Ц.Гарамжав: Бүлэглэл үүсгэдэг, нэгийгээ гутаан доромжлох үйл ажиллагааг зохион байгуулдаг явдал энэ УИХ-д байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар С.Бямбацогт нарын 10 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ц.Гарамжав “УИХ-ын дэг, журам, байнгын хороодтой холбоотой асуудлыг тодорхой болгож өгсөн байна. Энд мөн нийгэмд хамгийн ихээр яригддаг УИХ-ын гишүүний хариуцлага, ёс зүйн тухай асуудлыг онцолмоор байна. УИХ-ын гишүүд нийгэмд нэр хүнд муутай, бүгд ёс суртахуунгүй, гэмт хэрэгтэн мэтээр яригдаж байна.
УИХ-ын гишүүн сонгогдохоосоо эхлээд ёс суртахууны ямар шалгууртай байх ёстой юм бэ. Энд байгаа гишүүдийг харж байхад өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд янз янзын зан авир гаргадаг, бүлэглэл үүсгэдэг, нэгийгээ гутаан доромжлох үйл ажиллагааг зохион байгуулдаг, захиалга өгдөг явдал энэ УИХ-д байна.
УИХ-ын гишүүн тангарах өргөөд, ард түмэн, эх орныхоо эрх ашгийг нэгд тавина гэдэг. Гэтэл нийгэмд гарч байгаа бүх л зөрчлүүдийн үндэс нь гишүүдтэй холбоотой байх юм. УИХ-ын гишүүн нэгнийхээ эсрэг бүлэглэсэн үйлдэл хий, гутаан доромжлох үйлдлийг хэвлэл мэдээллээр захиалга өгч хийлгээд байвал яах ёстой вэ. Анх удаа сонгогдсон гишүүний хувиар ийм явдал их анзаарагдах юм.
УИХ-ын гишүүдийн сонгохдоо ард түмэн таван төгрөгөнд хууртахгүй, ёс суртахуун, ажил хөдөлмөр, удам угсааг нь харж баймаар байна.
УИХ-ын тухай хуульд гишүүнийг ямар хүн байхыг нарийн, тодорхой зааж өгмөөр байна” гэсэн юм.
Хууль санаалчлагч УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Туршлагатай, чадалтай, ухамсартай, ёс зүйтэй, мэдлэгтэй хүн УИХ-ын гишүүнээр сонгогддог байвал зүгээр байгаа юм. Гэтэл Монгол Улсын Үндсэн хуульд 25 нас хүрсэн иргэн сонгох, сонгогдох эрхээ чөлөөтэй эдэлнэ гээд заачихсан.
Тийм болохоор туршлагатай, боловсролтой байна гэдэг шаардлага тавих боломжгүй юм. Сонгуулийн хуульд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон бол нэр дэвшүүлэхгүй гэж хязгаарласан.
Өргөн баригдсан хуулийн 43 дугаар зүйл дээр УИХ-ын гишүүнд хориглох үйл ажиллагааг тусгасан” гэлээ.