Aмapгүй цaг үеээc тoдopcoн caйд
2020.06.20

Aмapгүй цaг үеээc тoдopcoн caйд

УИХ-ын гишүүдийг тойрог тус бүрээр нь танилцуулж байгаа билээ. Энэ удаад УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшиж буй Д.Сумъяабазарыг онцолж байна. ШУТИС-ийг Бизнесийн удирдлагын чиглэлээр дүүргэсэн тэрбээр Монголын Чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад УИХ-ын гишүүнээр сонгогдсон байдаг. 2016 оны УИХын сонгуульд нэр дэвшин улиран сонгогдсон түүний хувьд өдгөө Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байна.

БАРИМТ 1: Нийслэлийн 77 дугаар дунд сургуулийг төгссөн Д.Сумъяабазар ШУТИС-ийг Бизнесийн удирдлагын чиглэлээр төгсчээ. 2003-2006 онд“Эй Би Си Девелопмент” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажилласан тэрбээр Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын албыг 2013 оныг хүртэл хашжээ. Д.Сумъяабазар 2006 оноос Сонгинохайрхан дүүргийн МАН-ын 6 дугаар үүрийн даргаар анх намд элссэн байдаг. 2008-2012 онд НИХТ-өөр сонгогдон дүүргээ төлөөлөн ажиллласан юм. Өөрөөр хэлбэл, намын анхан шатны байгууллагаас ажлын гараагаа эхэлж, шат өгсөн дэвшсэн хэрэг.

БАРИМТ 2: 2012 оны УИХ-ын сонгуульд АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Л.Эрхэмбаяртай өрсөлдөн санал тэнцэж дахин санал хураалтаар ялалт байгуулсан Д.Сумъяабазар нийслэлийн сонгогдсон МАН-ын цорын ганц төлөөлөн болон парламентад орж ирж байлаа. Иймээс ч нийслэлтэй холбоотой асуудлаар сөрөг хүчнээр ажилласан МАН-ын бүлгийн гишүүдээс эрх баригч АН-д хамгийн шүүмжлэлтэй ханддаг гишүүний нэг байв.

БАРИМТ 3: Ийнхүү анх удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон даруйдаа АН-ын Засгийн газраас явуулж байгаа бодлого, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд шүүмжлэлтэй хандаж ирсэн Д.Сумъяабазар 2016 оны сонгуульд дахин Сонгинохайрхан дүүрэгт өрсөлдөж, ялалт байгуулж байлаа.

БАРИМТ 4: Монгол Улсын аварга хэмээх алдарт хүрч, бөх сонирхогчдын хайр хүндэтгэлийг хүлээж явсан Д.Сумъяабазар улс төр рүү “урваж”, хууль тогтоох дээд байгууллагад дараалан шат дамжин сонгогдоод зогсохгүй улсын төсвийн дийлэнх хувийг бүрдүүлдэг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар очиход шүүмжилж, эгдүүцэх хүн олон байв.

БАРИМТ 5: Гэвч Д.Сумъяабазар энэ бүх шүүмжлэлийг тас цохиж, Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлаар тодорхой арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн юм. Тэрбээр Тавантолгойтой холбоотой бүхий л хууль, тогтоомж, шийдвэрүүдийг Үндэсний аюулгүй байдал, УИХ, Засгийн газраар оруулан хуульд заасан шат дамжлагуудаар гаргуулж чадсан анхны сайд. Тэрбээр “1,072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах цаг хугацаа нь болсон. Хувьцаа эзэмшигчдийн хурлаар оруулахын өмнө Засгийн газрын хуралдаанаар оруулж, тогтоол шийдвэрүүдээ гаргуулна.

