Н.Удаанжаргал: Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлд тавьж буй төмөр замд эвдрэл үүсээгүй
2020.08.19

Н.Удаанжаргал: Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлд тавьж буй төмөр замд эвдрэл үүсээгүй

Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлд тавьж буй төмөр зам үерийн усанд автан угаагдсан гэж  зарим сайт болон олон нийтийн сүлжээгээр мэдээлснийг "Тавантолгой төмөр зам" ХХК-иас өнөөдөр няцааж, бодит байдлын тухай танилцууллаа. 

Тус компанийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал хэлэхдээ, "Манай компани энэ төмөр замын бүтээн байгуулалтын захиалагчийн чанарын хяналтыг хариуцаж байгаа бөгөөд төмөр замын ажил чанаргүй явагдаж усанд угаагдсан гэдэг нь худал ташаа, мэргэжлийн бус, нотлогоогүй мэдээлэл юм" гэдгийг онцлоод, төмөр замын ажил батлагдсан норм нормативийн дагуу, захиалагчийн техникийн шаардлагаар хийж гүйцэтгэж буйг хариуцлагатай мэдэгдэж байна гэв. 

Тэрээр, цахим сүлжээнд нийтэлсэн зурагт төмөр замын түр далан угаагдсан байдал гарсан болохоос бус цаана нь байгаа төмөр замын үндсэн далан усанд автаагүй, харин ч усыг зайлуулах үүднээс түр даланг албаар сэтэлж усыг нэвтрүүлсэн. Ер нь  гүүр, хоолойг бүтээн байгуулалтын хүрээнд тавьж хийж гүйцэтгээд байсан учир төмөр замын суурь бүтэц болон үндсэн далан, төмөр замд ямар нэг эвдрэл гэмтэл үүсээгүй" гэв. 

-Түр даланг ямар зориулалтаар тавьдаг вэ? 

-Дэд бүтцийн ажлыг цаг хугацаа алдалгүй тавихын тулд, цааш нь үндсэн далан болон гүүрийг хийж гүйцэтгэхийн тулд тойруулж 1.5 км урттай түр даланг тавьдаг юм. Бид энэ удаа их хэмжээний усыг дайруулж өнгөрөөхийн тулд, нэг ёсондоо үндсэн суурь бүтэц рүү ус оруулахгүйн тулд түр даланг сэтэлж, нэг удаад 16 цаг, дараа нь мөн 18 цаг ажиллаж усыг нэвтрүүлсэн. Зөвхөн энэ хэсэгт орсон уснаас болж, 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг янз бүрийн байдлаар мэргэжлийн бус байдлаар харлуулахгүй байхыг хүсэж байна. 

-Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын ажил ямар гүйцэтгэлтэй байна вэ?

-Далангийн ажил 99.3 хувьтай, хоолой тавих ажил 94 хувьтай, ус зайлуулах 594 хоолой тавьсан, суурийн үеийн ажил 93 хувьтай, гүүрийн ажил 67.9 хувьтай, дээд бүтцийн 50 км төмөр замыг угсарч тавьсан, үндсэндээ төмөр замын доод бүтцийн ажил дуусах шатандаа орж байна. Ингэхдээ бид дээд бүтцийн буюу 350 км төмөр зам тавих ажлыг 3 дугаар сараас зэрэг эхлүүлээд явж байгаа. Энэ бол маш богино хугацаанд хэрэгжүүлж буй, Монгол Улсын түүхэнд бичигдэхүйц төмөр замын бүтээн байгуулалтын технологийн ажил юм гэв. 

Мэдээлэл хийхэд "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн ерөнхий инженер Б.Болор-Эрдэнэ, тус компанийн суурь бүтэц, хяналтын газрын дарга Д.Батзориг, мөн хэлтсийн дарга Ц.Түвшинбаяр, зөвлөх инженер Н.Чинбат нар байлцав. 

Тодруулга: Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлийн төмөр зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгойн нүүрсний ордоос Дорноговь аймгийн Зүүнбаянгийн чиглэлд тавьж буй, 414.6 км урт, 1 өртөө, 6 зөрлөгтэй, 27 гүүртэй төмөр зам юм. 

Тус бүтээн байгуулалтын төслийн захиалагч нь "Монголын Төмөр зам" ТӨХЗ, ерөнхий гүйцэтгэгчээр Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штаб, төмөр замын дээд бүтцийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр УБТЗ ХХН, захиалагчийн хяналтын зөвлөх үйлчилгээг "Тавантолгой төмөр зам" ХХК гүйцэтгэн ажиллаж байна.