Эдийн засгийн өсөлтөөрөө Гиннесийн номонд орсон юм
2009.06.16

Эдийн засгийн өсөлтөөрөө Гиннесийн номонд орсон юм

1949 оноос Тайваны эдийн засаг эрчимтэй хөгжиж, үйлдвэржиж эхэлжээ. Япончууд орхин гарсны дараа цагаан будаа, сахарын ургамлаас өөр орлого олдог юм энэ арал дээр байсангүй. Гоминдан намынхан засгийн эрх авмагцаа 1953 оноос үйлдвэржих дөрвөн жилийн төлөвлөгөө гаргаж АНУ-ын тусламжид дулдуйдан экспортын бүтээгдэхүүн гаргахаар зоригложээ. 1965 он хүртэл Америкууд нийт хөрөнгө оруулалтын 25 хувьтай тэнцэх хэмжээний худалдан авалт хийн Тайваны гадаад худалдааны тэнцлийг хангаж байв. Харин 1965 оноос АНУ-ын тусламжгүйгээр болгоод байх хэмжээнд хүрсэн тул тусламжийн маягийн худалдан авалт зогсжээ. Энэ үед АНУ-ын үзүүлсэн тусламж 1,7 тэрбум долларт хүрээд байсан юм.

Үйлдвэржилтийн бодлого зөв, эрчимтэй байсныг 1953 оноос эхлээд жил бүр ДНБ дунджаар 8 хувь өсч байсан үзүүлэлт тод харуулна. 1970 он гэхэд экспорт нь импортоосоо давж гарсан ба 1986 оноос ДНБ-ний жилийн өсөлт 7 хувиас буухаа больсон бөгөөд 1997 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ 13232 долларт хүрсэн байлаа. 40 жилийн турш эдийн засаг нь зогсолтгүй өсч байсан гэсэн үзүүлэлтээрээ Тайван Гиннесийн номонд орсон юм.

Үйлдвэрлэлийн түүхий эдээ 90 хувь гаднаас импортлодог улс ийм тогтвортой өсөлтийг хангаж байна гэдэг бол гайхамшгаас өөр юу байх билээ. Ингээд болохоор түүхий эдээр баялаг манай мэт улс үйлдвэржих аваас Тайванаас дутах юм байхгүй санагдана.
Үйлдвэржих эхний 4 жилийн хөтөлбөрийн дагуу Тайвань 1953 оноос хөвөн даавууны болон химийн бэлдэц гаргах үйлдвэрлэлийг голлож байсан. Удалгүй цемент, ХӨНГӨН цагааны үйлдвэрлэ нэмэгдэн орж ирсэн ажээ. 1957 оноос 4 дэх дөрвөн жилийн төлөвлөгөө эхэлж шил, төмөр арматур, лаазалсан жимс, машин үйлдвэрлэлд анхаарах болов.

1963 оноос гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, электроникийн үйлдвэрлэлийн үндсийг бий болгох зорилт тавь хэрэгжүүлсний хүчинд Тайвань өнөөдөр дэлхийн электрон барааны томоохон үйлдвэрлэгч, энэ салбарын хөгжлийг тодорхойлогч болоод байгаа билээ.

Тайваны хөгжлийг түргэсгэсэн гол гурван хүчин зүйл нь:
  • Газрын шинэчлэл
  • Өмч хувьчлал
  • Жижиг дунд үйлдвэрийг(ЖДҮ) амжилттай хөгжүүлсэн зэрэг болно. Тайваны экспорт нь нийлэг даавуу, пластмасс эдлэл, цахилгаан багаж, төмөр эдлэл, цахилгаан бус төхөөрөмжүүд бөгөөд ноёлох байр суурийг компьютер, түүний эд ангиуд эзэлж байна.

Аль 1947 оноос төлбөрийн чадваргүй иргэдийг эмнэлгийн үйлчилгээнд үнэ төлбөргүй хамруулдаг болсон. Дээр нь үйлдвэрт ажиллагсдын эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал, халамжийг төр хариуцдаг ажээ.