БАРИМТ 6: Гадуур явж буй янз бүрийн ярианууд “үгүйсгэж” байгаагийн цаана энэ үйл ажиллагааг завхруулах гэсэн, ямар нэгэн байдлаар мөнгөний хэлхээ холбоо үүсгэсэн хэсэг бүлэг хүмүүсийн сонирхол байгаа, гарцаагүй. Ард түмнийг мөнгөтэй болгохгүй, санхүүг нь бэхжүүлэх талаас нь бодохгүй, сонирхол нь бугласан хүмүүс нийгэмд буруу мэдээлэл өгч байгаа. “Эрдэнэс Тавантолгой”-н IPO-г би хийх болно. Удахгүй хийнэ” гэж мэдэгдэж байлаа. Гэвч Тавантолгой тойрсон улстөржилт нийгэмд өндрөө авснаар уг ажил гацаанд орсноор өнөөдрийг хүрч байна.

БАРИМТ 7: 2012-2018 оныг хүртэл Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны даргаар ажилласан Д.Сумъяабазар 2018 онд нийслэлийн МАН-ын даргаар сонгогдож байв. Нийслэлийн МАН-ын хороо хэмээх их айлыг удирдахаар болсныхоо дараа тэрбээр “2016 оны улс төрийн намын сонгуулийн үр дүнгээс хойш нийслэлийн намын хороо шинэчлэгдэхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Одоогоос жил гаруйн өмнө намын хорооны дарга ажлаа хүлээлгэж өгч, түр орлон гүйцэтгэгчтэй байж байгаад албан ёсны ээлжит 34 дүгээр Бага хурлаа хийж, нийслэлийн МАН-ын хорооны даргаар сонгодлоо.

БАРИМТ 8: Энэ удаагийн сонгууль дотоод ардчилалтай өрсөлдөөний зарчмаар болсон. Хийх ажил маш их байна. Ялангуяа 2016-2020 оны намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, биелүүлэхэд анхаарч ажиллана. Эхний ээлжид улс төрийн хэд хэдэн шийдвэр гаргах ёстой гэж бодож байна. Нийгэмд үүсээд байгаа зарим асуудлын талаар намын удирдлагуудтай санал солилцож, шийдвэр гаргана” гэж байв.

БАРИМТ 9: Улмаар Нийслэлийн Намын хорооны анхан шат, үүрт тулгарч буй асуудлыг богино хугацаанд ажлын төлөвлөгөө гарган шийдвэрлэж эхэлсэн юм. Мөн дүүргийн улс төрийн байгууллагыг бэхжүүлэх, нам, улс төрийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, нийслэлийн төсөв, тулгамдаж байгаа олон асуудлаар хотын даргад дэмжлэг үзүүлж, ажлын төлөвлөгөөтэй хамтран ажиллахаар болсон юм.

БАРИМТ 10: Тэрбээр 2016-2020 оны хооронд тойрогтоо 380 тэрбум төгрөг буюу сүүлийн 30 жилд хийж байгаагүй хөрөнгө оруулалтыг татаж чадсан нэгэн. Уг хөрөнгө оруулалтын хүрээнд Сонгинохайрхан дүүрэг 24 цэцэрлэг, 10 сургууль, 3 эмнэлэг шинээр баригджээ.

БАРИМТ 11: Д.Сумъяабазарыг салбарын сайдаар очсоны дараагаар хэд хэдэн томоохон өөрчлөлт гарсан нь тусгай зөвшөөрөлтэй холбогддог. Тодруулбал, Монгол Улсын хэмжээнд ашигт малтмалын нөөцийн нэгдсэн тоо бүртгэлд 60 гаруй төрлийн ашигт малтмалын 1170 орд, 8000 орчим илрэл тэмдэглэгдсэн байдаг. 2005 онд нийт нутаг дэвсгэрийн 44.5 хувийг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хамарсан байдаг бол 2009 онд 25.2, энэ оны нэгдүгээр сарын 30-ны байдлаар 4.7 хувь хүртэл болж буурчээ.

БАРИМТ 12: Мөн Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбар уул уурхай, хүнд үйлдвэрээс дотоодын нийт бүтээгдэхүүний 24 хувийг, аж үйлдвэрийн салбарын 72 хувийг, экспортын 90 хувийг, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 76 хувийг дангаараа бүрдүүлж тус салбарын бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн бодит хэмжээ жил бүр өсөн нэмэгджээ.

