Үйл явдал2 мин унших
Орон сууцны тухай хуулийн өөрчлөлтийг хэлэлцлээ

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Орон сууцны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон үүнтэй холбогдуулан Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Орон сууцны хороолол, түүний дэд бүтцийг төлөвлөх, барьж байгуулахыг төрөөс бодлогоор дэмжиж, энэ ажилд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр хүн амьдрахыг хориглосон орон сууцыг ашиглахыг хориглох, дахин төлөвлөх, оршин суугчдыг түр нүүлгэн шилжүүлэх, хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг зохицуулах шаардлагатайг үндэслэн уг хуулиудын төслийг боловсруулжээ.
Хуулийн төслүүдийг хэлэлцэх явцад амины орон сууцыг хөхүүлэн дэмжиж, зураг төслийг мэргэжлийн байгууллагаар хийлгэх боломжийг судалж үзэх, хүн амьдрахыг хориглосон орон сууцыг буулгах, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажлыг нарийвчлан тусгах, орон сууцны үнийг бууруулах асуудлыг төрөөс дэмжиж, урамшуулах, хот төлөвлөлтийг цогцоор нь шийдэхэд анхаарах, орон сууцны зохицуулалтын асуудлыг зөвхөн нийтийн эзэмшлийн сууцны хүрээгээр хязгаарлахгүй байх зэрэг саналуудыг Байнгын хороогоор өмнө нь хэлэлцэж байх явцад гишүүд онцлон хэлж байсан.
Сэтгүүлч ts8060


