Төмөр зам 60 насандаа шинэчлэгдэнэ
ЗТБХБ-ын сайд Х.Баттулгатай, ОХУ-ын Тээврийн сайд И.Левитин, Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн ерөнхий хорооны дарга Г.Петраков нар өчигдөр уулзлаа.
ОХУ-ын Засгийн газрын тэргүүн В.В.Путины айлчлалын үеэр хоёр орны зам тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар санамж бичиг үйлдэх юм. Дээрх уулзалтаар хоёр улс тээврийн бүх салбарт, тэр дундаа төмөр болон авто зам, далайн тээврийн салбарт хамтран ажиллах санамж бичгийн талаар ярилцжээ. Ингэснээр ОХУ-ын далайн боомтуудыг монголчууд боломжийн хэрээр ашиглах үүд хаалга нээгдэх юм байна. Эдийн засгийн хамтын ажиллагааны стратегийн чухал салбар зам тээвэр тэр дундаа төмөр замын салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах эхлэл тавигдаж байгаа билээ.
Монгол Улсын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж ирсэн Улаанбаатар төмөр замын 60 жилийн ой тохиож байна. Тиймээс шинэ жарны босгон дээр технологийн шинэчлэл, хөрөнгө оруулалт хийх, зайлшгүй шаардлага гарч ирээд байгаа юм. Энэ шинэчлэлийг хийхийн тулд хоёр улсын 1949 онд байгуулсан гэрээг цаг үетэйгээ тохируулан өөрчлөх шаардлагатай болжээ. Тухайлбал, тэр үеийн гэрээнд хоёр талыг БНМАУ, ЗСБНХУ гэсэн байдаг. Энэ статусыг өөрчлөхгүйгээр шинэчлэлийн асуудал яригдахгүй аж. Энэ чиглэлээр өнгөрсөн хугацаанд чамгүй зүйл амжуулсан байна. Учир нь, Улаанбаатар төмөр зам өөрийн гэсэн акцтай болжээ. Өөрийн акцтай болсноор өөрийн хөрөнгө мөнгөө тодорхойлох боломжтой болсон гэсэн үг ажээ. Өөрөөр хэлбэл хөрөнгө мөнгөө тодорхойлоод эхлэхээр гадна дотны байгууллагаас зээл тусламж авах, өөрсдөө шинэчлэл хийх бололцоо нээгдсэн байна.
Улаанбаатар төмөр зам өнөөдөр 23 тоннын даацтай рейлс төмөр ашиглаж байгаа. Гэтэл олон улсын жишигт төмөр замын даац 35 тонн болсон байна. Тиймээс үүнийг шинэчлэхээс гадна вагоныхоо хурдыг сайжруулах аж. Таван толгойн орд газраас төв магистраль буюу Сайншанд-Чойбалсан хотын чиглэлд төмөр замыг холбох санал байгаа. Энэ төмөр зам нь говийн бүс нутагт нээгдсэн томоохон орд газруудад олон улсын сонирхлыг татах, эрдэс баялгаа дэлхийн зах зээлийн үнийн өрсөлдөөнд оруулах ач холбогдолтой ажээ. Энэ төмөр зам байгуулахад ОХУ хамтран оролцох санал гаргаад байгаа.
ОХУ-ын Засгийн газар эргүүлж авахгүй нөхцөлөөр Улаанбаатар төмөр замын дүрмийн санг 250 сая ам.доллараар нэмэгдүүлэх санал гаргасан байна. Тэгэхдээ энэ мөнгийг тавь тавин хувиар гаргана гэжээ. Монголын тал эдийн засгийн хямралтай байгаа өнөө үед 125 сая ам.доллар бэлнээр гаргах боломж байхгүй гэдгээ илэрхийлж үүнийг харгалзан үзнэ үү гэсэн санал тавьсан байна. Монгол Улс 1990 оноос хойш Улаанбаатар төмөр замд гадна дотны зээл тусламжаар нийт 130 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байдаг.
ОХУ, Монгол Улсын бүс орон нутгуудын хоорондын нислэгийн цэгийг олон болгох асуудал тавьж байгаа ажээ. Мөн Өмнөд Америк-Ази, Европ-Ази тивтэй холбож байгаа нислэгийг аль болох Монголын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрүүлэх, тоог нь олон болгох тухай санал солилцож санамж бичигт тусгасан байна.