Ж.Сүхбаатар: Намрын чуулганаар Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэнэ
2020.08.17

Ж.Сүхбаатар: Намрын чуулганаар Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэнэ

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, гаргасан шийдвэрээ танилцууллаа. 

Өнөөдрийн ээлжит бус чуулганаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байгаа. Энэ хуулийн төсөл дээр УИХ-ын дарга Г.Занданшатар долдугаар сард шийдвэр гаргаж УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатараар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Тэгвэл уг хуулийн төсөлтэй холбоотойгоор Ж.Сүхбаатар гишүүн мэдээлэл өглөө.


Тэрбээр "Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль бол орон нутгийн гол барих үндсэн хууль юм. Үүн дотроос анхаарал татсан хэд хэдэн зүйл бий. Зарчимын зөрүүтэй ч зүйл байна.

Орон нутгийн сонгуулийн ажил эхэлчихсэн явж байна. Энэ хууль гарахаар хуулийн заалт хэзээ хэрэгжих вэ гэдэг асуудал үүсч байгаа. Ер нь бол хуулийн төсөл санаачлагчид 2022 оноос хуулийг дагаж мөрдөхөөр заасан. Мөн нэг заалтыг нь 2024 он гээд заачихсан байсан. Гэхдээ МАН-ын бүлгийн зүгээс ээлжит бус чуулганд багтаан хэлэлцэж дуусгах шийдвэр гаргасан.

Улс төрийн намын үүрэг оролцоо орон нутгийн удирдлагад ямар байгаа тухай асуудал бол нэлээн анхаарал татсан асуудал болж төсөлд суусан. Үүн дээр МАН улс төрийн намын тухай хуулийг намрын чуулганаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. Өнгөрсөн жил хийгдсэн үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн агуулга бол улс төрийн намын санхүүжилт, зохион байгуулалт, үйл ажиллагааг ардчилсан зарчмаар явуулах тухай заасан байгаа. Тэгэхээр орон нутгийн сонгуулийн тухай хуулийн нэлээн хэдэн заалтууд одоо  хэрэгжих боломжгүй байгаа. Тиймээс улс төрийн намтай холбоотой зарим зохицуулалтуудыг улс төрийн намын тухай хууль хэлэлцэх явцад тодруулж авч үзье.

Суманд нам дэвшүүлэхгүй байя гэсэн заалтыг энэ удаад хэлэлцэх шаардлага байхгүй. Хуучин явж ирсэн зохицуулалтаар явья. Одоо тэртээ тэргүй  нэр дэвшүүлэх ажиллагаа суманд явагдаад эхэлчихсэн. Намууд оролцохоо илэрхийлэхээ мэдэгдээд явж байгаа.  Зарчимын хувьд зөрүүтэй зүйлүүд их байгаа. Тиймээс нэгдсэн чуулганы дараа МАН-ын бүлгээр уг асуудлуудыг хэлэлцэнэ. Мөн ажлын хэсэгт гишүүдээс хэдэн зуугаараа санал ирж байгаа"гэв.