БАРИМТ 13: Эрдэс баялгийн салбараас улсын төсөвт сүүлийн дөрвөн жилд нийтдээ 8.0 их наяд төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн бол 2019 оны жилийн эцсийн байдлаар Уул уурхай, газрын тос, олборлох үйлдвэрлэлийн салбарын орлогын хэмжээ 2.9 их наяд төгрөгөөс давж Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 25 хувь буюу 1/4-ийг дангаараа бүрдүүлжээ. Энэ нь Д.Сумъяабазарыг сайдаар томилогдсоноос хойш хугацаанд ажилласан үр дүнгийн илрэл юм.

БАРИМТ 14: Сайд Д.Сумъяабазарын тэргүүлдэг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас жилд сая тн зэсийн баяжмал боловсруулах металлургийн аж үйлдвэрийн томоохон төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм. Үйлдвэрийг барьж, ашиглалтад оруулснаар Монгол Улс дотооддоо үйлдвэрлэсэн зэс, түүгээр хийсэн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, эцсийн бүтээгдэхүүн экспортлогч орон болно. Дан ганц зэсийн баяжмал гаргаад зогсохгүй 50 тн алт, 25 тн мөнгө үйлдвэрлэж гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх боломжтой.

БАРИМТ 15: Мөн зэсийн баяжмалын үнэд гадаад зах зээлийн үнийн нөлөөлөл их байдаг бөгөөд зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр бий болсноор Ашигт малтмалын гадаад зах зээлийн үнийн нөлөөллийг багасгана хэмээн үзэж байгаа юм. Үйлдвэрт орчин үеийн шинэ техник, технологи нэвтрүүлснээр нийгэмд шинэ ажлын байр бий болж эрүүл мэнд аюулгүй ажиллагааны стандартуудыг эзэмшсэн дадлага туршлагатай ажиллах хүчин бий болох юм.

БАРИМТ 16: Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Казахстанд хийсэн айлчлалын үеэр Алт цэвэршүүлэх үйлдвэр барих, ашиглалтад оруулах тухай гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Энэ тухай сайд Д.Сумъяабазар “Алт цэвэршүүлэх үйлдвэр барихын тулд Лондонгоос эрхээ авах ёстой. Одоогоор Хөгжлийн банктай ярьж байгаа бөгөөд шаардлага хангасан бичиг баримт нь хэвийн болсон. Алт цэвэршүүлэх үйлдвэр баригдсанаар манай улсын эзийн засагт том дэм болно. Алтан дээр суурилсан төгрөг гэдэг бодлогыг баримтлахаар бэлдэж байна.

БАРИМТ 17: Валютын ханш өсөхөд бид алт цэвэршүүлэх үйлдвэртэй байснаар технологи дунд нь 50 гр, 10 гр, 100 гр гээд явах бүх шийдлүүдийг гаргаад, алтаа үйлдвэрлээд үндэсний гар урлалаа буюу гар урлалын чиглэлээр үйлдвэрлэл явуулж байгаа хүмүүсээ дэмжих, валютын урсгалаа хадгалах хэмжээнд барих ёстой. Алт цэвэршүүлэх үйлдвэрээс гарах үр дагавар эдийн засагт том тус болно. Жилд 25 тонн алт цэвэршүүлэх боломжтой гэж харж байна. “Алтан дээр суурилсан төгрөг” төсөл цаашид амжилттай хэрэгжих байх гэж найдаж байна. Уул уурхайн салбарын бодлого валютын нөөцийг яаж нэмэгдүүлэх вэ гэж л зорьдог” гэсэн тайлбарыг өгч байсан юм.

