2020.04.23
“Аргаа барсан” УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ уриалга хэвлэж тавьжээ
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ чуулганы хуралдааны үеэр ширээн дээрээ уриалга хэвлэн тавьжээ. Уриалгад “Үлгэрлэлийг өөрсдөөсөө эхлүүлж, маскаа зүүцгээе”, “Хариуцлагаа ухамсарлаж зайгаа барьцгаая” гэсэн бөгөөд хаврын чуулган эхэлсэн цагаас хойш тэрбээр гишүүдийг амны хаалт зүүхийг зөвлөсөөр байгаа юм.
Намрын чуулганаар ирцээ цагт нь бүрдүүлэхийг шаардаж байсан Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ хаврын чуулганы турш амны хаалт зүүх шаардлагыг тавих бололтой.
Өмнө нь тэрбээр гишүүдэд энгэртээ зүүсэн вирус устгагч чинь хамгаалахгүй амны хаалтаа зүү, амны хаалтгүй хоорондоо ярилцахгүй бай хэмээн удаа дараа сануулж байсан бол энэ удаад “аргаа баран” уриалга хэвлэж тавьжээ.
Өнөөдрийн чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Л.Болдыг амны хаалт зүүхийг гишүүд гурван минутын турш шаардаж байж зүүлгэсэн. Хол зайтай гэх шалтгаанаар амны хаалт зүүхгүй байгаа гишүүдийг тэрбээр шүүмжлэн, их хурлын танхимаас аливааг үлгэрлэж, дэг журмыг сахих ёстой гэсэн байр суурийг илэрхийлээд байсан Б.Бат-Эрдэнэ гишүүн ийнхүү дараагийн арга хэмжээндээ оржээ.