НҮБ-аас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэхэд анхаарна
Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурин зохицуулагч Мишра Тапантай өчигдөр санал солилцлоо.
“Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлд НҮБ, Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллаж байна. Хамтарсан хөтөлбөрийн хүрээнд нэг сая ам.долларын санхүүжилттэй уг төслийн хүрээнд 2020 оныг дуустал эрүүл мэнд, хүмүүнлэг болон нийгэм, эдийн засгийн хариу арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх юм. Энэ хүрээнд Жендэрт суурилсан хүчирхийлэл, Эдийн засаг, Гадаадад гацсан монгол иргэд гэсэн гурван чиглэлд төслөө хэрэгжүүлэх саналаа Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргад танилцууллаа.
Мөн НҮБ-аас Монгол Улсын Засгийн газрын холбогдох байгууллагуудтай хамтран цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг судлан улмаар ирэх 12-18 сарын хугацаанд хариу арга хэмжээ авах стратегийг боловсруулсан байна.
Монгол Улсын Шадар сайд Я. Содбаатар, “НҮБ-ын Хөгжлийн тусламжийн хүрээ” баримт бичгүүдийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар анхаарч ажиллана гэлээ.
Мөн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаад улс, олон улсын болон донор байгууллагуудын үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээтэй уялдуулж ажиллахаа ч Монгол Улсын Шадар сайд тодотголоо гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв.