“MNB Гэр бүл” суваг өнөөдөр нээлтээ хийж, туршилтын эфирээ цацаж эхэллээ
Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хүүхэд, гэр бүлд чиглэсэн нэвтрүүлгийн бодлоготой, үндэсний хэмжээнд соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулдаг телевизийн сувагтай болох том төслийг Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж эхэлсэн.
Тэгвэл хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийг дэмжих, тэдэнд нэн шаардлагатай боловсрол, эрүүл мэнд, танин мэдэхүй, түүх уламжлал, соёл ёс заншил, хууль эрх зүй зэрэг бүхий л мэдээллээр дагнасан “MNB Гэр бүл” суваг өнөөдөр нээлтээ хийж, туршилтын эфирээ цацаж эхэллээ. МҮОНРТ-ийн уг отгон суваг зөвхөн хүүхэд, залуучууд гэлтгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн бүх бүлгийн хэрэгцээнд нийцсэн, амьдралд нь хэрэг болохуйц мэдлэг мэдээлэл өгөх нэвтрүүлэг, контентыг дагнан хүргэнэ.
МҮОНРТ-ийн уран бүтээлчид нас насны уран үзэгчдийн сонирхолд нийцсэн контентыг бүтээж, хүргэнэ
“MNB Гэр бүл” сувгийн нээлтэд уригдсан зочид, уран бүтээлчдээс гэр бүлийн телевизийн сувгийн ач холбогдлын талаар хариулт авлаа.
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг: ““MNB Гэр бүл” суваг эх орны ирээдүй болсон хүүхэд залуусыг хөгжих, төлөвших, эх орон, байгаль дэлхий, үндэсний уламжлал, түүх, хэл бичиг, өв соёл, урлаг, ахмад үеэ хайрлах үзэл, хүмүүжил төлөвшүүлэх, олон талын өргөн мэдээлэл өгөх танин мэдэхүйн үр дүнтэй нэвтрүүлэг, контент бүтээж хүргэнэ. Гэр бүлийн телевизийн суваг хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээс гадна боловсрол, эрүүл мэнд, хууль эрх зүй, өрхийн төсөв зэрэг сэдвээс гадна байгаль эх дэлхийгээ, эх орноо хайрлах болоод иргэний эрх, үүргийг сануулах цэнхэр дэлгэцийн уран бүтээлийг үзэгчдэд хүргэдэг. МҮОНРТ-ийн уран бүтээлчид нас насны уран үзэгчдийн сонирхолд нийцсэн контентыг бүтээж, хүргэнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
олон нийтийн телевизийн хөгжлийн чиг хандлага, олон улсын жишгийн дагуу тав дахь сувгаа нээх зорилтыг дэвшүүлсэн
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн дарга Б.Энхмандах: ““MNB Гэр бүл” шинэ суваг Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн хөгжлийн бодлогын баримт бичгийн дагуу нээгдэж байгааг нэн түрүүнд хэлмээр байна. Бид 2014 оноос эхлэн МҮОНРТ-ийн стратегийг дөрвөн жилээр баталж ирсэн. 2014-2018 оны дөрвөн жилийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж, олон нийтийн телевизийн дөрөв, радиогийн гурван сувагтай өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болж өргөжсөн. Дараагийн шатны стратеги буюу 2019-2023 оны дөрвөн жилийн дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд телевизийн нэвтрүүлгийн төрлийг дахин нэмэгдүүлэх, олон нийтийн телевизийн хөгжлийн чиг хандлага, олон улсын жишгийн дагуу тав дахь сувгаа нээх зорилтыг дэвшүүлсэн. Тэгвэл энэ зорилгын дагуу “MNB Гэр бүл” сувгийн туршилтын эфирийг өнөөдөр амжилттай эхлүүллээ. Ирэх есдүгээр сараас сувгаа албан ёсоор нээж, байнгын үйл ажиллагаанд шилжүүлнэ.
МҮОНРТ-ийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам(ХНХЯ)-наас бодитой тусламж үзүүлж “MNB Гэр бүл” суваг нээгдэж байгаа” хэмээв.
