“Эрдэнэт үйлдвэр” дахиад тусгай үүрэг хүлээлээ
УУХҮ-ийн сайд Г.Ёндон салбарынхаа ажилтай танилцахын зэрэгцээ Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт суулгаж, дөрвөн жилийн хугацаанд хийгдэх боломжтой төсөл хөтөлбөрүүдийг газар дээр нь үзэж судалж, яамнаас бодлогын чиглэлд ямар дэмжлэг үзүүлэх талаар ярилцаж буй. Энэ хүрээндээ “Эрдэнэт үйлдвэр”-т ажиллалаа.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Х.Бадамсүрэн УУХҮ-ийн сайд Г.Ёндон тэргүүтэй албаны хүмүүст ажлаа танилцуулсан. Тэрбээр “Эрдэнэт үйлдвэр” 38 жил Монгол, Оросын хамтарсан үйлдвэрийн статустай, гурван жил шахам хувийн хэвшил, төрийн хамтарсан үйлдвэрийн статустай явсан. 2016-2018 он бол амаргүй цаг үе байлаа.
Нэг мэдэхэд 100 хувь төрийнх болчихно, эргээд 49 хувь нь хувийнх болчихно. Үүнийг дагаад дүрэм журам, бичиг цаасны их ажил нэмэгдэнэ. Үйлдвэрийн удирдлага, хамт олон энэ нөхцөл байдлаас үл шалтгаалан үйлдвэрлэлийнхээ тасралтгүй, найдвартай, үр ашигтай ажиллагааг хангах, хамгийн гол нь хамт олны маань сэтгэл зүрх, үйл ажиллагаанд сөрөг нөлөө бүү гараасай гэж хичээж ажилласан.
Энэ зорилтын үр дүнд үйлдвэрлэл тасралтгүй, хэвийн жигд үргэлжилсэн. 2019 оны гуравдугаар сараас үйлдвэр 100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар болсноор засаглалын хямрал арилсан.
Ийнхүү төр, засаг “Эрдэнэт үйлдвэр”-ээ түшиж, хүнд үеийг давна гэж найдаж байгаагаа дуулгаснаар амаргүй, хүнд цаг үеүдэд байнга л тангараг өргөсөн цэрэг мэт бат зогсдог үйлдвэр дахиад л тусгай үүрэг хүлээв бололтой. Цаг үеийн олон хүнд нугачаанд итгэл алдаагүй, ачааны хүндийг үүрээд гардаг үйлдвэр маань энэ удаагийн сорилтыг ч Монголынхоо эдийн засгийг өргөөд давна гэдэгт итгэлтэй байна.
“Эрдэнэт үйлдвэр” 100 хувь Монголынх болсноор монголчуудын, тэр тусмаа үйлдвэрийн хамт олны нуруун дээр том ачаа ирсэн. Бид үйлдвэрээ хоёр улсын хамтарсан үйлдвэр байсан үеийнхээс сайн, ядаж л тэр түвшнээс дордуулахгүй ажиллуулахыг зорьсон. Ингэж ч чадсан. Дараа нь ТӨҮГ болсноор хувийн хэвшлийн оролцоотой байснаас илүү ажиллахыг хичээсэн” хэмээн танилцуулгаа эхэлсэн юм.
Х.Бадамсүрэн тэргүүтэй “Эрдэнэт үйлдвэр”-ын хамт олон үйлдвэрийнхээ алсын харааг “Дэлхийн жишиг, Монголын бахархал болсон компани байх”, эрхэм зорилгыг “Тогтвортой үйл ажиллагаа, хариуцлагатай уул уурхайг эрхэмлэн, Монгол Улсад үндэсний баялаг бүтээх” хэмээн тодорхойлжээ.
Мөн алсын хараа, эрхэм зорилгодоо нийцүүлж техникийн, технологийн, санхүү эдийн засгийн, байгаль орчны, нийгмийн гэсэн таван үндсэн чиглэлээр хэрэгжүүлэх, гарын таван хуруу шиг өөр өөрийн үүрэг, оролцоотой, бие биенээ дэмжиж, уялдаа холбоотой байж гэмээн бүрэн хэрэгжиж, сайн үр дүнд хүрэх “Гарын таван хурууны бодлого” боловсруулан хэрэгжүүлж буйгаа үйлдвэрийн ерөнхий захирал ярилаа.
Х.Бадамсүрэн захирлын ажил авсан 2016 оноос хойш үйлдвэрлэл, техник, технологи, санхүү, эдийн засгийн үзүүлэлтүүд тасралтгүй өсөж буйг тоо баримтууд хэлж буй. Тухайлбал, 2019 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн хамт олон түүхэндээ хамгийн их буюу 37.2 сая тонн хүдэр олборлож, 32.2 сая тонныг нь боловсруулсан.
