тоо өнөөдөр 100 мянгад хүрсэн. Тэд эзний хувьд баялгаасаа өөрт ногдох хувиа хүртэж чадаагүй учраас ийм арга замыг сонгож байгаа хэрэг. Алтыг нь харийн хүн аваад ашгийг нь хүртчихсэн байхад эзэд нь ийм байдалтай үлдэж болохгүй шүү дээ. Тийм учраас баялгийг иргэд өөрсдөө шууд эзэмшдэг, хянадаг байх хэрэгтэй нь харагдаж буй юм.
-МАХН ч бас баялгаас иргэддээ “хишиг хүртээх” ёстой гэж үзэж байгаа. Ардчилсан намын дэвшүүлж буй баримтлал үүнээс юугаараа ялгаатай юм бэ?
-Өөрийнх нь баялгийг өөрт нь “хишиг” болгоно гэдэг утгагүй зүйл. Хаанаас хишиг горилох, бурхны хишиг хүртэх гэх зэргээр монголчууд ярьдаг. Ингээд бодохоор баялгийн эзэн нь хэн нэгнээс хишиг горьдоод сууж байх ёсгүй. Чухамдаа өөрийнхөө хувийг хүртэх эрхтэй юм. МАХН баялгийг Засгийн газрын мэдэлд байлгах нь зөв гэж үзэж байгаа, харин Ардчилсан нам ард түмний мэдэлд өгөх нь зөв гэж үзэж байна. Ийм зарчмын ялгаатай байр суурийг дэвшүүлж байна. Баялгийг ард түмний мэдэл, хяналтад байлгахын тулд корпорацийн засаглал хамгийн боломжтой хувилбар. Энэ корпорацийг нийт иргэд буюу нийт хувьцаа эзэмшигчид захирна. Холбогдох бүх шийдвэрийг иргэд өөрсдөө гаргадаг, бүх эрх мэдэл тэдний гарт төвлөрдөг болох юм.
-Тэгэхээр энэ саналаа бодитой болгохын тулд та улс төрийн шийдвэр гаргах төвшинд хүрэхийг зорьж байгаа хэрэг үү?
-Тиймээ. Энэ бол маш том зорилго. Үүнийг би өөрийнхөө төлөө хийх гэж байгаа юм бишээ. Бусдаас илүү мэдээлэл, илүү тооцоо, судалгаатай байгаагийн хувьд өөр бусдын эрх ашиг, улс орны ирээдүйн төлөө хийх л ёстой. Энэ бол харин миний үүрэг.
-Танд баярлалаа. Сүүлчийн асуулт. Та манай сонины уншигчдад хандан юу хэлэх вэ?
-Бидний эх орон үнэхээр баян, бас сайхан нутаг. Эх орон нь баян, иргэд нь ядуу байх учиргүй. Баялгаасаа бодитой хувь эзэмшиж, түүнийгээ өөрөө хянадаг байх эрхийн төлөө бүгдээрээ санаа, зорилго нэгдэх хэрэгтэй юм. Баян эх орны ядуу иргэд байх уу, баян иргэд болох уу гэдгээ бид өөрсдөө шийднэ. Үр хүүхэд, ирээдүйнхээ төлөө өнөөдөр бид сонголт хийх хэрэгтэй болжээ. Уншигч та бүхний саруул ухаанд би итгэж байна.