Хувийн ашиг хонжоо хайсан засаглал
2008.01.01

Хувийн ашиг хонжоо хайсан засаглал

Хэрэв төрийн түшээд өгөөмөр ч биш, хахир хатуу ч биш ердөө л хувиа бодсон байвал юунд хүргэх вэ?

Хэрэв улстөрчид амин хувиа хичээсэн байвал тэд нийгмийн, нийтийн эрх ашигт аль нь хамгийн сайн вэ? гэхээс үл хамааран өөрийнхөө хувьд  хамгийн ашигтай шийдвэрийг гаргадаг болно. Ингэж улс төрчид хувийн ашиг хонжоо олох гэсэн, амин хувиа бодсон улс төрийн чиг баримжааг улстөрийн шинжлэх ухаанд рент хөөх хэмээн нэрлэдэг.

Рент гэдэг бол татвар, гадны тусламж зэргээс бүрдсэн улсын хөрөнгийн сан хөмрөгийг хэлж байгаа юм. Рент хөөх нь нийгэмд асар их хор хөнөөлийг учруулдаг. Учир нь улстөрчид, улстөрийн нам, хүчин өөрийн эрх ашиг, ашиг сонирхлоо биелүүлэхийн тулд асар их мөнгийг зарцуулахад бэлэн байдаг.  Тэд шүүх засаглал, хэвлэл мэдээлэл, бүүр заримдаа өөр бусад улс төрийн хүчинг хүртэл худалдан авдаг.

Ингэж рент хөөх нь сул дорой ядуу буурай хөгжилтэй улс оронд хамгийн их цэцэглэн хөгждөг. Учир нь ядуу тарчиг ард түмэн улс төрчдийн энэ үйлдэлд саад хийж, хориг тавих тэнхэлгүй байдаг. Нөгөө талаараа энд өөрийн эрх мэдлийг хувийн ашиг хонжоо олхын тулд ашиглахыг хориглосон хуулийн хэм хэмжээ ч байдаггүй. Хууль тогтогчид ийм хэм хэмжээ, хууль тогтоомж гаргахыг ч хүсдэггүй. Бүүр заримдаа ард түмэн төрийн эрх мэдэлтэнгүүд өөрийнхөө гэр бүл, төрөл төрсөдийхөө сайн сайхан, тусын тулд эрх мэдлээ урвуулан ашиглах нь байх ёстой зүйл хэмээн хүлээн зөвшөөрдөг.

Нэгэнт Рент бий болчихсон үед тэр засаг, улс төрийн хүчин, улстөрчийг унагаах, буулгах гэдэг нь амар биш болдог.

Рент хөөсөн улс төрчид нийгэмд ямар их хор хөнөөл авчирдаг эмгэнэлт түүхийн нэг жишээ бол  Зайрын ерөнхийлөгч Мобугу Сесе Секог /1967-1997/ юм.

1965 оны төрийн эргэлтийн дараагаар Мобугу Африкийн томоохон улс болох Конго улсын /өөрөө Зайр хэмээн нэрийг нь сольсон/ төрийн толгойд 30 гаруй жил суужээ. Тэрээр гарч ирсэн даруйдаа хамгийн түрүүнд сөрөг нам, хүчин зэргийг хоригложээ.

Ерөнхийлөгч Мобугу он удаан жил төрийн эрхийг барих хугацаандаа улсын сан хөмрөг тэр дундаа АНУ, Барууны орнуудаас ирсэн тусламжийг завшин хувьдаа хэмжээлшгүй их хөрөнгө хуримталуулж, хилийн чанадад байршуулж чаджээ.

Асар их мөнгөний хажуугаар Францын Ривьер дэх хэд хэдэн ордон, эзэмшил газрыг оруулцуулан өөр нилээд олон оронд 30 орчим тансаг орд харштай болжээ.

Энэ хугацаанд харин байгалийн арвин их баялагтай Зайрт амьжиргааны түвшин асар хурдтайгаар унаж, ард түмэн тахлын халдвар, өлсгөлөн, гуйланчлалууд сульдан доройтжээ.

1997 онд Лоран Лабилаар толгойлуулсан босогчид Мобугу Сесе Секогийг засгийн эрхээс буулгасан бөгөөд тэрээр удалгүй мөнх бусыг үзжээ.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.