Эдийн засаг, санхүүгийн үзүүлэлт ч үүнийгээ дагаад өссөн. 2016 онд “Эрдэнэт үйлдвэр” улсын төсөвт 184 тэрбум төгрөг төвлөрүүлж байсан бол 2019 онд их наяд шахамыг оруулсан. Гаалийн татвар, хураамж, эрчим хүч, төмөр замын төлбөр гэх мэт төрд төлсөн мөнгөө нэмбэл энэ тоо 1.2 их наядад хүрсэн гэдэг. Энэ талаар Х.Бадамсүрэн захирал танилцуулгадаа цухас дурдсан.
Уул уурхайн үйлдвэрийн оршин тогтнох үндэсийн үндэс нь баялгийн нөөц. Сүүлийн гурван жилд “Эрдэнэт үйлдвэр” 20 гаруй сая ам.долларыг геологи хайгуулын ажилд зарцуулж, үйлдвэрийнхээ насыг 20 жилээр сунгасан. Өөрөөр хэлбэл, 2016 онд “Эрдэнэт үйлдвэр” 40 жил ажиллаад нөөц нь дуусна гэж тооцож байсан бол энэ хугацаа 20 жилээр уртсаж, наанадаж 60 жил ажиллахаар болсон юм.
Үйлдвэрийн нөөц нэмэгдэж, ажиллах хугацаа уртассан ч олборлолтын улмаас ил уурхай гүнзгийрэх тусам уул геологийн нөхцөл муудаж, хүдрийн хатуулаг нэмэгдэн, агуулга ядуурч буй нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн хамт олны хувьд ирээдүйгээ бодож, төлөвлөх, одооноос бэлтгэлээ хангахаас аргагүй асуудал билээ.
Энэ нөхцөл байдалд бүтээгдэхүүнээ бууруулахгүй, эдийн засаг, санхүүгийн хүрсэн түвшнээ алдахгүй байх нь юу юунаас чухал. Тиймээс тодорхой алхмууд хийж, техник, технологио шинэчлэх томоохон төслүүд хэрэгжүүлж эхэлснээ Х.Бадамсүрэн захирал танилцуулсан.
2016 онд нийт техник, тоног төхөөрөмжийн 70 хувь нь насжилт өндөртэй, солих шаардлагатай болсон байсан бөгөөд энэ ажлыг эхлүүлж, шат дараатай хийсээр 730 тэрбум төгрөгийн хөрөнгөөр нийт тоног төхөөрөмжийн 20 орчим хувийг шинэчилсэн байна. Мөн 2020-2024 онд техник, тоног төхөөрөмжөө шинэчлэх, үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн есөн төсөл хэрэгжүүлэхээр тооцоо судалгаагаа хийж, ажлыг нь эхлүүлсэн байна.
Уг ажлаа 2023 онд багтааж дуусахын төлөө ажиллах бөгөөд ингэснээр хүндэрч буй уул, геологийн нөхцөлд бэлтгэж, бүтээгдэхүүний өсөлт, өртөг зардлын хямдруулалтаар зардлаа нөхнө. Түүнчлэн дэд бүтцийн чиглэлд гурав, нийгмийн хамгааллын гурав, шинэ гурван төсөл хэрэгжүүлэх юм байна.
Хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, хөтөлбөрүүдийнхээ тухай ярихдаа Х.Бадамсүрэн “Исэлдсэн болон ядуу агуулгатай хүдрийг нуруулдан уусгах аргаар ашиглах төслийг хэрэгжүүлэхэд асуудалгүй, бид хийчихнэ. Харин зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах амаргүй ажил. Энэ талаар Монголын төр, засаг, уурхайчид олон жил ярьсан. Зэсийн баяжмал хайлуулж, боловсруулах үйлдвэрээс гарах хүхэрлэг хийг яах вэ гэдэг асуудал байдаг.
Олон нийт, орон нутаг байгаль орчинтой холбоотойгоор дэмждэггүй зовлонтой. Хүхэрлэг хийг шингэн байдалд шилжүүлж хүхрийн хүчил үйлдвэрлэх нь хамгийн боломжит хувилбар. Ингэлээ гэхэд гаргасан хүхрийн хүчлээ яах вэ гэдэг толгойн өвчин. Үүнийг шийдэх фосфор, жоншны баяжмалтай хорьж бүтээгдэхүүн гаргах, ураны үйлдвэрлэлд хэрэглэх гэсэн хувилбарууд бий ч гурвуулаа бүтэмж муутай байгаа. Хүхрийн хүчил үйлдвэрлэх хувилбар нэлээд мухардмал болсон. Өөр гарцыг манай инженер, холбогдох хүмүүс гадаадын мэргэжлийн байгууллагатай хамтран судалж байгаа” гэв.
Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр барьснаар зэсээс гадна мөнгө гаргана. Бага хэмжээний алт, бусад элементүүд ч гарахыг үгүйсгэхгүй. Өнөөдөр үйлдвэр 800 сая орчим ам.долларын орлого олдог бол зэсийн баяжмалаа хайлуулснаар тэрбум ам.доллар олно. Түүнийгээ боловсруулж, зэс утас, зэс хавтан, бусад бүтээгдэхүүн хийвэл энэ орлого хоёр тэрбумд хүрнэ хэмээн тооцжээ. “Эрдэнэт үйлдвэр”-ийн өнөөдөр олж буй орлогыг дөрөв дахин нэмэгдүүлэх боломж байгаа гэсэн үг.
Улаанбаатарын утаа, Эрдэнэтийн цагаан тоос Монголд бүү хэл дэлхийд зартай. “Эрдэнэт үйлдвэр”-ийн чихийг нэлээд халууцуулдаг томоохон асуудал нь цагаан тоос байсныг шийдвэрлэхээр уурхайн зүгээс дорвитой ажил хийж, одоогоор 80 хувь багасгасан, ойрын үед энэ асуудлаас бүрэн ангижрана гэж ерөнхий захирал ярьсан нь сайхан мэдээ байлаа.
Мөн барааны шахааг үгүй болгох гэж багагүй хүчин чармайлт гаргаж, тендерээ цахимаар, нээлттэй явуулж байгаа, уул уурхайн үйлдвэрлэлийг орчин үеийн жишигт хүргэж хөгжүүлэхийн тулд шинжлэх ухааны ололт амжилт, дэвшилт технологийг нэвтрүүлэх, үйлдвэрлэл, шинжлэх ухааны уялдаа холбоог хангаж ажиллахын тулд “Эрдэнэт үйлдвэр” 2020 оныг “Шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэх жил” болгон зарласан гэх мэтийн чихэнд чимэгтэй зүйл ерөнхий захирлын танилцуулгаас сонсогдсон.
“Дээр дурдсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд 1.5 тэрбум ам.доллар хэрэгтэй. Үүнийг олох бэлтгэлээ бид хийсэн. Эхлэлийг өөрийн хөрөнгөөр хийж байгаа ч цаашид үйл ажиллагаагаа найдвартай, өргөн цар хүрээтэй явуулахын тулд зээл авах шаардлага тулгарч, санхүүгийн дэмжлэг хэрэгтэй болохыг үгүйсгэхгүй.
Тэр утгаараа өнгөрсөн онуудад балансаа цэвэршүүлэх ажил хийсэн. Өнгөрсөн жилүүдэд гадаад, дотоодод “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой өр, төлбөр, авлага нэлээд үүссэн байсан. 20 жил яригдаад шийдэгдээгүй нь ч байлаа. Тухайлбал, “Балхашмыс”-ээс авч чадалгүй олон жил болсон 20 сая ам.доллар, “Стандарт” банкны асуудал гээд олны мэдэх өндөр дүнтэй заргууд байв. “Балхашмыс”-ээс авах мөнгөө өнгөрсөн онд бүрэн авсан. “Стандарт” банкны тухайд Лондоны арбитрын шүүх “Эрдэнэт үйлдвэр” 51 сая ам.доллар төлөх ёстой гэж шийдсэн.
Түүн дээр хүү, торгууль нэмэгдсээр 2019 оны эхэн гэхэд 120 сая ам.долларт хүрсэн байсныг боломжтой бүх арга хэмжээг хуулийн хүрээнд авч хэрэгжүүлснээр гурав дахин багасгаж, 40 сая ам.доллар төлсөн. Одоо “Эрдэнэт үйлдвэр” аль нэг байгууллагад нэг ч төгрөгийн өр, зээлийн төлбөргүй болсон.
Үйлдвэрийнхээ балансыг цэвэршүүлсэн. Олон жил түншилсэн гадаадын банк санхүүгийн байгууллагуудтай ярилцаж байна. Хамгийн гол нь зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэртээ технологийн шийдлээ гаргаж, хүхэрлэг хийн асуудлаа нэг мөр болгосон тохиолдолд бид Засгийн газар, салбарын яамны дэмжлэгтэйгээр энэ хөрөнгө санхүүг олж ирээд, төслөө хэрэгжүүлж чадна” гэж Х.Бадамсүрэн захирал хэлсэн.
