Ө.Энхтүвшин: Гадаад улсаас иргэдээ татах ажлыг үргэлжлүүлнэ
2020.05.25

Ө.Энхтүвшин: Гадаад улсаас иргэдээ татах ажлыг үргэлжлүүлнэ

УОК-ын өргөтгөсөн хуралдаанаар халдварын эрсдэл маш өндөр байгаа тул хөл хориог 6 дугаар сарын 30-ныг хүртэл сунгах асуудлыг хэлэлцэж байна.

Энэ үеэр Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин  "Монгол Улсад франц иргэнээр зөөвөрлөгдөн халдвар орж ирсэн үеэс хойш өнөөдрийг хүртэл УОК 12 удаа хурал хийж байна.

Гамшгаас хамгаалсан бэлэн байдлын зэргийн карантиныг сунгасан. Бүх шатны сургуулийн үйл ажиллагааг эхлэх хугацааг 9 дүгээр сарын 1-н хүртэл болгосон.

Цар тахлын 2 дахь давалгаа эхлэхийг сүүлийн өдрүүдэд дэлхий дахинд болж буй өвчлөлөөс харагдаж байна. Тухайлбал, Франц, Инчеон сургуулийн үйл ажиллагаагаа эхлүүлээд буцааж хааж байна.

Тусгаарлах хугацааг 21 хоног болгосныг иргэд шүүмжилж байсан. Гэвч одоо ойлгож эхэлсэн. Халдвар 14 дэх хоног дээрээ илэрсэн. Иймээс тусгаарлах хоногийг сунгасан юм.

Гадаад орноос иргэдээ татан авах ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж байгаа.

Нэгдүгээр сарын 6-ны өдөр БНХАУ-д халдварын тархалт нэмэгдсэн цагаас эхлэн гадаадад байгаа монгол иргэдээ татан авсан.

Энэ хугацаанд 62,510 иргэнийг татаж авсан байна. БНХАУ-д байгаа иргэддээ сэрэмжлүүлэг зөвлөгөө 54,176 иргэн ирсэн. Эдгээр иргэд тусгаарлалтад ороогүй. Тэр үед тусгаарлах ажил хийгдээгүй байсан

Энэ тоон дээр 8,000 гаруй иргэнийг тусгай үүргийн онгоц болон галт тэрэг, машинаар иргэдээ татаж авсан. 

46 улсаас 11,275 иргэн эх нутагтаа ирэх хүсэлтээ гаргаад байна. АНУ, БНСУ, Австрали, Энэтхэг, Турк, Англи, Япон улсаас ирэх хүсэлт гаргасан. 

Үүнд бага насны хүүхэдтэй 830 иргэн байна.

Гадаад улсаас иргэдээ татах ажлыг үргэлжлүүлнэ. Нэг өрөөнд нэг хүн гэсэн зарчмыг тавьж байгаа. Тиймээс боломждоо тулгуурлан татан авна.

Бид хориглох, хязгаарлах тактикаас гарч, сөрж орсон. Өөрөөр хэлбэл хилийн боомтуудыг нээж нүүрс, зэс, жоншийн экспортоо эхлүүлсэн. Мөн тусгай үүргийн онгоцоор эрсдэл өндөртэй улсаас иргэдээ авчирсан юм.

ОХУ-д өвчлөл эрс нэмэгдэж байна. Тус улсад халдварын тохиолдол 335,882-д хүрсэн. БНХАУ-ын ӨМӨЗО-д зөөвөрлөгдөн орж ирсэн  7 тохиолдол бүртгэгдсэн байна.

COVID-19-ийн тархалт цаг агаар, газарзүйн байршлаас хамаарахгүй нь судалгаагаар тогтоогджээ.

БНХАУ, АНУ-ын эрдэмтдийн судалгаагаар халдвар аваад эдгэрсэн залуус дахин өвдөх тохиолдол гарч байна. ЭМЯ халдварын эрсдлийн үнэлгээг найм дахь удаагаа хийлээ. Ингэхэд халдварын маш өндөр эрсдэлтэй гэж гарсан.

Иймээс өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн хөл хориог дахин 6 дугаар сарын 30-ныг хүртэл сунгах асуудлыг хэлэлцэж байна. Эрсдэл өндөр байгаа энэ үед амны хаалтаа орон даяар зүүх аяныг эхлүүлэх, зунжингаа ариутгал, цэвэрлэгээ хийнэ.

Илүү хариуцлагатай, бие биенээ дэмжиж халдварыг даван туулах үе ирлээ.

Дотоодод халдвар гарвал 3 дахь үе ирнэ. Тиймээс халдварын эсрэг санаа нэгтэй тэмцэцгээе" гэв