Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс чөлөөллөө
2020.04.17

Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс чөлөөллөө

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.04.17\ нэгдсэн хуралдаанаар Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс чөллөөллөө.

Тэрбээр өнгөрсөн сарын 30-нд гишүүний бүрэн эрхээс чөлөөлөгдөх хүсэлтээ хүргүүлсэн юм. Түүнийг ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхад ЖДҮХС-гаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд зээл авсан асуудал үүссэн. Тиймээс ХХААХҮ-ийн салбарыг хариуцаж байсны хувьд ёс зүйн хариуцлага хүлээх нь зөв хэмээн үзэж, хүсэлтээ хүргүүлжээ.

УИХ-ын гишүүнийг чөлөөлөх санал хураалтыг нууцаар явуулдаг журамтай. Энэ дагуу нууц санал хураалтын тооллогын комиссын даргаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ажиллав.

Нууц санал хураалтад 47 гишүүн оролцож, 57.4 хувь нь Б.Батзоригийн УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн гэдгийг тооллогын комиссын дарга танилцуулсан юм. Улмаар Б.Батзоригийн бүрэн эрхийг чөлөөлөх тогтоолыг 51.9 хувийн саналаар батлав.

Ташрамд дурдахад, өнгөрсөн оны зургаадугаар сарын 14-нд Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлж, энэ оны нэгдүгээр сарын 30-нд Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Ингэснээр энэ удаагийн парламент 73 гишүүнтэй болж буй юм.