2011.01.30

Манай гарагийн нутаг дэвсгэрийг хэт том хотууд

Ирэх 15 жилийн хугацаанд хотжин суурьших буюу төвлөрөх үйл явц асар хурдацтай явагдана гэж шинжээчид үзэж байна. 2025 он гэхэд манай гарагийн нийт хүн амын 60 орчим хувь буюу 4.5 тэрбум хүн дэлхийн хэт том хотуудад амьдрах бөгөөд уг үйл явц хөгжиж буй орнуудад, ялангуяа Хятад, Энэтхэгт илүү эрчимтэй явагдах ажээ

Зөвөлгөө өгөгч “Frost & Sullivan” хэмээх олон улсын компаниас явуулсан сүүлийн үеийн судалгааны дүнгээс үзвэл, 2025 он гэхэд дэлхий дээр 10 саяас дээш хүн амтай ЗО орчим томоохон хот бий болно. Харин одоогийн байдлаар дэлхий дээр 22 ийм хот бүртгэгджээ.
Дэлхийн нийт хүн амын талаас дээш хувь нь хөгжиж буй орнуудын нутаг дэвсгэрт байгаа хэт том хотуудад шилжин суурьших бөгөөд шинжээчдийн таамаглаж байгаагаар, тэдгээр хотуудын Дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ жилд 4,42 хувиар маш хурдацтай өсөх ажээ. Харин хөгжингүй орнуудын хэт том хотуудын ДНБ-ний жилийн өсөлт дөнгөж 1,63 хувь байх гэнэ.
Даяаршлын онолын онолооор бол хэт том хотуудын тоо нэмэгдэх болсон нь гео- эдийн засгийн түгээмэл үзэгдэл бөгөөд энэ нь хямралын нөхцөлд улам бүр хүчээ авсаар байна. Хэрвээ урьд нь даяаршсан хотуудын тухай яригддаг байсан бол харин өдгөө томоохон хотууд ирээдүйдээ тулгарч болзошгүй асуудлуудыг шийдэхийн үүднээс хүрээгээ тэлж, шинээр нутаг дэвсгэрийг “хавсарган нэгтгэхээс” өөр аргагүйд хүрчээ. Энэ нь шинэчлэл, шинэ технологи дээр суурилж байгаа нь мэдээж билээ.

Орчин үеийн эдийн засаг өөрчлөгдөн шинэчлэгдэх явцад, томоохон хотууд холбоо харилцаа, нийтийн аж ахуй болон тээврийн дэд бүтцээ бий болгохдоо зөвхөн шинэ технологи ашиглаад зогсохгүй эдийн засгийн өсөлтийн хүчирхэг шинэ төв болж, дүр төрхөө өөрчлөх ёстой болж байгаа юм.

АНУ шинэ цаг үеийг угтуулан хүн ам болон шинжлэх ухаан-аж үйлдвэрийнхээ үндсэн чадавхийг 14 гол бүс нутагт төвлөрүүлэхээр бэлтгэж байгаа бол Европын холбоо уг зорилгоор 20 хотыг хэдийнэ сонгосон ба тэдгээр хотууд нь нөөцийг үр ашигтайгаар хэрэглэх зорилго бүхий шинэ архитектурын тогтолцоог бий болгох туршилтын талбай болох ажээ.

Харин хятадууд хурдны төмөр замуудыг маш эрчимтэйгээр байгуулж байгаа нь хурдтай хөгжиж буй далайн эрэг хавийн мужуудад үүсч буй хэт том хотуудыг хооронд нь холбох зорилготой юм.

Ингэхдээ ирээдүйн нэгдмэл супер хотууд нь хаяагаа улам бүр тэлсээр байгаа бусад том хотуудтай хийх өрсөлдөөнд тэсэн гарч, дэлхийн хөдөлмөрийн хуваарьт өөрийн гэсэн байр суурийг олох ёстой болж байгаа ажээ.

Дашрамд дурдахад, ийм нөхцөл байдал нь орчин үеийн улсуудын хувьд түгээмэл үзэгдэл болох хүнд суртлын тогтолцоог задлахад дөхөм болох бөгөөд чухамхүү эдгээр супер нутаг дэвсгэр юм уу хэсэг бүлэг нутаг дэвсгэр нь дэлхийн улс төрийн бодлогыг тодорхойлогч гол тоглогчид болох юм..

Дунд зэргийн болон том хотуудын зарим нь мөхөхийг үгүйсгэх аргагүй. Ийм явдал түүхэнд өмнө нь хэдэнтээ тохиолдож байсан билээ. Гэхдээ хаяа тэлэн нийлэгч хотуудын дотроос тэргүүлэгч нь болж чадаагүй орчин үеийн сая хүн амтай хотуудыг харин өөр хувь тавилан хүлээж байж болох юм. Тийм хотуудын эдийн засгийн үндэс доголдсоноор ажилгүйдэл бий болж, амьжиргааны түвшин буурч, нийгмийн дэд бүтцийн чадавх доройтох бөгөөд, хамгийн чадварлаг, эрдэм мэдлэг сайтай хүмүүс өндөр хөгжилтэй нутгууд руу дайжихад хүргэх юм. Үүний сацуу, яахаа мэдэхээ байсан хүмүүс эдгээр хотуудад ирж төвлөрснөөр, эрүүгийн нөхцөл байдал хүндэрч, ингэснээрээ тухайн хотууд аажимдаа хүн ам шигүү суурьшсан ядуусын хороолол болон хувирч байна.

Эрчимтэй хотжих үйл явцын улмаас хэт том хотуудыг хаяа хотууд болон алслагдсан бүс нутагтай холбогч нийтийн тээврийн салбарт асуудал үүснэ гэж шинжээчид үзэж байна. Хотын хүн амын нягтрал их байгаагийн уршгаар замын хөдөлгөөнд хүндрэл, түгжрэл байнга гарах болов. Хотжилт урьд өмнө үзэгдээгүй байгаагүйгээр газар авсан нь хотын ойролцоох нутгуудад нийтийн тээврийн хүрэлцээ хангамж багасахад хүргэжээ.

Түүнчлэн эдгээр хотуудын эрчим хүчний асуудлыг зарчмын хувьд шинээр хэрхэн шийдвэрлэх арга замыг өнөөг хүртэл дэлхий нийтээрээ олж чадаагүй л байна. Сэргээгдэх эрчим хүчний салбарын хөгжил одоогоор хэтэрхий сул байгаагаас хэт том хэмжээний хотуудыг эрчим хүчээр хангах түвшинд хүрээгүй байгааг «Frost & Sullivan» компанийн шинжээчид тэмдэглэжээ.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.