БАРИМТ 18: Д.Сумъяабазар сайдаар очсоныхоо дараа сүүлийн 30 жилийн хугацаанд хийгээгүй нэгэн дүрмийг гаргасан байдаг. Тэр нь уул уурхайн салбарт мөрдөгдөж буй хүний амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалах зорилго бүхий аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмүүдийг цогцоор нь шинэчлэн баталж, нийтээр дагаж мөрдөх боломжийг бүрдүүлсэн байдаг юм.

БАРИМТ 19: Уул уурхайн салбар нь уурхай, уулын үйлдвэрийн техник технологиос гадна эрчим хүч, барилга, авто зам гээд олон салбарын ажил үйлчилгээ цогцолж байдаг онцлогтой учраас Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хувьд эрсдэл өндөртэй салбарт ордог. Сүүлийн жилүүдэд салбарын өсөлт, хөгжилтэй уялдан техник, технологи шинэчлэгдэн, олон зуун ажлын байрууд шинээр бий болж байгаатай холбогдон үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тоо өсөх хандлагатай байгаа юм.

БАРИМТ 20: Улсын хэмжээнд 2017 онд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын нийт 332 тохиолдол бүртгэгдсэнээс уул уурхайн олборлох салбарт 55 тохиолдол, 2018 онд 283 осол бүртгэгдсэнээс 73, 2019 оны байдлаар 246 осол гарснаас 55 тохиолдол нь тус тус уул уурхайн салбарт бүртгэгджээ. Осол, эндэгдэл гарч буй шалтгаан нөхцөл харилцан адилгүй боловч үүнд уул уурхайн салбарын онцлогоос гадна аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлагын тогтолцоо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйд хандах хандлага, ойлголт, хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгцээ хангах байдал муу байгаа нь нөлөөлжээ.

БАРИМТ 21: Иймд салбарын яамны зүгээс өнгөрсөн 2019 оноос эхлүүлэн олон улсын чиг хандлага, техник, технологийн хөгжилтэй уялдсан аюулгүй ажиллагааны дүрмүүдийн шинэчлэн боловсруулж, батлуулан аж ахуйн нэгж байгууллагуудад мөрдүүлэх, хяналт шалгалт хийх бололцоог бүрдүүлж, уурхайчдын эрх ашгийг хамгаалах зорилт тавин ажилласан нь энэ байв.

БАРИМТ 22: Үүний үр дүнд Геологи, уул уурхайн яам /хуучин нэрээр/-ны 1987 онд батлагдсан “Баяжуулах боловсруулах үйлдвэрийн аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм”, Үйлдвэр, худалдааны сайдын 2003 оны 98 дугаар тушаалаар батлагдсан “Ил уурхайн аюулгүй ажиллагааны нийтлэг дүрэм”, Засгийн газрын 2006 оны 149 дүгээр тогтоолоор батлагдсан “Тэсэлгээний аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм” зэргийг шинэчлэн батлуулж, салбарын үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд нэвтрүүлж, уурхайчдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах бололцоог бүрдүүлээд байна.

БАРИМТ 23: Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх Д.Сумъяабазар сайдыг ахин СХД-ийн 28 дугаар тойрогт нэр дэвшүүлсэн шатлгаанаа “Эх орноо гэсэн сэтгэлтэй, газар нутгаа бусдад худалдахгүй эх орны хүү, сайхан залуу хүч юм. Эх орныхоо далбааг олон улсын дэвжээнд гаргаж, дуурсгаж явсан залуу. Би нэр дэвшигчдэдээ гурван шалгуурыг тавьсан.

БАРИМТ 24: Нэгдүгээрт, ёс суртахуунтай байх, ард түмнээ гэсэн сэтгэлтэй, өөрийн эрх ашгаас илүүтэй ард түмний эрх ашгийг дээдэлдэг байх шалгуур. Хоёрдугаар шалгуур бол мэдлэг боловсрол, дараагийн удаад ажлын дадлага туршлага, ур чадвартай байх ёстой. Эдгээр шалгууруудыг Д.Сумьяабазар сайд бүрэн хангасан” хэмээн Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзах үеэрээ онцолсон удаатай.