2008.06.11

Хуримтлагдсан цэнэг

УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусаж байна. Гишүүд дахин сонгогдох сурталчилгаагаа хийхээр албан ёсны чөлөө авч 76 тийшээ таран одлоо. Эдний зарим нь ард түмнээсээ дахин илгээлт өвөрлөн Төрийн ордондоо эргэн ирдэг бол зарим нь бүүр өөр тийшээ явцгаана.

Удахгүй дээ, хориодхон хоногийн дараа бүх зүйл тодорхой болно. Ийнхүү салан одохынхоо өмнө Ардчилсан намын гишүүд зэрэгцэн сууцгааж, өнгөрсөн дөрвөн жилд хийж бүтээсэн зүйлийнхээ тухай товчхон ярьцгаасан билээ. Тэдний ярианд нэг их сонин содон юм байсангүй. Харин Л.Гүндалай гишүүн С.Баярцогт гишүүнээс хүлцэл өчив. "Зарим асуудал дээр буруу ойлголцож хэлэх хэлэхгүй үгээр харааж байсанд уучлаарай" гэж. Тиймээ, С.Баярцогт гишүүнээс ганцхан Л.Гүндалай ч биш уучлал гуйх хүн олон байх ёстой. Түүний хийсэн санаачилсан ажлуудыг нийгэм тухай бүрт нь алга ташин хүлээж авч байсангүй. Эсэргүүцэж, эсэргүүцэл нь бүр жагсаал цуглаандаа хүртлээ ширүүсэж байлаа. Гэвч түүний л зөв байсан. С.Баярцогтын зөв байсныг нийгэм хожуу хүлээн зөвшөөрч байсан нь нэг биш удаа билээ.

Сүхбаатарын талбайн хойморт жанжны өөрийнх нь болон маршал Чойбалсангийн шарилтай бунхан байсныг санацгааж байгаа. Нийслэлийнхээ төв талбайд удирдагчдынхаа шарилыг залсан хэдхэн орон дэлхийд байдгийн нэг нь манайх байлаа.

Гэтэл Ц.Элбэгдоржийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Сүхбаатар, Чойбалсан нарын шарилыг Алтан-Өлгийд дахин оршоож, бунхны оронд Чингэс хааны хөшөө цогцолбор барина гэж зүтгэсэн. Бүх нийтээрээ эсэргүүцлээ. "Пай пүү, хэзээ ийм юм байсан юм бэ" , "Энэ Баярцогт ер нь юу л хийх гээд байна даа" , " Чингэсийн хөшөөг барина гэж юу байдаг юм, үлгэр ярьж, хааны нэрээр бизнес хийх гэж байгаа юм" гээд л амтай болгон үгүйсгэж, бичиг үсэгт тайлагдсан болгон бичиж чадах чинээгээрээ л эсэргүүцэв. Үүнийг нь далимдуулж улс төрийн зорилгоор ч түүнийг нэлээд балбаад авлаа. Гэвч залуу сайд илүү дутуу ганц ч тайлбар хийлгүйгээр чимээгүйхэн ажлаа эхэллээ. Шарилыг ёс төртэй ном журмын дагуу дахин оршоож, төрийн хүндэтгэл үзүүлж, Бунхны оронд нь Чингэс хааны сүрлэг сайхан хөшөө сүндэрлэв. Одоо гадаадаас ирсэн зочид хамгийн түрүүнд тэнд очиж нүд хужирлаж, монголчууд өөрсдөө ч хаа холоос зорин ирж зургаа татуулдаг болов. Гадаадын хэвлэлүүдэд "Монгол социалист хэв загварын бэлгэдлээсээ салав" хэмээн бичицгээлээ. С.Баярцогтын зөв байжээ.

2004 оны УИХ-ын сонгуулийн дараа хүчний харьцаа тэнцэж эрх барих ёстой хоёр намд зөвшилцөлд хүрэх оюуны бяр дутсан хүнд үе. Ерөнхийлөгч Н.Багабанди шинэ УИХ-ыг зарлаж хуралдуулах гэсэн боловч МАХН сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэв. Улс оронд үймээн дэгдэж мэдэхээр боллоо. Улс төрөөр өвчилсөн хүмүүс юу ч хийхээс буцахгүй болж Э.Бат-Үүлийг хүртэл барьж зодох дөхөв. Цаг алдалгүй ямар нэгэн шийдвэрт хүрэхгүй л бол яаж ч мэдэхээр түгшүүртэй байлаа. Гэвч Ардчилсан нам, МАХН хоёр зөвшилцөлд хүрч Их эвслийн Засгийн газрыг байгууллаа. Тэгэхэд С.Баярцогт эвслийн "эх баригч"-ийн үүрэг гүйцэтгэсэн юм.

