Зуу гарсан өндөр настандаа хүндэтгэл үзүүлэв
2020.03.27

Зуу гарсан өндөр настандаа хүндэтгэл үзүүлэв

Хотол төгс хэмээх Төмөр Хулгана жилийн хаврын дунд сарын шинийн 3-ны Дашнямтай билэгт сайн өдөр буюу 3 дугаар сарын 27-нд УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан хөнгөн үйлдвэрийн салбарын ахмад ажилтан, Баянгол дүүргийн 6 дугаар хорооны иргэн, 100 насын насалж байгаа Жанлавын Нямдарь гуайд энх тунх урт удаан наслахыг ерөөж, хүндэтгэл үзүүлэв.

Б.Нямдарь гуай 1920 онд  Дундговь аймгийн Говь-Угтаал сумын нутаг Номгон Зүлэгтий гэдэг газар малчин ард Батбуянгийн хоёр дахь хүү болон төрж гурван жаран, хоёр зууныг үзэж улс орныхоо түүхэн хөгжлийн гэрч болон аз жаргалтай амьдарч буй буянтай буурал билээ.

Нямдарь гуай 1939 онд Төв аймгийн Эрдэнэсант сумын хоршооны ноос бэлтгэлийн нягтлан бодогчоос эхэлж эсгий эсгий гутлын үйлдвэр, ноосны нэгдэлд 25 жил ажилласан манай хөнгөн үйлдвэрийн салбарын хүндтэй ахмад ажилтан юм. Үүний зэрэгцээ тэрээр Ардын цэргийн алба, Өвөрхангай аймгийн намын хороо, Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөл, Намын төв хороонд удирдах албан тушаалд удирдлага, хамт олныхоо итгэлийг хүлээж, даалгаж хариуцуулсан ажил бүрийг хариуцлагатай, санаачилгатай, үр дүнтэй гүйцэтгэж иржээ.

Хөнгөн үйлдвэрийн салбарын ахмад ажилтан Б.Нямдарь гуай өөрийнхөө туулж өнгөрүүлсэн замнал, ажил, амьдралын мөчлөг бүрийг түүхэн цаг үеүүдтэй нь уялдуулан он, сартай нь маш тодорхой ярьсан юм.

Тэрээр өндөр өвөөгийн хийж бүтээсэн ажил үйлсээс гадна 7 настайдаа уйгаржин монгол бичиг бие дааж сурснаас боловсролтой хүн болох гараагаа эхэлж сумын бага сургууль, нягтлан бодогчийн дамжаанд улмаар цэргийн ерөнхий сургууль, намын дотоод гадаадын дээд сургуульд суралцаж өөрийгөө хөгжүүлж байсан үйл явц нь сонирхолтой байсан юм. 

Тэрээр өндөр сайхан нас, саруул ухаанд нөлөө үзүүлсэн хүчин зүйлсийнх нь талаар хэлэхдээ:

“Миний сайхан насалж байгаа нь Төрийн минь сүлд өршөөж, түмэн олон маань дэмжиж байдгийн ач буян.Намайг эрүүл саруул хүү болгон төрүүлж өсгөсөн ижий, аав хоёртоо баярлаж явдаг.

-Би 6, 7 настай бага балчир үеэсээ хар бор ажилд нухлагдсан,  16 нас  хүрмэгцээ аавыгаа дагаж адуунд явна, өвлийн жавраар нүцгэн гараараа хүйтэн уурга барихаар гар хайраад байна гэхээр аав ”гараа бутны өмнөх элсээр үрчих гэдэг байсан, элсээр үрсний дараа гар халуу оргиод ирдэг байлаа. Төд удалгүй, нутаг усныхан маань намайг “16 настай ч Угтаалын хэцийн “зэгсэн уургач хүү” гэх болсон. Ер нь аавтай хууч хөөрч байгаа хөдөөгийн сайхан өвгөдийн яриаг багаасаа сонсох дуртай, том хүний үг чагнаад гарч малаа хар гэж “хөөсөн” ч эргэж орж ирээд тэр сонирхолтой ярианд нь биширдэг, сахиж биелүүлэхийг хичээдэг байлаа

- Зун 5-р сараас 7-р сарын дунд хүртэл тараг хоормогоор голдуу хооллож байгаад наадмын дараа айраг залгаад ууна. Эсгий хийх үед л нэг ямааны мах жаахан иднэ, зун намрын бусад үед мах идэхгүй буюу хааяа тааралдсан үед нь амсах төдий сонирхоно.

Харин өвлийн улиралд голдуу, хонины хярамцагтай хоол идээд л малдаа явна даа. Ер нь мах, хоолыг бүр их цадталаа иддэгүй байсан 

-Цэргийн алба, түүний дасгал сургууль намайг чийрэг сайхан болгосон

- Би ажил амьдралынхаа урт хугацаанд ямар ч хүнтэй уурлаж, ширүүн дориун харьцаж байгаагүй, байнга тайван ухаалаг байхыг хичээдэг байсан, ер нь ийм байдалд залуугаасаа дасал хэвшил болсон доо” гэсэн юм.

Уулзалтын төгсгөлд ХХААХҮ-ийн Ч.Улаан сайдад хандаж: ”Ийм их ажлын цагаар намайг зорьж ирж хүндэтгэл үзүүлсэнд баярлаж байгаагаа илэрхийлээд, Ч.Улаан сайд бол Төрдөө түшиг болохоор түшээ, голтой сайхан үг хэлдэг...” гэсэн үгээр талархал дэвшүүлсэн  ю