Мөн тэрбээр “Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр”-ийн асуудалд онцгой анхаарал тавьж байгаа. Засгийн газар сүүлийн 30-аад жил үйлдвэрийн асуудлыг тусгайлан авч үзээгүй. У.Хүрэлсүх Ерөнхий сайдын Засгийн газар 2019 оны зургадугаар сард тусгайлан авч үзэж, 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийг дэмжиж, баталж, хэрэгжүүлэхийг ТӨБЗГ-т үүрэг болгосон. Энэ ажил хэрэгжээд явж байна. Үүний үр дүнд “Эрдэнэт үйлдвэр” 2031 он хүртэл юу хийх нь тодорхой. Ийм боломж олгосон Ерөнхий сайд, түүний Засгийн газарт талархал илэрхийлж буйг минь дамжуулахыг уламжилъя” гэсэн юм.
Амжилт бүхний цаана хүн байгаа гэж үздэг “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлага уурхайчдынхаа асуудалд онцгой анхаарч байгаа аж. Хамт олныхоо цалинг өнгөрсөн гурван жилд 45 хувиар, өсөлтийг тооцвол 53 хувиар нэмсэн гэнэ. Ахмадууддаа олгодог тэтгэврээ 30-40 хувиар нэмжээ. Цалин хөлснөөс гадна нийгмийн асуудалд онцгой анхаарч, 1300 айлын орон сууцыг барьж эхлүүлсэн байна. Мөн ажилтан бүртээ нэг удаа 12 сая төгрөгийн байрны дэмжлэг үзүүлж байгаа аж.
Танилцуулгынхаа төгсгөлд тэрбээр “Яам, Засгийн газраас хүсэх цөөн зүйл байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ энэ статусаараа сайн ажиллаж чадаж байна. Гэхдээ олон нийтэд ойлгомжтой, нээлттэй, олон улсад ч нээлттэй байлгахын тулд үйлдвэрийн статусыг хамгийн оновчтой хэлбэрээр шийдвэл үйл ажиллагаа тогтвортой, үр ашиг өндөр, өрсөлдөх чадвараа улам нэмэгдүүлэх, улс төрөөс ангид байх олон асуудал шийдэгдэнэ. 49 хувийг худалдаж авсан санхүүжилтийн эх үүсвэрийг тойрсон яриа хөөрөөг Засгийн газар, эдийн засгийн төв байгууллагууд, хууль хяналтын байгууллага нэг мөр болгож, тооцоо дугуйлсан нь зөв байх. Мөн, “Стандарт” банканд төлсөн мөнгийг буруутай этгээдээр гаргуулж, үйлдвэрийг хохиролгүй болгоход Засгийн газар анхаараасай” гэсэн юм.
УУХҮ-ийн сайд Г.Ёндон энэ үеэр “Маш нягт, нямбай чамбай, бүх зүйлийг төлөвлөгөөтэй, хөтөлбөртэй хийдэг ерөнхий захиралтай танай хамт олон алзахгүй юм байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт УУХҮЯ-наас есөн дэд зорилт, 33 арга хэмжээ оруулахаар төлөвлөсөн. Есөн дэд зорилтын хоёр нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, хөтөлбөртэй холбоотой.
Үйлдвэрийн уул, геологийн нөхцөл хүндэрч, хүдрийн хатуулаг нэмэгдэж, агуулга багасаж байгаа нөхцөлд үйлдвэрийн ашигт ажиллагааны түвшин, улсын эдийн засагт оруулж буй өгөөжийг хэвийн хэмжээнд хадгалахад чиглэсэн арга хэмжээг авахаас аргагүй. Үүний тулд үндсэн цехүүдийн өргөтгөл, шинэчлэлийг хийж байгаа нь зөв. Улам гүнзгийрч буй ил уурхайд туузан дамжуурга тавьснаар уурхайн автомашины тоо цөөрч, дугуй, шатахууны хэмнэлт гаргана. Баяжуулах үйлдвэрийн шинэчлэл ч бас зардал бууруулна, металл авалтыг сайжруулна. Энэ ажлууд уурхайн уул геологийн нөхцөл хүндрэхэд хэвийн ажиллагаагаа хангахад чиглэж буй.
