Төмөр замчдын ҮЭ-ийг шинэчлэх түр хорооны гишүүд МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгчид хандлаа
2020.06.03

Төмөр замчдын ҮЭ-ийг шинэчлэх түр хорооны гишүүд МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгчид хандлаа

Монголын Төмөр замчдын ҮЭ-ийн холбоог шинэчлэх түр хорооны Зорчигчийн вагон депогийн ҮЭ-ийн хорооны дарга Б.Мөнхтөр тэргүүтэй төлөөлөл МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатарт хандан хүсэлт ирүүлсний дагуу өнөөдөр /2020.06.03/ уулзлаа.

МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны 30 гаруй анхан шатны ҮЭ-ийн хорооны идэвхтэн сонгуультны шагналт цалин, ҮЭ-ийн холбооны байрны асуудал, гишүүдийн татвар шимтгэлийн төвлөрлийг хуучин горимд нь оруулах зэрэг нийгмийн түншлэл, хамтын ажиллагааны зарчим алдагдаад буй өнөөгийн нөхцөл байдлыг дүрэмд заасан эрхийнхээ дагуу эв зүйгээр зохицуулах, зөвлөн туслахыг хүслээ.

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар,

-60 гаруй ҮЭ-ийн хорооны 16 мянган гишүүдийн эрх ашиг хөндөгдөж байна. Тэдний хүлээлт гэж ойлгож байгаа. Дотоод эв нэгдлээ сахиж, гэрээ хэлэлцээрийн замаар нэг санал бодолтой ажиллах хэрэгтэй. Хамтын гэрээгээ аль болох богино хугацаанд байгуулах нь бидний хувьд чухал байна. Бид ойрын хугацаанд МТЗ-чдын удирдлагуудтай уулзалт хийх санал тавъя. Эхний ээлжинд гацаанаас гаргах гарц хайя гэсэн хариулт өглөө.

МТЗ-чдын ҮЭ-ийн холбоо захиргаатайгаа байгуулдаг 2020-2021 оны Хамтын гэрээ нь зарим асуудлуудад гацсаны улмаас өнөөг хүртэл байгуулагдаагүй аж.