Монголын хүүхэд, залууст зориулсан хамгийн чанартай, үзүүштэй нэвтрүүлэг, контентыг бэлтгэн хүргэх болно
МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц: “Өнөөдөр MNB Монгол Улсын Засгийн газар, ХНХЯ-ны дэмжлэгтэй тав дахь сувгаа нээж байна. Энэ сувгийг үүсгэн байгуулах болоод бүх л бэлтгэл ажлыг хангаж ажилласан МҮОНРТ-ийн уран бүтээлчид, инженер техникийн ажилтнууддаа юун түрүүнд чин сэтгэлээсээ баярлаж байгаа илэрхийлье. Телевизийн урлаг бол хамтын бүтээл. Манай хамт олон
гэж хэллээ.Нийгмийн гол тулгуур гэр бүл
MNB-Гэр бүл” суваг төслийн зохицуулагч, найруулагч Н.Байгал: “МҮОНРТ-ийн “МNB-гэр бүл” суваг гэр бүл, хүүхэд, залуучууд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан жендерийн тэгш байдлыг хангасан үндэсний контент бэлтгэнэ. Программын бодлогын хувьд залуучуудын, хүүхдийн, гэр бүлийн, бодлогын нэвтрүүлгийн гэсэн үндсэн дөрвөн редакцтай нэвтрүүлэг, контент “үйлдвэрлэж” хоногт 17 цагийн эфирээр үзэгчдэд хүргэнэ.
МҮОНТ буюу нэгдүгээр сувгаар дээрх бүх агуулгыг нэг дор багтаан үзэгчдэд хүргэх гэхээр нэвтрүүлгийн цаг хугацаанд баригддаг, эфирийн цагийн хязгаартай байсан бол “МNB Гэр бүл” суваг нээгдсэнээр гэр бүлийн гишүүн бүрт зориулсан болон гэр бүлийн бүх гишүүн хамтдаа суугаад үздэг телевизийн контентуудыг бэлтгэн нэвтрүүлнэ. Нийгмийн гол тулгуур гэр бүл учир тэдэнд зориулагдсан нэвтрүүлэг, контент, телевизийн суваг сайн үр, нөлөө авчирна гэдэгт итгэлтэй байна” гэв.
Монголд гэр бүлийн суваг зайлшгүй шаардлагатай
“MNB Гэр бүл” сувгийн эфирийн найруулагч Н.Эрдэнэдэлгэр: “Нийгмийн захиалга гэдэг шиг Монголд гэр бүлийн суваг зайлшгүй шаардлагатай гэж боддог. Монголын айл өрх, гэр бүл бүрт бий болдог, тулгамддаг том жижиг аливаа асуудлыг шийдэхэд “MNB Гэр бүл” сувгийн уран бүтээл, нэвтрүүлгүүд том тус болно гэж найдаж байна. Би Монголын үндэсний олон нийтийн телевизэд эвлүүлэгчээс ажлын гараагаа эхэлж 20-иод жил ажилласан. Өнөөдөр том ажлын ард гарч, МҮОНРТ-ийн отгон суваг болох “MNB Гэр бүл” бие даасан сувгийн туршилтын анхны эфирийг нээж, үзэгч олонд хүргэж байгаадаа маш их баяртай байна” гэлээ.
Нэг телевиз, суваг үүсгэнэ гэдэг асар том ажил
МҮОНРТ-ийн Техникийн төвийн Телевизийн техникийн албаны ерөнхий инженер Б.Насанжаргал: “Манай төв “MNB Гэр бүл” сувгийн студийн тоног төхөөрөмж, техникийн бүхий л асуудлыг хариуцан ажиллаж байгаа. Туршилтын эфир Зуны тэргүүн сарын шинийн 3-ны билэгт сайн өдөр буюу өнөөдөр 10:00 цагаас үзэгчдэд хүрлээ. Дуу дүрс чанарын өндөр түвшинд буюу HD форматаар цацагдаж байгаа. Манай MNB-ийн хамт олон 2018 оны гуравдугаар сард “MNB Спорт” сувгаа албан ёсоор нээж, тухайн оныхоо арванхоёрдугаар сард “MNB World” сувгаа нээж байсан бол үүнээс хоёр жилийн дараа тав дахь сувгаа нээж, туршилтын эфирээ цацаж эхэллээ. Нэг телевиз, суваг үүсгэнэ гэдэг асар том ажил байдаг. Энэ том ажлын ард гарч, үзэгч олондоо нэн шаардлагатай гэр бүлд, хүүхэд залууст зориулагдсан шинэ сувгийг танилцуулж, эфирээ хүргэж эхэлсэн дарга удирдлага, хамт олондоо баяр хүргэе.” гэсэн юм.