2020.04.17

Б.Бат-Эрдэнэ: Гаргасан шийдвэрүүд бодит амьдрал дээр хэрэгжихгүй яваад байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.04.17\ хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбатаас 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

Улаанбаатар хотоо тойрсон жаахан ногоон бүсээ хамгаалах чиглэлээр ажил зохион байгуулмаар байна. Эхнээсээ мал аж ахуйг хотоос гаргасан. Гэтэл нохой үржүүлгийн газрууд ихээр бий болсон. Энэ нь иргэдийн амьдрах орчин аюулгүй байдал, хүүхдүүд гудамжаараа тайван алхах боломжгүй байдалтай. Дээр нь халдварт өвчин үүсэх тараах гээд олон сөрөг талтай. Хот орчмын бүсэд мал аж ахуй эрхлэхгүй гэсэн шиг нохой үржүүлэг байж болохгүй гэсэн заалт бол байдаг юм байна. Тэр нь хэрэгждэггүй.

Улаанбаатар хотын сая гаран орчин суугчдын эрүүл байх, ногоон бүсийг хамгаалахтай холбоотой дэглэм журам биелэхгүй байна. Ойн бүсэд, булаг шанд голын дагуу асар их газар эзэмшүүлсэн. Энэ газруудыг цуулаад цэгцэлнэ гэсэн тэр ажил зогссон. Монгол улсын нийт хүн амын 50-иас илүү хувийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй холбоотой асуудал. Энэ дээр ямар арга хэмжээ авах вэ гэдэгт анхаарах хэрэгтэй. Гаргасан шийдвэр бодит амьдрал дээр хэрэгжихгүй яваад байна.