Засгийн газрын мөрийн хөтөлбөрт нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, гүн боловсруулалтыг дэмжих талаар тусгасан. “Эрдэнэт үйлдвэр” зэсийн баяжмал боловсруулах болон исэлдсэн хүдрийг уусган баяжуулах технологиор баяжуулж, катодын зэс үйлдвэрлэх хоёр том төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусна” гэв.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан ЗГХЭГ-ын дэд дарга Б.Энх-Амгалан “Үйлдвэр маань өнгөрсөн хугацаанд үйл ажиллагаа нь тогтворжиж, байдал сайжирчээ гэсэн ойлголт авлаа. Удирдлагын түвшинд ч ийм ойлголттой байгаа. Хоёр жилийн өмнө ямар зарга, зайлхайтай, нийгмийн сэтгэл зүйд нөлөөлсөн хүнд асуудлууд байлаа. Төр, засаг шийдвэртэй арга хэмжээ авч, үйлдвэр 100 хувь төрийн өмчлөлд ирсэн. Үүний дараа Х.Бадамсүрэн захирал сайн ажиллаж байгаа юм байна. Ажил төрөл тогтворжиж, зөв чигтээ оржээ гэсэн дүгнэлтийг хийлээ.
Өмчлөлийн маргааныг Засгийн газар ойрын үед шийдэх байх. “Стандарт” банканд төлсөн төлбөрийн тухайд, хууль шүүхийн байгууллагын шийдвэр гарсны дараа танайхаас гарсан мөнгө буцаж орж ирэх байх гэсэн төсөөлөлтэй байна. Улс орны эдийн засгийн байдал амаргүй байгаа. Улсын төсөв бүрдэхгүй байна. “Эрдэнэт үйлдвэр” урд нь Монгол орныг тэжээж байсан. Одоо ч байдал хэвээрээ. Цаг үеийн байдлаас шалтгаалаад том дүнтэй хөрөнгө оруулалтууд хойшлох байдал гарахыг үгүйсгэхгүй шүү” гэлээ.
Ийнхүү төр, засаг “Эрдэнэт үйлдвэр”-ээ түшиж, хүнд үеийг давна гэж найдаж байгаагаа дуулгаснаар амаргүй, хүнд цаг үеүдэд байнга л тангараг өргөсөн цэрэг мэт бат зогсдог үйлдвэр дахиад л тусгай үүрэг хүлээв бололтой. Цаг үеийн олон хүнд нугачаанд итгэл алдаагүй, ачааны хүндийг үүрээд гардаг үйлдвэр маань энэ удаагийн сорилтыг ч Монголынхоо эдийн засгийг өргөөд давна гэдэгт итгэлтэй байна.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч захирал Д.Үүрийнтуяагаас зарим зүйлийг тодрууллаа.
-2020 он дэлхий нийтэд таамаглашгүй байдал авчирсан, прогноз өөрчилсөн жил байлаа. “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьд нөхцөл байдал ямар байгаа вэ?
-Энэ оны эхний хагас жилд манай үйлдвэрийн үйлдвэрлэл, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд бүрэн биелсэн. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад төдийгүй дэлхий нийтэд хүндрэл учруулаад буй цар тахал “Эрдэнэт үйлдвэр” ямар нэг хүндрэл, бэрхшээлгүй, төлөвлөсөн ажлаа бүрэн хэрэгжүүлж ажиллалаа. 2019 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн эдийн засгийн үйл ажиллагааны үр дүн сайн байсан нь хямралыг даван туулах гол суурь болсон.
-Өнгөрсөн онд танай үйлдвэр олон дээд амжилт тогтоосон. Энэ оны хувьд түүндээ хүрэх боломж байгаа юу?
-Өнгөрсөн онд бид төлөвлөгөөт бүх зорилтоо биелүүлж, түүхэнд байгаагүй өндөр ашиг орлоготой ажилласан. Улс, орон нутгийн төсөвт анх удаа 962 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн, борлуулалтын орлогыг 2.2 их наяд төгрөгт хүргэсэн. Өртөг, зардлыг боломжит хэмжээнд хэмнэж, 154 тэрбум төгрөгийн нэмэлт орлого бий болгож чадсан нь энэ оны хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулах суурь болж, бэлэн мөнгөний гачигдалгүй, мөнгөн хөрөнгийн дутагдалгүй төлөвлөсөн ажлуудаа хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн.
Цар тахлын улмаас дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын гаралтай түүхий эдийн үнэ огцом унасан. Бид төлөвлөгөөгөө хийхдээ улсын төсөвт тусгаснаар бүтээгдэхүүнээ 5991 ам.доллароор тооцсон. Гэтэл оны эхний хагаст тонн тутамдаа дунджаар 500 ам.доллароор бага байлаа. Бүр тонн тутамдаа 1300 ам.доллароор бага болж унасан үе ч бий. Одоогийн байдлаар үнэ харьцангуй өсөөд байна.