Үйлдвэрлэл эрчимтэй хөгжихийн хэрээр ажиллах хүчний дутагдалд орж 1980 оноос Тайланд, Малайзи, Филиппинээс 70 мянган цагаач ажилчин оруулсан байна. Банк, санхүүгийн салбар сайн хөгжсөн тул 1997 оны Азийн хямралд Тайвань бага өртсөн юм. Гэвч Тайваны Засгийн газар энэ хямралаас сургамж авч үйлдвэрлэлийн голлох салбараа эрсдэлээс хамгаалах, өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэх дэс дараалсан арга хэмжээнүүд авч эхлэв. Ялангуяа эх газрын хятадтай ажиллах хүчний өртөг, хямд үнээр өрсөлдөх нь хүнд зорилт байлаа.

Энэ зорилтыг амжилттай биелүүлэхэд жижиг дунд үйлдвэрлэлд анхаарч байсан бодлого нь тулгуур болсон юм. Ер нь Тайвань үйлдвэржилтийн анхны алхмаасаа л жижиг дунд үйлдвэрт онцгой анхаарч ирсэн бөгөөд хүн хүч багатай манай улсад энэ нь авууштай туршлага юм. Хөрөнгө оруулалт, түүхий эдийн дутагдал, гадны хамаарал ихтэй үед хамгийн оновчтой зам нь жижиг дунд үйлдвэр байдгийг Тайван нотоллоо.

Үйлдвэрлэгчдэдээ хөгжингүй орнуудын зах зээлд нэвтрэх боломжийг олгохын тулд Тайваны Засгийн газар техник, технологийн шинэчлэлийг нэвтрүүлэх, нөхцөлд байдал өөрчлөгдөхөд уян хатан шилжих маневрыг сайжруулах чиглэлээр хөрөнгө зээлийн дэмжлэг, сургалтыг өргөн явуулжээ. Шинжлэх ухаан судалгааны ажилд ч маш их хөрөнгө хаясан байна.
Жижиг үйлдвэрлэлийг овог, гэр бүлийн уламжлалд тулгуурлан төрөлжүүлж, том үйлдвэрүүдийн нэгдсэн бодлогод захируулж, дасгаж чадсаны ачаар дэлхийн тэргүүлэх компаниуд "Аррlеи, "Dell" “Fujitsu” “Hewlett Packard” “IBM” “Siemens” “Sony” “Toshiba” ийн захиалгыг өрхийн үйлдвэрлэгчид чанарын өндөр төвшинд хийх хэмжээнд очжээ.
1967 онд дэлхийд анх удаа ЖДҮ-ийн үйл ажиллагааг зохицуулах хууль" (Тhe small and medium Enterprise guidance Regulations) гаргасан ба уг хуульд 5 удаа шинэчлэл, нэмэлт хийсэн байна. ЖДҮ-үүдэд үйлчлэх төвийг бүх 23 хотод байгуулж, дэргэд нь хөгжлийн сан бүрдүүлж өгснөөр зах зээлийн хямрал, байгалийн гамшиг гэх мэт давагдашгүй хүчин зүйлс өртсөн эрсдэлийг бууруулах, нөхөн олговор олгох, сургалт явуулах зорилготой ажээ.
Үр дүнд нь 2004 оны эхээр Тайвань бүтээгдэхүүний үнэ ба чанарын харьцуулалтаар үйлдвэрлэл хөгжсөн 30 орны дотор эхний гуравт орох болсон ажгуу.

Тайваны ДНБ-ний өсөлт
Он Нэг хүнд ногдох ДНБ
2000  17 400.00$
2001 17 200.00$
2002 18 000.00$
2003 23 400.00$
2004 25 300.00$
2005 27 600.00$
2006 29 500.00$
2007 33 800.00$


Товчхондоо Тайваны Үйлдвэржсэн түүх нь бидний сонирхон үзэх, даган дууриах сэдэв мөн болой.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.