БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл түүхэн аялал жуучлалын цогцолборуудын ажлын явцтай танилцлаа
2020.08.17

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл түүхэн аялал жуучлалын цогцолборуудын ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл орон нутгийн томилолтоор Хэнтий аймгийн Дадал суманд ажиллалаа. Энэ үеэр Онон-Балжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаадын ажил болон тэдний тулгамдаж байгаа асуудлуудтай газар дээр нь танилцаж, зарим нэг асуудлыг шийдвэрлэхээр боллоо.

Онон-Балжийн БЦГ-ын байгаль хамгаалагчид салбарын сайддаа ажил үүргээ гүйцэтгэхэд тулгамддаг хэд хэдэн асуудлыг хөндлөө. Тухайлбал, байгаль орчноо сүйтгэж байгаа иргэдтэй тэмцэхэд биеэ хамгаалах тусгай зэвсэг, хэрэгсэл байдаггүй, мөн томилолтын мөнгө олгогддоггүй зэргийг шийдүүлэх хүсэлтэй байгаагаа хэлсэн юм.

Д.Сарангэрэл сайд: “ Байгаль орчны салбарт ажиллаж байгаа албан хаагчид тэр дундаа халуун цэг дээр нь байгалиа хамгаалж үйлсэд цаг наргүй ажиллаж байгаа байгаль хамгаалагчдынхаа тулгамдаж байгаа асуудал нэг бүрийг шийдвэрлэхийн төлөө ажиллахаас гадна унаган байгалиа хайрлан хамгаалах оновчтой шийдвэрүүдийг гарган ажиллахад та бүхний санал, санаачлагыг сонсож хамтран ажиллана.” гэсэн юм.

Түүхэн аялал жуулчлалын зарим цогцолборуудын ажлын явцтай танилцлаа

Мөн Хэнтий аймагт ажиллах үеэрээ Д.Сарангэрэл сайд Соёлын дэд Сайд Г.Батбаяр болон бусад албаны хүмүүстэй түүхэн аялал жуулчлалын зарим цогцолборуудын ажлын явц байдалтай газар дээр нь танилцлаа. Энэ үеэр Соёлын дэд сайд М.Батбаяр хэлэхдээ “Аялал жуулчлал гэдэг түүхэн өгөгдөл, мэргэжлийн оролцоотой төлөвлөгөө, мөн орон нутгийн иргэдийн оролцоо гэсэн гурван зүйлээс бүрддэг. Энэ бүхэн цогцлоосны дараа жинхэнэ цогцолбор болно. Бид газрын мухарт ганцхан хөшөө бариагүй юм. Түүхэн ач холбогдол бүхий зургаан цогцолборыг байгуулж байна. Энэ том төсөл нь гадаадын аялал жуулчлалыг эх орон орондоо татах, эдийн засгийн боломжийг орон нутагт үлдээхээс гадна монгол хүн бүрийг өөрсдийн түүхээ таниж мэдэх, омогшил бахархлаа гээхгүй байх томоохон зорилгуудыг агуулсан том төсөл гэдгийг онцолж хэлмээр байна” гэлээ.

1206 онд Монгол төрийн хуралдай Биндэрт хуралдсан гэдгийг түүхчид судалж, тогтоосон байдаг. Энэ үүднээс “Эзэнт гүрэн-Их хуралдай” цогцолборыг Хэнтий аймгийн Биндэр суманд байгуулахаар болсон юм. Байгууламж нь 21 метрийн өндөртэй бөгөөд газрын түвшнээс доош 3 метр, дээш 18 метр байх юм. Цоголборт Их монгол улс, Эзэнт гүрний түүхийг харуулсан музей, Чингис хааны дүр бүхий тахилгын хэсэг, доод хэсэгт 100 хүний хүлээн авах танхим, үзвэрийн хэсэг, ажилчдын байр, нийтийн бие засах газрууд байрлах юм. Өнөөдрийн байдлаар байгууламжийн барилгын ажил 60 хувьтай үргэлжилж байна.

Д.Сарангэрэл сайдын ажлын явцтай танилцсан дараагийн түүхэн аялал жуулчлалын цогцолбор нь Дадал суманд баригдах “Их эзэн-Чингис хаан” цогцолбор юм. Барилгын ажлын явц зургийн шатандаа явж байгааг албаны хүмүүс хэллээ. Зураг төслийн ажил одоогоор 80 хувьтай явагдаж байна. Үүний дараа олон улсын тендер зарлагдаж барилгын компанийг шалгаруулах юм. Харин барилгын ажил 2021 оноос эхлэн 2024 онд цогцолбор бүхлээрээ ашиглалтад орно. Өдөрт 4500 жуулчин хүлээн авах хүчин чадалтай энэхүү цогцолборт тахилын сүм, үзэсгэлэнгийн танхим, кафе, музей, дижитал үзмэр, бэлэг дурсгалын дэлгүүр болон 300 автомашины зогсоолтой байхаар төлөвлөжээ.

БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга С.Баясгалан: “Монголд аялах хүсэлтэй жуулчдын тоо 2018 онд 114 сая байсан бол 2019 онд 157 болж өссөн. Энэ их эрэлтийг хангахын тулд бид түүхэн аялал жуулчлалын бүтээн байгуулалтуудыг хийх замаар Монгол улс тэр дундаа орон нутаг руу чиглүүлэх урсгалыг бий болгож байгаа юм. Өмнө нь түүхэн аялал жуулчлалын газруудад хоосон газар үзүүлснээр эдийн засгийн урсгал байгатай байдаг байсан. Харин өнөөдрийн энэ бүтээн байгуулалтуудаар дамжуулан нутгийн иргэд шууд үр ашгийг хүртэх боломтой болж байна.” гэсэн юм.