Сталин харин Хүйтэн дайны эхлэлийг Черчилль тавьсан гэж эргэлзээгүй баталж байсан
ЗСБНХУ-ын хувьд дэлхийн дайнууд нэг ёсондоо гадаад ертөнцийг нээсэн их нээлт болсон юм. Зөвлөлт засаг тогтсоноос хойш анх удаа империалист улсуудтай ойртож, нийтийн дайны эсрэг хамтран тэмцсэн явдал нь үзэл суртлын урьдны үхширсэн хэвшсэн байдлыг ганхуулж, өрнөдийн олон хүнийг талархахад хүргэсэн юм.
Түүхэндээ ЗСБНХУ анх удаа олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүн болж, энэ нь эргээд гадаад бодлогоо хэрэгжүүлэх гол нөхцөл болжээ. ЗСБНХУ-ын дотоод байдал, тоталитар дэглэмээ бэхжүүлэхэд чиглэсэн бодлого нь хоёр системийн зөрчил тэмцлийг хурцатгах нэг шалтгаан болжээ.
Дайн болон Сталины хэлмэгдүүлэлт улс орны үндэсний баялгийн 30%-г барагдуулж, 27 сая хүн энэ зуур амь үрэгдсэн байна. ЗСБНХУ-ын хувьд хүнд үйлдвэрийг сэргээн босгох нь дайны дараах гол бодлого болжээ. Үүнд Германаас дайны төлбөрт авсан 4,3 тэрбум долларын бараа таваар, үйлдвэрийн багаж, тоног төхөөрөмж зэрэг нь чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Ийнхүү ЗСБНХУ нь 1948 он гэхэд аж үйлдвэрийн хувьд дайны өмнөх үетэй адил түвшинд хүрсэн байв.
Дэлхийн дайны хувьд Сталины гадаад бодлого, түүний мөн чанар нь дайн дараа ил болсон. Тэр нь Марксизмын гадаад бодлогын философи- хувьсгалт романтизм, мөн түүний дээр оросын дээрэнгүй бодлого байв. Дайны үеийн гурван гүрний холбоотны харилцааг Сталин “Өрнөдийн ардчилал бол хүчгүй, тиймээс тэднийг төөрөгдүүлж, завшиж болно.” гэж буруу дүгнэж байсан нь том алдаа байжээ. Барууны хүчирхэг орнууд Зөвлөлтөөс тусламж хүсэж, чөлөөлөх дайнд Оросыг оруулахыг хүссэн нь сул доройн шинж мэт Сталинд ойлгогдож байж. Үүнээс дүгнэлт хийн Зөвлөлт АНУ-тай хамтран Их Британийн нуран унаж байгаа өвийг АНУ-тай хуваах гэсэн байр сууринд шилжсэн байна.
Дайны дараа дэлхийг хэрхэн мөргөлдөөнгүйгээр зохицуулах вэ? Энх тайван амьдралд хэрхэн шилжих вэ? гэсэн асуудалд Сталин 1946.02.09 хийсэн мэдэгдэлдээ: “Энх тайвнаар орших асуудлыг хүлээн зөвшөөрхийг уриалаад, эдийн засгийн хувьд хүчирхэг орнуудын хооронд түүхий эд борлуулах, зах зээлээ дахин хуваах боломжтой бол цэргийн мөргөлдөөнөөс зайлсхийж болно” гэсэн утгыг илэрхийлэв. Үүгээрээ Америктай дэлхийг хувааж захирах далд санааг агуулсан байлаа. Гэвч өнгөн дээрээ АНУ-ыг дэмжигч бүх орон ЗХУ-ын дайсан мэтээр ойлгуулж байсан байна.
1951 он гэхэд НҮБ ЗХУ-ын дайсны тоонд оржээ. Америк өөрийн ертөнцийг, ЗХУ өөрийн ертөнцийг тэргүүлж байна гэж мэдэгдэх болсон нь олон улсын харилцааг улам хурцатгаж байжээ. 1952 оны ЗХУКН-ын 19-р их хурлаар Сталин “ Капиталист орнууд дахь ах дүү намуудад амжилт олж, ялалт байгуулах боломжтой гэж үзэх үндэс бий” гэж тэмдэглээд “ … Манай дотоодын бүх зовлон зүдгүүрийн эхлэл нь АНУ мөн” гэж томъёолсоноор дэлхийд өөрийн харилцааг хаасан гэж хэлж болохоор байв. Үүгээрээ Сталин Социалист лагерийн гадаад бодлогыг буруу тодорхойлж, дэлхий хуваагдмал байдалд шилжжээ. Сталин харин Хүйтэн дайны эхлэлийг Черчилль тавьсан гэж эргэлзээгүй батлаж байсан. 1946.03.05-д түүнийг хэлсэн үгэндээ хүйтэн дайныг зарласан гэдэг.
“ Оросын баатарлаг ард түмэн, миний дайчин анд, нөхөр Маршалл Сталиныг би гүнээ хүндэтгэж бахархаж байна… Өрнөдийн ардчилал дээр улааны аюул нөмөрлөө… Балтийн тэнгисээс Адриатын тэнгис, Триест хүртэл европ тив дээгүүр Төмөр хөшиг татагдлаа. Төв болон дорнод Европын эртний улсуудын нийслэл тэр хөшигний цаана орлоо… Коммунистуудын 5-р цуваа Христосын соёл иргэншилд улам бүр аюул занал учруулж байна. ..” гэж хэлээд англи хэлт ертөнцийн түүхэн нийтлэг өв болох эрх чөлөөний агуу их зарчим, хүний эрхийг хамгаалахыг Черчилль уриалжээ.
Черчилль дайны дараах Сталины алхмуудыг хамгийн түрүүнд гярхай олж харснаар нийтийг цочроосон хэрэг. Гэвч энэ илтгэлд Социализмын эсрэг цэргийн эвсэл байгуулах, социализмыг эдийн засгийн талаар хавчин гадуурхах ямар ч төсөл, ямар ч боловсруулсан хөтөлбөр байгаагүй нь илхэн байна.