2009.01.19

Х.Баттулга: Монголын төмөр замынханд Германы “Дойче банн” туслах нь

Сайд Х.Баттулга Холбооны Зам, Тээвэр, Барилга, Хот байгуулалтын сайд В.Тийфензээгийн урилгаар энэ сарын 11-15-нд ХБНГУ-д албан ёсны айлчлал хийв.

Айлчлалаар Холбооны зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд В.Тийфензээ, Холбооны эдийн засаг, технологийн яамны төрийн нарийн бичгийн дарга Пфаффенбах, Германы орон сууцны барилгын үйлдвэрлэлийн төв холбооны дарга профессор. К.Робл, “Прайсвотерхаус Кооперс” ХК-ийн удирдах зөвлөлийн гишүүн Р.Вишток, “Дойче” банкны гүйцэтгэх захирал Е.М.Отте, Германы төмөр замын “Дойче банн” компанийн ерөнхий захирал доктор Х.Мээдорн нартай уулзаж, хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцав.

Сайд Х.Баттулга, В.Тийфензээ нар шинээр төмөр зам барих, 100 000 айлын орон сууцны төсөл, транзит тээвэр, хурдны зам тавих, барилгын материалын үйлдвэр барих зэрэг төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах талаар санал солилцов. Дээрх төслүүдийг Германы тал дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Хоёр улсын Зам тээвэр, барилгын хот байгуулалтын сайд нар ярилцаж тохиролцсон асуудлаараа хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа. Сайд В.Тийфэнзээ төмөр замын салбарт “Дойче Банн” компанитай хамтран ажиллахыг манай ЗТБХБ-ын сайдад санал болгосон юм. Тус компанийн төлөөлөгчидтэй сайд Х.Баттулга урьд нь Монголд уулзаж хамтран ажиллах талаар санал солилцож байсан юм. Мөн энэ удаагийн айлчлалын үеэр “Дойче Бан” компанийн ерөнхий захирал доктор Х.Мээдорнтой уулзаж, төмөр замын салбарт хамтран ажиллах талаар ярилцав.

Төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд тус компаниас дэмжлэг үзүүлэх, шинээр барих төмөр замын техник эдийн засгийн үндэслэлийг хийж гүйцэтгэх зураг төслийн хамтарсан компани байгуулах, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт хэрэгцээт сэлбэг нийлүүлэх боловсон хүчин сургах тухай ярилцаж тохиролцов.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.