Хотын төвд 2020 он хүртэл газрын зөвшөөрөл олгохгүй
2012.09.28

Хотын төвд 2020 он хүртэл газрын зөвшөөрөл олгохгүй

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга ээлжит бус гуравдугаар хурлаар хэлэлцсэн асуудлуудынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд "Улаанбаатар хотын газрын харилцаа ба барилга хот байгуулалтын харилцаа"-ны талаар хэлэлцэж хэд хэдэн зарчим баталжээ. Хуулийн дагуу 2020 он хүртэлх Улаанбаатар хотын хөгжлийн чигийг батлах хүртлээ нийслэлд газрын зөвшөөрөл олгохгүй гэнэ.

Харин төсөл, сонгон шалгаруулалт, хот тохижилтын ажлуудад л хотын төвийн хэсгийн 1300 га газраас олгох гэнэ. Түүнчлэн газрын харилцааны асуудлыг боловсронгүй болгох хууль, төсөл санаачилж УИХ-д оруулахаар болжээ.

НИТХ-ын дарга Д. Баттулга "Нийтийн эзэмшил, усны ундарга, сургууль цэцэрлэгийн гаднах талбай зэрэг газарт барилга барих ажлын зөвшөөрлийг цуцална. Дээр нь зарим Засаг дарга нарын шугам сүлжээнд холбогдсон газар эрх мэдлээ хэтрүүлэн газар олгосныг нийслэлийн мэдэлд хураан авна. Иргэд хоорондын газрын худалдаанд манай зүгээс хяналт тавина. Холбогдох бичиг баримтыг шалган, хөрөнгө оруулсан байдал зэргийг харгалзан газрын эрхийг шилжүүлэх эсэхийг шийднэ. Хотын кадастрын зураглалыг иргэдэд нээлттэй болгоно" гэсэн юм.

Зөвшөөрөлгүй баригдаж буй барилгуудын асуудал дээр ажлын хэсэг байгуулсан гэнэ. Одоогоор зөвшөөрөлгүй баригдаж буй барилга тус бүр дээр дүгнэлт гарган түүн дээрээ үндэслээд нураах уу, торгох уу гэдгээ шийдэх юм байна. Нөгөө талаас барилга барихад шаардагдах 120 гаруй зөвшөөрлийг цөөлөхийн сацуу барилгын компаниудын хариуцлагыг өндөржүүлэх хэрэгтэй байгааг онцлов.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.