ХЗБХ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй хэмээн үзлээ
2020.08.19

ХЗБХ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй хэмээн үзлээ

Улсын Их Хурлын Хуульзүйн байнгын хорооны өнөөдрийн /2020.08.18/ хуралдаан 77.1 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэв. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга С.Бямбацогт Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиас хуралдаанд оролцож буй гишүүд болоод ажлын хэсгийнхэнд санууллаа. Ингээд хэлэлцэх асуудалтай холбоотой санал байгаагүй тул Монгол Улсын Их Хурлын тухай хуульд 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхлэв.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд хэсэгчлэн хориг тавих тухай танилцуулгыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа Монгол Улсын Ерөнхийлөгч нийт ард түмнээс сонгогдсон, төрийн тэргүүн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэгчийн хувьд улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар хууль, тогтоомжийн төсөл санаачлахыг хязгаарласан, хэт субъектив  санаа зорилго агуулсан зохицуулалт болсон тул Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт хэсэгчлэн хориг тавьсныг дурдлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар, Ж.Сүхбаатар, Н.Алтанхуяг, Б.Энхбаяр, Ш.Адьшаа, Х.Нямбаатар, Б.Энх-Амгалан нар асуулт асууж, үг хэлээ.  Тухайлбал УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар  Ерөнхийлөгчийн хууль санаачлах хүрээ хязгаарыг Монгол Улсын их хурлын тухай хуулиар биш Хууль тогтоомжийн хуулиар зохицуулж өгөх нь илүү зохимжтой гэсэн бол УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваад, харин Засгийн газрын асуудлаар  хууль санаачлахгүй байх, хууль санаачлах замаар эрх мэдлээ нэмэгдүүлэхгүй байх тухайд анхаарах нь зөв гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэйг хэлээд мөн УИХ-д цөөнх болсон гишүүдийн санаачилсан хууль хэлцэгдэх боломж хаалттай байгааг засах ёстой гэлээ. Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахтай хамт УИХ-ын гишүүдийн хууль санаачлах эрхийн асуудлыг нэмэлт, өөрчлөлт хэлбэрээр эргэн харах нь зөв хэмээсэн юм.

Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа   Монгол Улсын Их Хурлын тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах зүйтэй” гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу  71,4 хувь нь дэмжиж хоригийг хүлээн авах зүйтэй хэмээн үзлээ.

Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай тогтоолын төслийн 2 дахь хэлэлцүүлгийг хийлээ

Дараа нь Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, "Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаар УИХ-ын гишүүн, Хуульзүйн сайд Х.Нямбаатар танилцууллаа.

Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн орлогын гүйцэтгэл 10.9 их наяд төгрөг, төсвийн зарлага 11,7 их наяд төгрөг хүрч тэнцвэржүүлсэн тэнцэл 756,2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч энэ нь ДНБ-ий 2 хувьтай тэнцэж байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд тус байнгын хороонд харьяалагдах нийт 284 байгууллагын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн гаргасан байна. Нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр тус байнгын хорооны төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага болон цэвэр зээлийн дүн  655,9 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарч, урсгал зардалд 603 тэрбум төгрөг, хөрөнгийг зардалд 52,9 тэрбум төгрөг зарцуулсан талаар танилцуулгадаа дурдлаа.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн аудитын дүгнэлтийг тэргүүлэх аудитор О.Тэнгис танилцууллаа. Төсвийн ерөнхийлөн захирагчдын 2019 оны нийт зарлага ба цэвэр зээлийн төлөвлөгөө гүйцэтгэлийн батлагдсан төлөвлөгөө 636,9 тэрбум төгрөг гүйцэтгэлээр 653,2 тэрбум төгрөг байна. Тус байнгын хорооны харьяа төсвийг ерөнхийлөн захирагч  Хуульзүй дотоод хэргийн сайд, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Улсын ерөнхий прокурор, Хүний эрхийн үндэсний комиссын дарга, АТГ, Цагаатгах ажлыг  удирдан зохион байгуулах улсын комиссын дарга зэрэгт зөрчилгүй гэсэн аудитын дүгнэлт гарсан талаар дурдлаа.

Ингээд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ц.Мөнхцэцэг, Ж.Сүхбаатар, С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир, Б.Энхбаяр нар асуулт асууж, санал хэллээ. Тухайлбал, гэмт хэрэг зөрчлийг бууруулах үүднээс камержуулалтыг сайжруулах, хилчдийн нийгмийн асуудлыг дээшлүүлэх, архидан согтуурахтай тэмцэх сангийн асуудал, салбарын ажилчдын цалин, зөрчилтэй гарсан байгууллагуудад ямар арга хэмжээ авах талаар асууж санал хэлж байсан юм. 

Уг тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж гишүүн танилцуулахаар боллоо.

Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Танилцуулгын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. Тэрбээр Коронавируст халдварын цар тахал дэлхий нийтийг хамарч, улс орнуудын нийгэм, эдийн засагт урьдчилан тооцоогүй их хэмжээний хохирол учруулж улмаар 2020 оны дэлхийн эдийн засаг огцом буурч -4 өөс -6 хувьд хүрэхээр байна. Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ оны эхний хагаст -9.7 хувиар, нийт экспорт эхний хагас жилийн байдлаар 28 хувиар, уул уурхайн экспорт 25 хувиар, нийт импорт 15 хувиар, төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнээс 1.2 их наяд төгрөгөөр тус тус буураад байна. 

Төсвийн орлого тасрах гол шалтгаан болж байгаа уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг далайцтай нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газраас боломжтой бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Дээр дурдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр нэгдсэн төсвийн нийт орлого 10.7 их наяд төгрөг, нийт зарлага 14.6 их наяд төгрөг, төсвийн нийт алдагдал 3.8 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 9.9 хувьтай тэнцэж байгааг танилцуулгадаа дурдлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Харин хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хэлсэн үгэндээ цар тахлын үеийн төсөв гэдгийг Засгийн газар бүрэн ойлгож, зарлагыг барихыг санууллаа.

Ингээд өөр үг хэлэх гишүүн байгаагүй, зарчмын зөрүүтэй санал гарсангүй тул Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал дүгнэлтийг Төсвийн байнгын  хороонд УИХ-ын гишүүн С.Амарсайхан танилцуулахаар болов