Буцлаад бүр савнаасаа хальж байсан улс төрийн үйл явдал намжиж шинэ УИХ тангаргаа өргөж төрийн ажил жигдэрлээ. Үнэндээ ачааны хүндийг их эвслийн Засгийн газар үүрсэн. Тэгэхдээ болгоомж алдаж анхаарлаа сулруулбал унаж хагарах эмзэгхэн өндгийг Ц.Элбэгдорж биш С.Баярцогт барьж явлаа. Учир нь тэрбээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан юм. Олон жилийн турш хоёр тийшээ харж хоорондоо "байлдаж" сурсан аваргуудыг нэг танхимд зангидаж нэг зүгт залахын тулд дахин нэг алхам хийх хэрэгтэй болов. Парламентад ганцхан бүлэг байх ёстой гэв. Бүлэг нь заавал МАХН-ын гэсэн нэртэй байх шаардлагатай гэж коммунистууд ээлжит тулгалтаа хийв.

Дахиад л сонголтын өмнө ирлээ. Хэнийх нь хамаа юу, бүлэг байгуулж парламентыг хэвийн түшинд нь ажиллуулах хэрэгтэй байдаг. Тэгэхгүй бол засаглалаасаа ухарч ч мэдэхээр нуман тулгуурт орлоо, Монголын ардчилал. Ийм шийдвэр яах аргагүй золиос шаардаж таарна. Тэр золиосонд хэн явах бол. Асуултын тэмдэг. Дахиад л С.Баярцогт. Тэр золиос болж муу муухайгаар дуудуулаад ч болов парламентын үйл ажиллагааг хэвээр нь үргэлжлүүлье гэв ээ. Ингээд С.Баярцогт тэргүүлээд Р.Гончигдорж удаалаад МАХН-ын бүлэгт нэгдлээ. Ерөнхий сайд нь Ц.Элбэгдорж болов. Нийгэм эсэргүүцэж, ардчиллын хэнээтнүүд солиорох шахаж бултаараа хараал урсгаж барьж идэх дөхөж байсан.

Хэрвээ тэр үед тийн зориглож өөрсдийгөө золиослон байж шийдвэртэй алхамд хүрээгүй бол парламент тарж магадгүй ганц хүний засаглал руу гулсаж мэдэхээр байсныг одоо улс төр судлаачид, ажиглагчид санал нэгтэй баталдаг. Тийм болохоор мөн л С.Баярцогтын зөв байж.

МАХН ард түмний өмнө өгсөн амлалтаасаа буцлаа. Тэд эвслийг задалж, Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулж парламентад ганц нэгээрээ тэнэж явсан балчир улстөрчдийг өөд нь татаж шинэ Засгийн газар байгуулахаар зүтгэлээ. Тэр үед хэн нь хэн бэ гэдгээ олон гишүүн харуулсан юм. Зөвхөн сайд болж үзэхийн төлөө ардчиллын үнэт зүйлсийг ард түмний нүдний өмнө нулимж байв, тэд. Авлигатай тэмцэж байсан Засгийн газрыг огцруулж, парламентыг дахин хямралд орууллаа. Энэ удаа МАХН Ардчилсан намаас, ардчиллын үйл хэргээс зарим нэгийг нь үзэл бодлоор нь урвуулж албан тушаалаар цаламдахыг хичээлээ. Тэр цаламд ч ганц нэг хүн орлоо.

Харин Ардчилсан нам хүчтэй цөөнх болж бүлэг байгуулж чадахгүй ч ямар нэгэн томёоллоор УИХ-ын бүтцийн байгууллага болох ёстой байсан юм. Чадлаа. УИХ дахь Ардчилсан намын зөвлөл байгуулагдав. Эх баригч нь дахиад л С.Баярцогт. Түүний зөв байлаа. Өнөөдөр Ардчилсан нам амлалтаа биелүүлж чаджээ. Олонх болоогүй, Засгийн эрхийг бариагүй атлаа хүүхэд бүрт амласан 10 төгрөгөө 100 мянган төгрөг болгон өгч чаджээ. Түмэн ээдрээ, буман нугачаатай замаар унаж босож явсаар эцсийн бүлэгт ард түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн байна. Энэ бүх үйл явдлын халуун цэгт байж хувийн эрх ашгаа умартаж зүтгэсэн нь яах аргагүй С.Баярцогт билээ. Түүнд дургүй, үзэл бодолтой нь нийлдэггүй хүн байдаг л байх. Тиймээ, тэр "доллар" биш учраас бүгдэд таалагдах албагүй. Гэхдээ тэд С.Баярцогтыг Монгол төрийн ноён нуруу болсон сайн залуучуудын нэг гэдэгтэй санал нийлнэ гэдэгт итгэлтэй байна. Улстөрчийнхөө хувьд хэдийнэ танигдаж оюуны бяр, боловсролын цар хүрээ нь тэлж, төрийн хар хүний хат суусан атлаа хувь хүнийхээ хувьд тэр эгэлгүй зөөлөн нэгэн. Бүр дэндүү гэмээр зөөлөн, хичнээн уншлаа ч нээж барамгүй философилог. Түүний ертөнцийг үзэх үзлийг үгээр илэрхийлж нэг л боломгүй.

Хэрвээ зургаар өгүүлбэл цагаан өнгөтэй сүлэлдсэн тэнгэрийн цэнхэр өнгө мэт. Цагаан цэнхэр гэж арай л болохгүй байгаа юм.Сүү шиг цагаан атлаа гүн цэнхэр өнгийн нийлэмж ч байж болмоор. Тэр нэг удаа ийм зүйл ярьсан юм. "Хэрвээ чи хот руу орох гээд замын постон дээр өмнөх машинаа явахыг хүлээгээд зогсож байгаад мөнгөө өгөх гэтэл "Таны өмнөх машин төлчихсөн гэвэл чамд ямар санагдах вэ" гэлээ. Юу хэлэхээ мэдэхгүй жаахан гайхшрахад "Тэгвэл чамд ч бас ардаа зогсож байгаа машины мөнгийг төлмөөр санагдахгүй гэж үү" хэмээн асуусан юм даг. Тэр нэг иймэрхүү л үзэл бодолтой хүн.

Саяхан даа, Төрийн шагналт хөгжмийн зохиолч С.Чинзориг агсны хөгжим, Соёлын гавьяат зүтгэлтэн З.Түмэнжаргалын үг "Ус мөрөн нь олон чиг" дууны зохиогчийн эрхийг 20 жилийн хугацаатайгаар худалдан авахаар хөгжмийн зохиолчийн ижий 92 настай буурайд хүндэтгэл үзүүлэн зөвшөөрөл хүссэн байсан. "Та яагаад энэ дууг ийм олон жилээр авч байгаа юм бэ" гэсэн сэтгүүлчийн асуултад тэрбээр "Сэлэнгийн минь тухай олон сайхан дуу байдаг ч энэ дуу сэтгэлд тун ойрхон байдгийм. Би ямар ч эдийн засгийн сонирхолгүйгээр хүндэтгэл үзүүлж байгаа юм. Энэ дуунаас олох бүх ашгийг зохиогчид маань л хүртэнэ. Хэдийгээр одоо хорвоо дээр байхгүй ч сайхан хүүгээрээ бахархаж нулимсаа арчиж суугаа 92 настай буурайг харсан хэн ч над шиг л нулимс унагах байсан даа" гэсэн байсан. Тиймээ, энэ бол С.Баярцогтын өгүүлэмж. С.Баярцогтын тодотгол.

УИХ-ын танхимд маш хатуу байр суурьтай, магадгүй нэлээд хахир ч байж мэдэхээр харагдавч амьдрал дээр дэндүү зөөлөн нэгэн байх. Тэр саяхан том хүүгээсээ "Аав, ээж хоёр нь хэтэрхий залуудаа, амьдрал мэдэхгүй байх даа хүүгээ төрүүлж өсгөхдөө халамж муутай хандаж байсан бол уучлаарай, миний хүү" гэсэн байсан. Бас түүний гэр бүлээрээ бүтэн хоёр жилийн турш эрж хайж хөдөлмөр гаргаж байж өндгөн шоколад дотроос цуглуулсан долоон бяцхан заан түүний дотоод сэтгэлийн өгүүлэмж байж мэдэх.

Ямартай ч Монголын төр нийгмийн амьдралд төдийгөөс өдий хүртэл нэгэн их цэнэг хуримтлагдсаар л байгаа нь мэдрэгдэх болжээ. Түүнээс улстөрчийн нийгмийн зүтгэлтний эрч хүч, зоримог шийдвэр, шаардлагатай үед их үйл хэргийн төлөө өөрийгөө ч золиослоод зүтгэж чадах оюуны их тэнхээ мэдрэгддэг юм. Тийм болохоор С.Баярцогт Монголын төрд зайлшгүй хэрэгтэй их цэнэг, заавал үгүйлэгдэж байх их эрч хүч, бурууг зөвд шинэчлэгч далдын их хүч, үгүйлэгдэх орон зай нь болж чаджээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.